Байнгын хороо сонгуулийн хуулийн хоёр дахь төслийг дэмжлээ
Төрийн байгуулалтын байнгын хорооны хуралдаанаар Л.Болд, П.Алтангэрэл, Р.Амаржаргал, Г.Баярсайхан, Э.Мөнх-Очир нарын 12 гишүүний санаачилсан Монгол Улсын Их Хурлын сонгуулийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг хэлэлцэв.
Гишүүд уг хуулийн төслийг боловсруулахдаа одоо хүчин төгөлдөр дагаж мөрдөж байгаа сонгуулийн тухай хуулийн ерөнхий бүтцийг хэвээр хадгалах зарчим баримталсан бөгөөд хуульд шинээр 48 заалт шинээр нэмж, хуулийн 36 заалтыг өөрчлөн найруулж, 11 заалтыг хасч, хуулийн 80 хувьд нь зарчмын болон найруулгын засвар өөрчлөлт оруулж хуулийг бүхэлд нь өөрчлөн найруулсан байна. Хуулийн шинэчилсэн найруулгын төсөл нь 12 бүлэг, 515 заалт бүхий 59 зүйлтэй юм.
Төсөлд УИХ-ын ээлжит сонгуулийн өдрийг сонгуулийн жилийн зургадугаар сарын эхний хагасын аль нэг ням гариг байхаар тогтоож, сонгуулийг томсгосон тойргоор, тойрогт ногдох мандатыг хувь тэнцүүлэн хуваарилах аргыг хэрэглэн зохион байгуулахтай нийцүүлэн ээлжит сонгуулийг УИХ-ын бүрэн эрхийн хугацаа дуусахаас өмнөх 120 хоногийн дотор, сонгуулийн өдрөөс 90-ээс доошгүй хоногийн өмнө товлон зарлаж байхаар тусгажээ.
Мөн Монгол Улсын нийт нутаг дэвсгэрийг тойрогт, тойргийг хэсэгт хуваарилж сонгуулийн газар зүйг тодорхойлж, сонгуулийн ажлын зохион байгуулалтын гол хэлбэр болох тойргийг олон мандаттай томсгосон тойргоор зохион байгуулахаар тусгасан байна. Ингэж томсгосон тойргийг байгуулахдаа тойргуудад хамрагдах хүн амын тоо адил тэнцүү байх зарчмыг баримтлан нийт хүн амыг мандатын тоонд хуваан тойрог байгуулах улсын дундажийг гаргаж, хөдөөд хэд хэдэн аймгийг нэгтгэн сонгуулийн нэг тойрог байхаар, нийслэлд 2-3 дүүргийг нэгтгэн нэг тойрог байхаар зохион байгуулахаар заажээ.
Хэрвээ аймаг, нийслэлийн дүүргийн хүн амын тоо нь тойрог байгуулах улсын дунджаас цөөн байвал зэргэлдээ аймгийн сум, нийслэлийн дүүргийн хороодтой түр нэгтгэн зохицуулж нэг тойрог болгохоор зохицуулсан байна. Мөн сонгогчдыг саналаа өгөх, тэдний саналыг тоолох ажлыг төвлөрүүлэн зохион байгуулах зорилгоор хэсгийг байгуулахдаа сонгогчдыг саналаа гаргах аятай боломж бүрдүүлэх, хэсгийн хороодын ажлын ачааллыг багасгахын тулд нэг хэсэгт хамрагдах сонгогчдын тоог цөөрүүлж суманд 100-1000, аймгийн төвд 2000-3000, нийслэлийн дүүрэгт 2000-4000 хүртэл сонгогчтой байхаар зохицуулалт хийсэн байна. Түүнчлэн сонгуулийн хороодын бүрэлдэхүүнд сонгуульд оролцогч нам, эвсэл, бие даан нэр дэвшигчдийн төлөөллийг оролцуулахаар заасан одоогийн зохицуулалтыг өөрчилж, орон нутаг дахь сонгуулийн хороодыг шүүгчээс бусад төрийн жинхэнэ болон үйлчилгээний албан хаагчдаас бүрдүүлэхээр тусгажээ.
Хувь тэнцүүлэх аргад нийцүүлэн нэр дэвшүүлэх үйл ажиллагаатай холбоотой асуудлыг нам, эвсэл нь тойрогт ногдох мандатын тооноос илүүгүй хүнийг нэр дэвшүүлнэ. Ингэхдээ тухайн нэр дэвшигчид тавигдах үндсэн болон тусгай шаардлагыг хангасан намын гишүүн ба гишүүн бус хүнийг анхан шатны намын байгууллагаас эхлэн шалгаруулах бөгөөд уг асуудлыг намын Их Хурал, эсхүл төлөөллийн төв байгууллагын хуралдаанаар хэлэлцэн нууцаар санал хурааж олонхийн саналаар шийдвэрлэж, олонхийн санал авсан хүний нэрийг цагаан толгойн үсгийн дарааллаар дараалуулна. Харин бие даан нэр дэвшигч нь тухайн сонгуулийн тойрогт хамрагдах засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгжийн хүн амын бүртгэлд бүртгэгдсэн, тухайн засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгжид байнга оршин суугаа 801-ээс доошгүй сонгуулийн эрх бүхий иргэдийн гарын үсгийг зохих маягтын дагуу цуглуулах ба уг маягтад байгаа мэдээллийн үнэн зөвийг тухайн шатны Засаг даргын Тамгын газрын дарга гарын үсэг зурж баталгаажуулж байх зохицуулалтыг төсөлд нэмж тусгасан байна.
