УИХ-ын гишүүн П.Алтангэрэл ураны салбарынхантай уулзав
2010.04.19

УИХ-ын гишүүн П.Алтангэрэл ураны салбарынхантай уулзав

‘’Цөмийн энергийн агентлаг болон ураны салбарт үйл ажиллагаа явуулж байгаа компаниудын төлөөлөлтэй УИХ-ын гишүүд өнөөдөр уулзлаа.altangerel_p_hural Жилийн өмнө УИХ-аас батлан гаргасан Цацраг идэвхт бодисын талаар төрөөс баримтлах бодлого, Цөмийн энергийн тухай хууль амьдрал дээр хэрхэн хэрэгжиж байгаа болон хуулийг хэрэгжүүлэхэд гарч буй хүндрэлийн талаар уг салбарынхны санал бодлыг сонсохыг хүссэн гэдгээ УИХ-ын гишүүн П.Алтангэрэл уулзалтыг нээж хэлсэн үгэндээ онцлов.

Шинээр хэрэгжээд байгаа энэ хуулийн зорилт нь Монгол Улсын нутаг дэвсгэрт цацраг идэвхт ашигт малтмал болон цөмийн энергийг энхийн зорилгоор ашиглах, цөмийн болон цацрагийн аюулгүй байдлыг хангах, хүн ам, нийгэм, байгаль орчныг ионжуулагч цацрагийн сөрөг нөлөөллөөс хамгаалахтай холбогдсон харилцааг зохицуулахад оршино гэж заасан байгаа.   

УИХ-ын гишүүн П.Алтангэрэл  уулзалтын зорилгоо Цөмийн энергийн тухай хууль хэрэгжих явцад тохиолдож байгаа зарим бэрхшээлтэй асуудлын талаар мэргэжлийн хүмүүс, хөрөнгө оруулагчид болон тухайн салбарт ажилладаг компаниудын удирдлагуудын  санал бодлыг нь сонсож, цаашид тус хуульд нэмэлт өөрчлөлт  оруулсан тохиолдолд чухам ямар өөрчлөлт тусгах шаардлагатай байгаа талаар мэдээлэл солилцох явдал гэж тодорхойлсон.

УИХ-аас өнгөрсөн оны долдугаар сард Цөмийн энергийн тухай хуулийг баталж, энэ хугацаанд Цөмийн энергийн газар 18 аж ахуйн нэгжийн 135 тусгай зөвшөөрлийг шинэчлэн олгожээ. Мон-Атом компанийн удирдлагын хэлснээр бол гадаадын хөрөнгө оруулагчдын хувьд хуулийн таатай орчин бүрдээгүй гэлээ. Тиймээс хууль батлагдсанаас хойшхи  хугацаанд хөрөнгө оруулагчдын зүгээс цацраг идэвхт ашигт малтмалын ордыг ашиглах тал дээр санаачлага гарган, идэвхтэй ажиллахгүй байгаа. Мөн бэлэн байгаа орд газруудаа эдийн засгийн эргэлтэд оруулах тал дээр төр идэвхи санаачлагатай ажиллах шаардлага байгааг тэмдэглэв.

Зарим геологичид  “Лиценз эзэмшигч нь цацраг идэвхт ашигт малтмалын орд газрыг өөрийн хөрөнгөөр илрүүлсэн нөхцөлд түүнийх нь 34 хувийг төр шууд эзэмшинэ гэсэн заалт нь өөрөө хөрөнгө оруулагчдыг үргээсэн заалт гэж шүүмжилж байлаа. Эрсдлээс нь төр үүрэлцэхгүй хэрнээ ашиглалтаас нь хувь хүртэх гээд байгаа нь хэтэрхий хатуудсан заалт гэж үзэж байгаагаа илэрхийлсэн. Түүнчлэн Цөмийн энергийн тухай хуульд зөвхөн лиценз олголт, ашиглалт хоёрын зохицуулалтыг л хийснээс биш цацраг идэвхт ашигт малтмалын ашиглалтын аюулгүй байдлыг харгалзан үзээгүй. Хайгуул хийхээс эцсийн бүтээгдэхүүн болгох хүртэлх  хугацааны аюулгүй байдал хангагдаагүй гэж үзэх  ч хүн байлаа. Тэр дундаа цацраг идэвхт ашигт малтмалын орд газрын 51, 34 хувийг төр эзэмшсэнээр аюулгүй байдалд нь хяналт тавина гэж үзвэл бүтэхгүй. Тиймээс цаашид  шинэчлэн найруулж,  засвар оруулах хуульдаа тухайн  заалтыг оруулж, хөрөнгө оруулагч талын эрх ашгийг хөндөхгүйгээр тусгах шаардлагатайг тэмдэглэлээ.

УИХ-ын гишүүд мэргэжлийн хүмүүсийн санал бодлыг анхааралдаа авч  байгаагаа илэрхийлээд, ойрын үед энэ чиглэлээр хэд хэдэн уулзалт хийхээр төлөвлөж байгаагаа мэдээллээ. Гишүүд дараагийн уулзалтаа Цөмийн энергийн газрынхантай тусад нь хийхээр товлосон байна.
0ЭКСПЕРТсэтгэгдэл
Сэтгэгдэл оруулахын тулд та хэрэглэгчийн эрхээр нэвтэрнэ үү.
Экспертүүдийн сэтгэгдэл
Одоогоор сэтгэгдэл нэмэгдээгүй байна.