Сангийн сайд гурван хууль, нэг тогтоолын төсөл өргөн барилаа
2010.04.23

Сангийн сайд гурван хууль, нэг тогтоолын төсөл өргөн барилаа

УИХ-ын гишүүн, Сангийн сайд С.Баярцогт Засгийн газраас санаачлан боловсруулсан гурван хууль, нэг тогтоолын төслийг УИХ-ын дарга Д.Дэмбэрэлд өнөөдөр үдээс хойш өргөн барилаа. bayartsogt_huuli

Чойр-Сайншанд-Замын-Үүдийн чиглэлийн босоо тэнхлэгийн авто зам барихаар Монгол Улсын Засгийн газар Азийн хөгжлийн банктай 43.1 сая ам.долларын хөнгөлөлттэй зээлийн хэлэлцээр, Мянганы сорилтын корпорациар дамжуулан үйл ажиллагаагаа хэрэгжүүлж буй АНУ-ын Засгийн газартай 79.7 сая ам.долларын буцалтгүй тусламжийн гэрээ байгуулаад байгаа. Энэ зам баригдсанаар Азийн авто замын сүлжээний манай улс дахь замын хэсэг бүрэн хатуу хучилттай болох юм байна. Гэвч уг замын Замын-Үүд хүртэлх 61.8 км замын ажлыг төсвийн хөрөнгөөр санхүүжүүлэхээр төлөвлөсөн ч эдийн засгийн хямралаас болоод улсын төсвөөс санхүүжүүлэх боломжгүй болжээ.

Иймээс Азийн хөгжлийн банк “Бүс нутгийн авто замыг хөгжүүлэх төсөл-нэмэлт”-ийн хүрээнд найман сая ам.долларын хөнгөлөлттэй зээл, 16 сая ам.долларын буцалтгүй тусламж олгохоор Засгийн газартай тохиролцсон тул уг Санхүүжилтийн гэрээг хуульд заасны дагуу УИХ-аар соёрхон батлуулах шаардлагатай байгаа аж.

Мөн Уньт-Мөрөнгийн чиглэл, Уньт-Тариалангийн хооронд авто зам барих төслийг хэрэгжүүлэх тухай Монгол Улс, Арабын эдийн засгийн хөгжлийн Кувейтын сангийн хооронд байгуулсан зээлийн гэрээ, “Биокомбинат” төрийн өмчит үйлдвэрийн газрыг иж бүрэн шинэчлэх зорилгоор 25 сая ам.долларын хөнгөлөлттэй зээл олгох Санхүүгийн хамтын ажиллагааны ерөнхий хөтөлбөр байгуулах тухай Монгол Улсын Засгийн газар, БНУУ-ын Засгийн газар хоорондын хэлэлцээрийг тус тус соёрхон батлах тухай хуулийн төслийг боловсруулсан байна.

Манай орны хувьд гадаад худалдаа болон төсвийн тэнцлийн алдагдлыг гадаадаас зээл, тусламж авах замаар нөхөж байгаа ч сүүлийн жилүүдэд төсвийн алдагдлыг санхүүжүүлэхэд дутагдаж байгаа эх үүсвэрийг эдийн засаг дахь сул чөлөөөтэй мөнгөн хөрөнгийг ашиглан Засгийн газрын үнэт цаас гаргах замаар бүрдүүлж байгаа нь хамгийн оновчтой арга хэрэгсэл гэж Засгийн газар үзэж байгаа аж. Иймээс өнгөрсөн онд төсвийн алдагдлыг санхжүүжүүлэх, улирлын шинж чанартай орлогын дутагдлыг нөхөх зорилгоор Монголбанкинд 230 тэрбум төгрөгийн үнэт цаас арилжаалжээ. Энэ үндсэн дээр 2010 оны төсвийн жилд 170 тэрбум хүртэлх төгрөгийн Засгийн газрын үнэт цаас гаргаж арилжаалахыг зөвшөөрөх тухай УИХ-ын тогтоолын төслийг Засгийн газраас санаачлан боловсруулжээ. Эдийн засаг дахь сул чөлөөтэй мөнгөн хөрөнгийг эргэлтэд оруулах нь мөнгөний нийлүүлэлтийг зохицуулах хэрэгсэл болохын зэрэгцээ хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлэх, үнэт цаасны зах зээлийн үйл ажиллагааг идэвхжүүлэх зэргээр эдийн засгийн өсөлтөд эерэгээр нөлөөлөх, түүнчлэн төсвийн зардал санхүүжилтийг цаг хугацаанд нь саадгүй гүйцэтгэх ач холбогдолтойг Сангийн сайд онцоллоо.
0ЭКСПЕРТсэтгэгдэл
Сэтгэгдэл оруулахын тулд та хэрэглэгчийн эрхээр нэвтэрнэ үү.
Экспертүүдийн сэтгэгдэл
Одоогоор сэтгэгдэл нэмэгдээгүй байна.