Н.Энхболд: Тойрог том байх тусмаа Монгол Улсын хөгжилд тустай
УИХ-ын гишүүн, Төрийн байгуулалтын байнгын хорооны дарга Н.Энболдтой ярилцлаа.
-Үндсэн хуульд оруулсан нэмэлт өөрчлөлт болоод Сонгуулийн тухай хуулийн дагуу ирэх хоёрдугаар сарын 01-ний өдрөөс өмнө сонгуулийн тов болоод тойргоо тодорхой болгох ёстой. Энэ ажлыг Төрийн байгуулалтын байнгын хорооноос УИХ-д өргөн барих учиртай. Энэ ажил ямар шатандаа явна вэ?
-Сонгуулийн тов ,тойрог тодорхой болгохоос өмнө СЕХ-ноос сонгогчдын тоог хамгийн сүүлийн байдлаар авч, өмнө нь явуулж байсан судалгаанууд, одоо байгаа нөхцөл байдлын талаар мэдээллүүдийн талаар саналыг нь авдаг. Одоогийн байдлаар СЕХ-ноос саналаа ирүүлэх тухай бичиг хараахан явуулаагүй байна. Ойрын хугацаанд ТББХ-ноос явуулна. Ер нь тойрог, мандатаа яаж хуваарилах нь улс төрийн намууд, УИХ өөрөө шийддэг асуудал. СЕХ-ноос бол ерөнхийд нь саналыг нь сонсож болно. Улс төрийн намуудтай бол тодорхой хэмжээгээр зөвшилцөх шаардлага гардаг. Ялангуяа УИХ-д суудалтай намуудын хувьд энэ талаар намын удирдлагуудтай хоорондоо ярилцаж, санал солилцож байгаа болов уу гэж бодож байна. ТББХ-н дээр албан ёсоор санал орж ирээгүй болохоор нарийн тодорхой хэлэх зүйл алга. Сүүлийн үед зарим гишүүд тойргийн талаар саналууд гаргаж эхэлж байна.
Ер нь бид Үндсэн хуульдаа нэмэлт өөрчлөлт оруулчихсан. Мөн Сонгуулийн тухай хууль, Улс төрийн намуудын тухай хуульдаа өөрчлөлт оруулчсан. Энэ бүхний эцсийн зорилго юу байсан юм гэхээр зүгээр л нэг УИХ-ын гишүүдийн тоог нэмэх тухай асуудал биш шүү дээ.
УИХ-ын явуулж байгаа үйл ажиллагаа, тэндээс гарч байгаа бодлого шийдвэр улс орны, улс төрийн, нийгмийн, эдийн засгийн асуудлуудыг яаж шийдвэрлэж байвал зохистой вэ гэдэг талыг нь бодож, үндэсний аюулгүй байдал, тусгаар тогтнолоо хамгаалах, парламент засаглалыг бэхжүүлэх энэ бүх үзэл баримтлалын хүрээнд Үндсэн хуульд бас нэмэлт өөрчлөлтүүд хийгдсэн. Ер нь бол ямар нэг шийдвэр гаргасан бол дараагийн шийдвэрүүд нь яг логик дарааллаараа тэрэндээ зохицоод явж байх ёстой шүү дээ.Түүнээс биш нэг хууль баталж гаргачихаад дараа нь тэр хуулийнхаа анхны үзэл баримтлалаас зөрчсөн шийдвэрүүд гараад байвал шинээр тулгамдсан шийдвэрлэхэд хүнд асуудлуудыг л бий болгоно. Анх батлагдсан суурь хуультайгаа зөрчөөд олигтой юм болохгүй.
Тиймээс бид нарын барьж байгаа ерөнхий зарчим бол нэгэнт том зорилго тавиад Үндсэн хуульдаа өөрчлөлт оруулчихсан бол түүнийг дагасан дараа дараагийн алхмуудыг хийх ёстой.
-Том тойргоор явагдсан тохиолдолд мөнгөнөөс хамааралтай сонгууль явагддаг гэх шүүмжлэл нэг талдаа гарах байх гэсэн хүлээлт байна?
-Төрийн эрх барих дээд байгууллагынхаа хүрээн асуудлаа шийддэг байх нь улс орон бүрд нэн чухал. Тиймээс УИХ-д улс төрийн намуудын төлөөлөл орж ирж олон үзэл бодол тэнд уралдаж байх ёстой. Тэд парламентын гадна биш дотроо санаа бодлоо уралдуулж байх ёстой. Түүнчлэн сонгуулийн үеэр жижиг тойргууд дээр мөнгөний сонгууль боллоо гэх шүүмжлэл хамгийн их хардлага дагуулдаг. Тогтолцоонд байгаа сөрөг тал нь дараа дараагийн нийгэм, улс төрийн амьдралд сөрөг нөлөө үзүүлдэг болохоор түүнийг шийдэх арга хэмжээ авах ёстой болно. Тухайлбал, мөнгөтэй холбоотой асуудал бий. “Сонгуульд орохын тулд маш их мөнгө зарж байна. Эргээд сонгуульд зарцуулсан мөнгөө олохын тулд албан тушаалаа урвуулан ашиглах гэх мэт авлига, хулгайн бас нэг шалтгаан болж байна” гэж иргэд шүүмжилдаг. Энэ бүхнийг бодолцох ёстой.
