2023.11.07

Б.Баттөмөр: Ер нь иргэдээсээ юм харамлаж болохгүй

МАН-ын бүлэг тэтгэврийг ирэх хавар 100 мянгаар нэмэх шийдвэр гаргасантай холбогдуулан УИХ-ын гишүүн Б.Баттөмөрөөс тодрууллаа.

УИХ-ын гишүүн Б.Баттөмөр:

-Ирэх жилийн төсөвт тэтгэврийг 10 хувь нэмэгдүүлнэ гэж тусгасан. Харин тэрийгээ нэмээд 100 мянга болгоё гэдэг саналыг Ерөнхий сайд оруулсан. Би дэмжиж байна. Манай ахмадууд бол баялаг бүтээсэн хүмүүс шүү дээ. Тухайн үед тэтгэвэр нь бага тогтоод, өнөөдөр бага тэтгэвэр авч байна. Тиймээс бага тэтгэвэртэй хүмүүсийг илүү харж үзэх хэрэгтэй. Бүгдийг нь100 мянгаар нэмэх үү эсвэл бага тэтгэвэртэй дээр нь илүү нэмээд, өндөр тэтгэвэртэй дээр бага нэмэх үү гэдгийг ярилцах ёстой.

Ер нь иргэдээсээ юм харамлаж болохгүй. Монголын хөгжлийн потенциал асар өндөр шүү дээ. Маш их хэмжээний боломж байна.

Зөвхөн энэ оны 9 сарын байдлаар төсөв төлөвлөснөөс 2 их наядаар давж байна. Энэ бол нүүрсэн дээр хийсэн менежментийн үр дүн. Биржийн хуулийг дагаад бүс нутгийн үнээр нь нүүрсээ зардаг болсонтой холбоотой. Тиймээс тэтгэвэр, тэтгэмжийг нэмэх боломж гарч ирсэн. Ямар ч байсан тэтгэврийг нэмнэ.

Өмнө нь 10 хувь нэмэхэд 370 тэрбум хэрэгтэй гэж байсан. Харин одоо 100 мянгаар нэмэхэд 600 орчим тэрбум төгрөг хэрэгтэй болж байна. Ийм боломж нь ч бий.