Б.Бат-Эрдэнэ: Хөрс, бэлчээрээ авч үлдэхийн тулд 71 сая малыг 25 сая болгох шаардлагатай
2023.12.04

Б.Бат-Эрдэнэ: Хөрс, бэлчээрээ авч үлдэхийн тулд 71 сая малыг 25 сая болгох шаардлагатай

Арабын Нэгдсэн Эмират Улсын Дубай хотноо зохион байгуулагдаж буй Уур амьсгалын өөрчлөлтийн асуудлаарх дэлхийн удирдагчдын дээд түвшний уулзалт гурав дахь өдрөө үргэлжилж байна. БОАЖ-ын сайд Б.Бат-Эрдэнэ энэ хуралд оролцож байна.

-Уур амьсгалын өөрчлөлтийн эсрэг улс орнууд ямар ажил хийж байна вэ? Сайн туршлагаа танилцуулсан уу?

-Уур амьсгалын өөрчлөлтийн эсрэг тэмцэлд ялсан улс алга байна. НҮБ уур амьсгалын өөрчлөлтөд хүн төрөлхтөн ялагдаж байна гэдгийг зарлалаа. Уур амьсгалын өөрчлөлтийн эсрэг юу хийх вэ гэж ярьдаг байсан бол одоо үүнд хэрхэн дасан зохицох тухай ярьж байна.

G77-ийн бүлэг буюу хөгжиж буй орнуудын бүлэг гэж бий. Энэ бүлгийн хуралдаан өнөөдөр болоход уур амьсгалын өөрчлөлтийн улмаас бий болсон хохирлыг онцоллоо. Африкийн орнууд нэг тэрбум ам.долларын хохирол учирсан гэв. Хохирол жилээс жилд өсөж байгаа тул нөхөн төлбөрийн асуудлыг ярьж байна. Гарз, хохирлын санг өнгөрсөн онд байгуулсан ч хандивлагчид дорвитой хувь нэмэр оруулсангүй. Хандивлагчид буюу өндөр хөгжилтэй орнууд амласандаа хүрсэнгүй.

Монгол Улс Парисын хэлэлцээр, Биологийн олон янз байдлын гэрээ, Уур амьсгалын конвенц зэрэгт нэгдэн орсон.

Мөн улс орнууд шинэ конвенц санаачилсаар байна. Гэсэн ч уур амьсгалын өөрчлөлт явагдсаар л байна. Энэ онд байгалийн гамшигт үзэгдэл их боллоо. БНТУ-д газар хөдөлж, 40 мянган хүн амиа алдсан. Үер, ган, хөрсний доройтол олон оронд нүүрлэв. Иймд уур амьсгалын өөрчлөлтөд дасан зохицох асуудлыг яаравчлах хэрэгтэй гэв.


Манай улсын хувьд 2050 он гэхэд агаарын хэм 2.6 градусаар дулаарна.

Хүлэмжийн хийн ялгарлыг бууруулахын тулд улс бүр үндэсний хувь нэмрээ тодорхойлсон. Өндөр хөгжилтэй орнууд сэргээгдэх эрчим хүчний шилжилтийг яаралтай хийхийг уриалав. Ногоон устөрөгчийн эрчим хүчний асуудлыг хөндлөө. Хурлыг зохион байгуулагч улс болох АНЭУ сэргээгдэх эрчим хүчээр дэлхийд тэргүүлдэг. Тэд энэ туршлагаа дэлхий нийтэд танилцуулав.

Улс орнууд ногоон технологийн, эрчим хүчний шилжилтийг онцоллоо. Уур амьсгалын өөрчлөлттэй холбоотойгоор үндэсний бодлогыг хэрхэн тодорхойлох, нүүрстөрөгчийн татварыг хэрхэн тавих, илүү их нүүрстөрөгч ялгаруулдаг хэрэглэгчийг хэрхэн үүрэгжүүлэх вэ гэх мэт асуудлыг хуралд оролцогчид хөндлөө. Шинэ татвар бий болгосноор хувийн хэвшилд дарамт учирч болзошгүйг онцоллоо.

-Уур амьсгалын өөрчлөлттэй холбоотой тоо баримтуудаас дурдана уу.

-Урьдчилан сэргийлэхэд зарцуулсан нэг ам.доллар бүр 10 ам.долларын хохирлоос хамгаална. Манай улсын хувьд 2050 он гэхэд агаарын хэм 2.6 градусаар дулаарна. Цаг уурын өөрчлөлтийн нөлөөллийн эрсдэлийн судалгааг хийхэд ийм үр дүн гарсан. Мөн манай хүйтний улирал 8-36 хоногоор багасна, хуурайшилт ихэснэ. Хуурайшилт ихэссэнээр аадар борооны давтамж нэмэгдэнэ. Энэ нь байгалийн гамшгийн давтамжийг нэмэгдүүлнэ. Бусад улсууд ч үүнтэй ижил бэрхшээл тулгарч байгааг ярилаа.

-Манай улсад цөлжилт ямар хэмжээнд байна вэ?

-Нийт газар нутгийн 76 хувь нь цөлжсөн. Хөрсний, биологийн олон янз байдлын доройтлын улмаас бид 2 их наяд төгрөгийн үнэ бүхий хөрсөө алдсан. Хөрсийг эргэн сэргээх их хэцүү. Хөрсний тухай ярихаар цэвдэг, усны, усан сангийн тухай ярихаас аргагүй. Эдийн засгийн судалгаа хийхэд зөвхөн хөрсний доройтлын улмаас хоёр их наяд төгрөгийн хохирол учирсан.