Хуульд алдаа байгаа бол Үндсэн хуулийнхаа л үзэл баримтлал агуулгатай нийцүүлэх ёстой шүү дээ. Тухайлбал, УИХ-ын зарим гишүүд “Тойргоо томсгоё, бүүр том болгоё, бүсчилсэн тойрог болгоё” гэсэн санал хэлж байна. Хэдийгэээр гишүүдийн хувь хүний байр суурь боловч цаашлаад намынхаа даргатайгаа зөвшилцөж байж эцсийн шийд гарна.
-УИХ-ын гишүүний хувьд тойргоо хэрхэн зурах ёстой гэж харж байна?
-Хувийн байр сууриа илэрхийлэхэд өмнө нь хэлсэнчилэн логикийн дагуу ар араас нь шийдвэр гаргаж, Үндсэн хуульд оруулсан нэмэлт, өөрчлөлтөө бэхжүүлэх батжуулах ёстой. Тойрог зурах олон хувилбар бий. Тухайлбал, тойргоо бүсчилж хуваавал энгийнээр бодоход бүсийн хэмжээнд мөнгө тарааж УИХ-д сонгогдох гэдэг асуудал байхгүй болно. Хоёрдугаарт бүсчилсэн хөгжлийн асуудлыг яриад 20 гаруй жил болж байна. Олигтой алхам хийгдсэн зүйл байхгүй. Хэрэв тойргоо бүсчилчихвэл нэг сумын, нэг аймгийн асуудал гэхээсээ илүү тухайн бүс нутаг хөгжиж байж Монгол Улс хөгжих асуудал яригдаж эхэлнэ. Хэрэв бүсчилсэн байдлаар сонгуулийн тойргоо тогтвол түүнд тохирсон шийдвэр гаргадаг механизмуудыг хийх ёстой болно. Монгол Улсын Засгийн газраас урт хугацаанд дэвшүүлсэн 2030, 2050 гэсэн зорилтууд, урт хугацааны хөгжлийн бодлогын баримт бичигт туссан зүйлүүдээс тухайн бүс нутаг дээр аль нь яаж хэрэгжих ёстой юм гэдгийг ярьж эхэлнэ.
Нэг аймаг, сумын асуудал биш бүс нутгийн хөгжил, түүнд зориулах төсөв, төсвийн зарцуулалтыг хянах гэх мэт олон зүйл дараалалтай логиктой явах нь зөв байх.
УИХ-д суудалгүй байгаа жижиг намуудын хувьд тойргоо томсгох нь парламентад суудалтай болох боломжийг нь бууруулах эрсдэл өндөр юм биш үү?
Улс төрийн намууд ямар байх ёстой талаар Үндсэн хуульд болоод Улс төрийн намуудын тухай хуульд тодорхой зааж хуульчилсан. Улс төрийн намын бүтэц, зохион байгуулалтыг болоод улс орны хэмжээнд бодлого явуулдаг байх ёстой гэх мэтчилэн нийгмийн хүлээлт хүсэл эрмэлзэл хуульд тусчихсан гэсэн үг. Тэгэхээр энэ талаас нь эхлээд бодох хэрэгтэй . Өөрийн чинь жижиг гэж нэрлээд байгаа намууд ч гэсэн аль болохоор хүрээгээ тэлэх, бодлого боловсруулах, чадавхаа бэхжүүлэх тал дээр анхаарал тавьж ажиллах хэрэгтэй.
Угтаа Үндсэн хуульд нэмэлт өөрчлөлт орсноос хойш намууд энэ чиглэлд анхаарч ажиллаж байгаа гэдэгт итгэлтэй байна. Эрх зүйн хүрээ, зохицуулалт нь өөр болчихсон байхад яг хуучнаараа асуудалд хандах, бодох нам байвал тэгээд хөгжлийн шаардлагаас ухарсан л хэрэг болно.
Эхнээсээ тойргоо томруулах талаар санал гаргаж байгаа болохоор энэ алхамыг хийх нь зөв гэж бодож байна. Тойрог том байх тусмаа Монгол Улсын хөгжилд тустай. Хэрэв жижиг тойргийн тогтолцоотой хэвээр байвал дараа жилээс 126 тойрогт төсөв хуваарилна гэвэл олон хүндрэл тулгарч магадгүй. Тийм учраас Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулсан. Тиймээс дараагийн логик дараалал бүхий алхмаа л хийх ёстой бол хийх л учиртай.