Парламентын 20 жилийн архивын баримтыг цахим хэлбэрт шилжүүлнэ
2010.04.16

Парламентын 20 жилийн архивын баримтыг цахим хэлбэрт шилжүүлнэ

УИХ-ын Тамгын газар, БНСУ-ын Олон улсын хамтын ажиллагааны байгууллага /КОИКА/-тай хамтран хэрэгжүүлэх “Монгол Улсын Их хурлын цахим архив” protokol_zurag-2төслийн хэлэлцээрийн протоколд өнөөдөр УИХ-ын Тамгын газрын Ерөнхий нарийн бичгийн дарга Ц.Шаравдорж, БНСУ-ын Олон улсын хамтын ажиллагааны байгууллага /КОИКА/-ын Суурин төлөөлөгч Ли Дунг Гу, Сангийн яамны Зээл тусламжийн бодлого, хамтын ажиллагааны газрын дарга Б.Хүрэнбаатар нар гарын үсэг зурлаа.БНСУ-ын Засгийн газраас энэхүү төслийг хэрэгжүүлэхтэй холбогдуулан төслийн техник-эдийн засгийн үндэслэлийг судлах судалгааны багуудыг ирүүлэн УИХ-ын Тамгын газрын холбогдох хүмүүстэй уулзан, архивын байдалтай газар дээр нь танилцан судалгаа хийсний үндсэн дээр уг төслийн хамрах цар хүрээ, хэрэгжүүлэх төлөвлөгөөг гаргасан юм байна.

Протоколд гарын үсэг зурсны дараа УИХ-ын Тамгын газрын Ерөнхий нарийн бичгийн дарга Ц.Шаравдорж, “Юуны өмнө бидний БНСУ-ын Засгийн газарт санал болгосон төслийг судлан үзэж, урьдчилсан судалгааны багууд ажиллуулж, улмаар төслийг хэрэгжүүлэхээр шийдвэрлэсэн БНСУ-ын Олон улсын хамтын ажиллагааны байгууллага /КОИКА/, ялангуяа Монгол дахь суурин төлөөлөгчийн газрын дарга Ли Дунг Гү болон бусад ажилтнуудад талархал илэрхийлье.УИХ-ын Тамгын газар БНСУ-ын Олон улсын хамтын ажиллагааны байгууллага /КОИКА/-тай олон жилийн хамтын ажиллагааны түүхтэй. Тухайлбал, УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдааны танхимын зарим тоног төхөөрөмжийг шинэчлэх, Тамгын газрын чадавхийг бэхжүүлэх зорилгоор БНСУ-ын Үндэсний Ассамблейн Тамгын газар, номын санд сургаж дадлагажуулах, туршлага солилцуулах, мэдээллийн технологийн сургалтад хамруулах зэрэг ажлыг хамтран зохион байгуулж ирсэн.

“Улсын Их Хурлын цахим архив” төсөл хэрэгжих болсноор бидний хамтын ажиллагаанд бас нэг шинэ түүх нэмэгдэж байна. Энэхүү төсөл нэг жилийн хугацаанд хэрэгжих бөгөөд УИХ-ын цахим архивыг байгуулах, шаардагдах мэдээллийн технологийн тоног төхөөрөмжөөр хангах, цахим архивт шаардагдах мэдлэг чадвар, технологи, аргачлалд суралцах зорилгоор Тамгын газрын холбогдох ажилтнуудыг БНСУ-д сургалтанд хамруулах үндсэн зорилготой хэрэгжих юм.

Энэ төсөл нь УИХ цахим парламент болох эхний шат болно. Төсөл хэрэгжсэний дараагийн шатанд Монгол Улсад байнгын ажиллагаатай парламент үүсэн хөгжсөний 20 жилийн хугацаанд хуримтлагдсан архивын баримт болох 10 мянга орчим хавтас буюу 1.6 сая гаруй хуудас баримтыг цахим хэлбэрт шилжүүлэх, улмаар цахим байдлаар байгууллага, иргэдэд ашиглуулах боломж бүрдүүлэх томоохон ажлуудыг хийж гүйцэтгэнэ.

УИХ-ын цахим архив бий болсноор, “Цахим монгол”, “Төрийн архив, албан хэрэг хөтлөлтийн үйл ажиллагаанд мэдээллийн технологи нэвтрүүлэх” зэрэг үндэсний хөтөлбөрүүдийн хэрэгжилтэд хувь нэмэр болно. Мөн УИХ-ын үйл ажиллагааг олон нийтэд нээлттэй, ил тод болгоход ахиц гарна.. Мэдээллийн технологийн ололтыг ашиглан байгууллага, иргэдэд шуурхай үйлчлэх боломж бүрдэнэ” гэлээ гэж УИХ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.
0ЭКСПЕРТсэтгэгдэл
Сэтгэгдэл оруулахын тулд та хэрэглэгчийн эрхээр нэвтэрнэ үү.
Экспертүүдийн сэтгэгдэл
Одоогоор сэтгэгдэл нэмэгдээгүй байна.