Мөн сонгогч нь саналын хуудсанд бичигдсэн, өөрийн сонгохыг хүссэн нэг нам, эвслийн нэрийн өмнөх дугаарыг, мөн тэр нам буюу эвслээс нэр дэвшигчдийн нэрийн жагсаалтаас өөрийнхөө дэмжиж байгаа зөвхөн нэг нэр дэвшигчийн нэрийн өмнөх дугаарыг тус тус, эсвэл нэг бие даан нэр дэвшигчийн нэрийн өмнөх дугаарыг дугуйлахаар тусгажээ. Түүнчлэн УИх-ын гишүүний мандатыг хуваарилахдаа эхлээд сонгуулийн босгоор /хэмжүүрээр/ хуваах аргыг хэрэглээд дараа нь хэрэв тойрогт мандат үлдвэл үлдсэн мандатыг хамгийн их үлдэгдлийн зарчмын аргаар санал хуваагчийг хэрэглэж хуваарилахаар зохицуулжээ. Харин үлдсэн мандатыг хуваарилахад нам, эвсэл, бие даан нэр дэвшигчийн авсан хүчинтэй саналын тоо тэнцвэл Сонгуулийн ерөнхий хороо шодох аргыг хэрэглэхээр, сонгуулийн босгоос олон санал аваагүй нам, эвсэл, бие даан нэр дэвшигчийг гишүүний мандат хуваарилахад оролцуулахгүй байхаар зохицуулсан байна.
Хуулийн төсөлтэй холбогдуулан гишүүн Э.Бат-Үүл, Су.Батболд, Д.Энхбат, Д.Очирбат нар төсөл санаачлагаас асуулт асууж, Ц.Батбаяр, Су.Батболд, Ж.Сүхбаатар, Д.Энхбат. Э.Бат-Үүл нарын гишүүд саналаа хэлэв.
УИХ дахь намын бүлгүүд сонгуулийн хоёр төслийн чухам алийг нь дэмжиж байгаа вэ, яагаад өдий болтол энэ талаархи байр сууриа илэрхийлэхгүй байгаа юм бэ гэсэн гишүүн Д.Энхбатын асуултад АН-ын бүлгийн ахлагч Ч.Сайханбилэг манай бүлэг хоёр төслийг хэлэлцээд аль алинд нь давуу талууд байна гэж үзэж хоёр хувилбарыг харьцуулж саналаа нэгтгэх ажлын хэсэг байгуулсан гэсэн бол МАХН-ын бүлгийн дэд дарга Д.Дондог манай намын бүлэг ч хоёр төслийн аль алийг нь хэлэлцье, хэлэлцүүлгийн явцад бодлогын чанартай гол асуудлуудаа нэгтгэе гэж ярилцаад ажлын хэсэг гаргасан.
Хоёр намаас байгуулагдсан ажлын хэсгүүд ярилцаж саналаа нэгтгээд хуулийн төслийн нэг хувилбар оруулж ирэх юм гэсэн хариулт өгөв. Саналаа хэлсэн гишүүд ч сонгуулийн хуулийг зайлшгүй шинэчлэх шаардлагатайг онцолж байсан бол гишүүн Ц.Батбаяр сонгуулийн одоогийн хуулийн чухам юу нь болохоо байчихсан талаар дүгнэлт гаргаагүй байж хэд хэдэн төсөл гаргаж маргалдах нь буруу юм. Иймээс хоёр төслийн талаар байнгын хорооноос ажлын хэсэг гаргая, гишүүн Д.Энхбат сонгуулийн тогтолцоонд тулгамдаж байгаа хэдэн гол асуудлаа эхэлж тодорхойлсны дараа тэр шаардлагыг төслүүд нь хэр хангаж байгааг ярилцах нь дээр. Ядахдаа намын бүлгүүд өмнөх сонгуулийн хуулийн ямар алдаа мадгийг засахаа шийдсэний дараа төслөө хэлэлцэж бодит амьдралд ойртуулах нь зүйтэй юм гэсэн байр сууриа хэлэв. Ингээд санал хураалгахад байнгын хорооны гишүүдийн олонхи нь төслийг чуулганы нэгдсэн хуралдаанд оруулж хэлэлцүүлэхийг дэмжлээ. Байнгын хорооны энэ удаагийн хурлаар Нутгийн удирдлагын дэд хорооны дүрмийг баталж, УИХ-ын нэр бүхий 22 гишүүнэээс парламентын ордон барих газрын асуудалтай холбогдуулан тавьсан асуудлыг ирэх долоо хоногт намын бүлгүүдээр хэлэлцүүлсний дараа дахин ярилцахаар боллоо.