Монгол Улсын цагдаагийн байгууллагын тухай хууль шинэчилсэн төсөл дэмжигдлээ
2010.04.23

Монгол Улсын цагдаагийн байгууллагын тухай хууль шинэчилсэн төсөл дэмжигдлээ

Монгол Улсын цагдаагийн байгууллагыchuulgan_02н тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл болон Монгол Улсын цагдаагийн байгууллагын тухай хуулийг хүчингүй болсонд тооцох тухай, Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх тухай хуульд нэмэлт оруулах тухай, Галт зэвсгийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Согтуурах, мансуурах донтой өвчтэй этгээдийг захиргааны журмаар албадан эмчлэх, албадан хөдөлмөр хийлгэх тухай хуульд өөрчлөлт оруулах тухай, Согтууруулах ундаа хэтрүүлэн хэрэглэсэн этгээдийг албадан эрүүлжүүлэх тухай хуульд өөрчлөлт оруулах тухай, Төрийн тусгай хамгаалалтын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай” хуулийн төслүүдийг хэлэлцэх эсэх тухай танилцуулгыг ХЗДХ-ийн сайд Ц.Нямдорж гишүүдэд сонсголоо.

хуралдааны үеэрх гишүүдийн асуултад ЦЕГ-ын дарга Ц.Сандаг-Очир хариулсны дараа УИХ-ын гишүүн Ц.Сэдванчиг асуулт тавьсан.

Тэрээр цагдаагийн 30 сарын хугацаатай тэтгэмжийг хэрхэн яаж олгох тухай сонирхоход, Хууль зүй, дотоод хэргийн сайд хариулахдаа, хоёр хувилбар байгаа үүнийг цаашид тодорхой болгоно гэлээ.

Я.Батсуурь гишүүн асуухдаа, цагдаагийн байгууллага нэр хүнд муутай байгаа. Авлига, ёс зүйн асуудлаар шүүмжлэлд нэлээд өртдөг. Тэгэхээр хуулинд тэдний ёс зүйн талаар яаж тусгаж байна вэ хэмээв. Түүнчлэн хэрэг, зөрчил гарахаас урьдчилан сэргийлэхээс илүү гарсан хойно нь хэргийг илрүүлсэн хэмээн төсвөөс илүү зарлага гаргаж суугааг юу гэх вэ гээд энэ талаар гадаадын байгууллагын жишээг татлаа. Хууль зүй, дотоод хэргийн сайд үүнд хариулахдаа, өнгөрсөн жил хэд хэдэн аймгийн Цагдаагийн газрын даргад шийтгэл ногдуулсан. Цаашид ч арга хэмжээг хариуцлагатай болгоно гэлээ. Мөн цагдаа, онцгой байдлыг хамарсан төсөл хэрэгжих гэж байна, бас нэг төсөл байгаа. Энэ 2-ыг хэрэгжүүлвэл нийслэлийн замын цагдаагийн ажил нэлээд зүгшрээд явах ёстой. Улаанбаатар хотын замын цагдаагийн хяналт гайгүй болох байх. Дархан-Уул аймагт ч бас төсөл хэрэгжих боломжтой гэлээ. Өнгөрсөн долоо хоногт хоёр ноцтой хэрэг гарсныг цагдаагийнхан шинэ техник хэрэгслээ ашиглан шуурхай сайн илрүүлсэн. Энэ юу харуулж байна вэ гэвэл ажиллах нөхцлийг нь сайн бүрдүүлвэл хэрэг илрүүлэлт сайн байна гэсэн үг юм хэмээн хариулж байлаа. Энэ үеэр Я.Батсуурь гишүүн хариултдаа хангалтгүй хариу авлаа хэмээн дахин тодруулга хүсэхэд сайд Ц.Нямдорж, Замын цагдаагийн торгодог байдлын талаар тайлбарлан хэлсэн.

Хурал даргалж байсан УИХ-ын дэд дарга Н.Энхболд мөн цагдаагийн тавьдаг торгуулийн талаар тодруулж асуусан. ЦЕГ-ын дарга Ц.Сандаг-Очир үүнд хариулахдаа, нэг хэсэг торгууль шийтгэлийн талаар их ч ярьдаг байсан. Гэхдээ энэ бол иргэн хүнийг хууль журмаа биелүүлээд явах үүднээс нь журам сахиулж буй хэрэг бөгөөд албаар торгоод, мөнгө төгрөг цагдаа нар аваад завшаад байгаа зүйл үгүй хэмээн хариулсан.

УИХ-ын гишүүн Ж.Энхбаяр асуухдаа, цагдаагийн байгууллагын даргыг Ерөнхий сайд мэдэж томилдог, орлогч болон бусад томилгоог ЦЕГ-ын дарга өөрөө томилдог. Тэгэхээр үүнийг Хууль зүй, дотоод хэргийн сайд л мэдээд томилж болохгүй юу гэсэн.

Үүнийг харин сайд Ц.Нямдорж сайшаагаад одоогийн энэ хуулийн төсөл дээр иймэрхүү нөхцөл бий болгох үүднээс хийж оруулж байгаа гэв.