Манай хүйтний улирал 8-36 хоногоор багасна, хуурайшилт ихэснэ. Хуурайшилт ихэссэнээр аадар борооны давтамж нэмэгдэнэ.

Цэвдгийг мөнгөөр үнэлэх боломжгүй. Өмнөговь, Дундговь, Дорноговь, Говьсүмбэр, Сүхбаатар аймагт цэвдгээ бүрэн алдаж дууссан. Энэ хэвээр явбал бид 2050 он гэхэд нийт цэвдгийнхээ 30-60 хувийг алдах эрсдэл бий. Энэ маш өндөр тоо. Цэвдэг буурснаар гүний ус, ойн болон усан санд сөргөөр нөлөөлнө.

Уур амьсгалын өөрчлөлт чимээгүй тахалтай ижил, олон хүний амьдралд чимээгүй нөлөөлсөөр байна. Хөгжиж буй орнууд уур амьсгалын өөрчлөлтийн хохирогч болсон тул Гарз, хохирлын сантай хамгийн ойр хамтран ажиллах шаардлагатай.

-Хүлэмжийн хийг бууруулахын тулд салбар бүр тодорхой үүрэг хүлээсэн. Одоо манай улсын аль салбарынхан хүлэмжийн хийг хамгийн их ялгаруулж байна вэ?

-Хөдөө аж ахуйн салбар нийт хүлэмжийн хийн 52 хувийг дангаараа ялгаруулж, араас нь эрчим хүч, барилгын салбар орно. Бэлчээрийн даац хэтэрсэн. 71 сая малаа шийдэх цаг болсон. 25 сая болгон малаа цөөрүүлж, эрчимжүүлсэн мал аж ахуй руу шилжих шаардлагатай.

Монгол бол хөндөгдөөгүй, сэрүүн бүсийн цөөн улсын нэг. Гэвч хөндөгдөх магадлал маш өндөр байна. Иймд байгаль хамгааллын санхүүжилтийн тогтвортой хөтөлбөр боловсруулахаар 2022 онд баталсан. Ирэх оны эхний улиралд багтаан эхний алхмуудаа хийнэ. Засгийн газрын хуралдаанд Сангийн сайд энэ асуудлыг оруулан танилцуулсан. Байгаль хамгааллын итгэлцлийн сан байгуулж, 70 сая ам.долларын буцалтгүй тусламжийг гаднын орнуудаас авна. Байгаль хамгааллын тогтолцоог бие даасан болгоход анхаарна. Хүн төвт, байгаль хамгааллын тогтолцоо бүрдүүлнэ.

-Манай улсын уур амьсгалын өөрчлөлттэй дасан зохицох, үндэсний төлөвлөгөөг хэзээ, хэн батлав. Үүнд ямар заалтууд туссан бэ?

-2018-2022 оны тайланг гаргаад дууссан. Манай улс хүлэмжийн хийгээ 2010 оны суурь үзүүлэлтээс 22.7 хувиар буюу 86 сая тонноор бууруулах зорилт дэвшүүлсэн. Монгол Улс жилд хэдэн тэрбум тонн нүүрсхүчлийн хий ялгаруулдгийг харуулсан тоо, судалгаа байхгүй. Бид тооллогоо статистик мэдээлэлд тулгуурладаг. Хөгжиж буй орнууд 20-30 хувиар бууруулах зорилт дэвшүүлдэг. Цаашид юу хийх вэ гэдгээ эрсдэлд суурилсан стратегиэр тодорхойлно.


Бид 2 их наяд төгрөгийн үнэ бүхий хөрсөө алдсан.

Манай улсын сэргээгдэх эрчим хүчний эх үүсвэр 9, хүртээмж нь 17 хувь байна. 87 хувьд хүргэсэн улс байна. Иймд бид жилийн олон өдөр нартай байдгийг ашиглан сэргээгдэх эрчим хүчний эх үүсвэрээ нэмэх шаардлагатай. Агаарын температур 2.6 градусаар нэмэгдсэнээр газар тариаланд хэрхэн нөлөөлөхийг судалж байна. Уур амьсгалын өөрчлөлт аялал жуулчлалын салбарт л эергээр нөлөөлнө.

-Манай улс Парисын хэлэлцээрээр олон улсын хамтын нийгэмлэгт ямар амлалт өгсөн бэ?

-Энэ хэлэлцээрт хэд хэдэн агуулга бий. Дэлхийн дулаарлыг 1.5 градусаас хэтрүүлэхгүй байх нь бүх орны зорилт. Үндэсний тодорхойлсон хувь нэмэр болох 22.7 хувийг бид өөрсдийн хүчин чадал, нөөцдөө тулгуурлан тогтоосон. тэгэхээр улс бүрийн үндэсний тодорхойлсон хувь нэмэр өөр. Африкийн орнууд маш хүнд байдалд орсон тул 81 хувиар хүлэмжийн хийг бууруулах амлалт өгсөн байдаг. Гэхдээ энэ хэмжээнд хүрээгүй бол хариуцлага хүлээхгүй. Иймд энэ хурлаар шударга байдлын асуудлыг олон төрийн тэргүүн ярьж, нүүрстөрөгчийн татвартай болох талаар ярилаа.

Манай улсад уур амьсгалын өөрчлөлттэй тэмцэх төслүүд хэрэгжиж байна. Жишээ нь БХБЯ-нд Германы талтай хамтран дулааны алдагдалтай орон сууцыг дулаалах төсөл хэрэгжиж байна. Мөн банк санхүүгийн салбарт ногоон зээлийн бүтээгдэхүүнүүд бий болсон. Бид эдгээрийг хүлэмжийн хийн зах зээлд гаргах боломжтой.

-Мэдээлэл өгсөнд баярлалаа.