Ш.Сайхансамбуу гишүүн, хуулийн төслийг ерөнхийд нь гүйлгэж харлаа. Зарим нэг ерөнхийлөн тусгасан юм байна гэв. Тухайлбал, манай одоогийн цагдаагийн дарга нар чухам ямар нөхцөлд байна вэ гэвэл, хэрэг гарсан ч тэнд газар дээр нь явж л байдаг. Ямар ч хамгаалалт энэ тэр байхгүй, би ер нь бодохдоо цагдаагийн даргын эрх, үүргийг нэлээд нэмэх нь зүйтэй гэж боддог. Энэ хуулийг нэгэнтээ шинэчлэн найруулах гэж байгаа бол ЦЕГ-ын даргын эрх, үүргийг тодорхой сайн тусгаж оруулж өгөх хэрэгтэй гэлээ. Түүнчлэн цагдаагийн техник, хэрэгслийг шинэчлэхэд санаа тавих нь чухал гэв. Сумын цагдаад малчин малаа алдсан тухай хэлээд ч нэмэргүй, цагдаа унаа муутай явган юм чинь хэмээн гишүүн хэлж байсан. Унаажуулах, нисдэг тэрэгний асуудлыг ч оруулъя гэж байв. Хэрэг удаашруулдаг, удаан шийддэг асуудлыг анхаарах, галт зэвсгийг цэгцлэх тухай тусгах, байгаль орчны цагдаагийн тухай ч энд орхигдсон юм биш үү гэсэн.

Ц.Нямдорж сайд хариулахдаа, цагдаагийн байгууллагын тусгай хамгаалалтын тухай ярьж байна, гишүүд үүн дээр ярих байлгүй дээ. Яг өндөр хэмжээнд хамгаалалт энэ тэр яригддаг газар бол Дээд шүүхийн даргын хангамж байдаг юм гэлээ. Мөн цагдаагийн техник, хэрэгслийн талаар гишүүд хөндсөнийг сайшааж байсан.

Гишүүдийн асуулт дууссаны дараа Хууль зүйн байнгын хорооны санал, дүгнэлтийг гишүүн Ж.Сүхбаатар танилцуулсан. Үүнтэй холбогдуулан УИХ-ын гишүүд санал бодлоо хэллээ.

Х.Тэмүүжин гишүүн дөрвөн санал байгаагаа хэлээд уул уурхай хөгжиж байгаа өнөө үед цагдаагийн байгууллагын харуул хамгаалалтын талаарх асуудал маш чухал гэж байв. Дараа нь цагдаагийн дотоод хяналтын талаар тэрээр хөндсөн. Энд концепцийн зөрүү байна гэлээ. Мөн хэв журам, мөрдөх алба хоёрыг салгаж байгаа бол одооноос тов тодорхой оруулах, мөн цагдаатай холбоотой санхүүжилт, төсөвтэй холбоо бүхий мөнгө хоёрыг бас салгаж ялгах хэрэгтэй байна, төсвийн зохицуулалт дээр ийм зүйлийг том өөрчлөлт гэсэн утгаар нь шийдэхийг зорих хэрэгтэй гэлээ.

УИХ-ын гишүүн Ж.Сүхбаатар хэлэхдээ, тухайн орон нутаг дахь иргэдийн гомдол саналаар цагдаа юу хийвээ гэдэг их чухал.

Х.Тэмүүжингийн хэлснээр иргэний цагдаагийн асуудал маш хэрэгтэй. Гэтэл энэ хууль дээр хуучинсаг байдал их үнэртэж байна. Цагдаагийн байгууллага иргэдэд хэрхэн үйлчлэх вэ гэсэн шинэлэг байдал дээр нь их ажиллах байжээ гэлээ. Мөн энэ хуулийн төсөл холбогдох бусад хуультайгаа хэрхэн холбоо уялдаатай болсныг тэрээр тодотгохыг хүссэн.

Ш.Сайхансамбуу гишүүн хэлэхдээ, цагдаагийн байгууллагын хуулийг жинхэнэ утгаар нь сайжруулах тал дээр өндөр ач холбогдол өгч буйгаа илэрхийлээд, төсөл боловсруулахдаа Ажлын хэсэгт улиг болсон хэдэн хүн оруулдагаа болиоч гэж байв. Арай өргөн утгаар нь хандах нь дээр гэж ярилаа. Тэрээр цагдаагийн техник хэрэгсэл сайн байх хэрэгтэйг дурдаад ялангуяа нисдэг тэрэг цагдаад хамгийн чухал гэж хэлсэн.

Ингээд энэ хуулийн төслийг хэлэлцэх эсэхээр санал хураахад гишүүдийн 90,7 хувь нь дэмжиж, анхны хэлэлцүүлэгт бэлтгүүлэхээр Хууль зүйн байнгын хороонд шилжүүлэхээр боллоо.
0ЭКСПЕРТсэтгэгдэл
Сэтгэгдэл оруулахын тулд та хэрэглэгчийн эрхээр нэвтэрнэ үү.
Экспертүүдийн сэтгэгдэл
Одоогоор сэтгэгдэл нэмэгдээгүй байна.