2023.12.14
Төр өөрт байгаа мэдээллийг цаасаар нэхдэг асуудал бүрэн зогсоно
Нийгэм эдийн засгийн бүх салбарт цахим шилжилтийг дараагийн түвшинд хүргэж, инновац, мэдээллийн технологийн дэвшлийг ашиглах боломжийг нээн, хууль хоорондын давхардал, хийдэл, зөрчлийг арилгах зорилгоор 120 хуульд оруулж буй нэмэлт, өөрчлөлтийн төслийг УИХ-ын Инновац, цахим бодлогын байнгын хорооны өнөөдрийн хуралдаанаар эцсийн хэлэлцүүлгийг хийж дууслаа. Ингээд УИХ-ын чуулганы эцсийн хэлэлцүүлгээр орж батлагдахад тун ойртож байна.
Салбарын хуулиудад цахим баримт бичгийг цаасан баримт бичигтэй ижил түвшинд байхаар баталгаажуулж өгснөөр үндэсний цахим шилжилт дараагийн түвшинд шилжих эрхзүйн орчин бүрдэж байгаа билээ.
Хууль батлагдсантай холбоотойгоор авах зарим арга хэмжээний талаар Засгийн газарт чиглэл өгөх УИХ-ын тогтоолын төслийг байнгын хорооны хуралдаанаар мөн баталлаа. Төсөлд:
- Төрийн үйлчилгээг иргэдэд илүү ойртуулахын тулд төрийн цахим үйлчилгээний “Хурдан” цэгийг хороо, сумын байранд байгуулах санаачлагыг миний бие гаргасан. Энэ асуудал тогтоолын төсөлд тусгагдаж бодит ажил болоход тун ойртлоо.
- Хиймэл оюун ухааныг ашиглах хууль эрхзүйн орчныг бүрдүүлэхээр болж байна. Тухайлбал, төрд байгаа мэдээллийг хуульд заасан журмын дагуу мэдээллийн эзнийг тодорхойлох боломжгүй болгосны үндсэн дээр нээлттэй өгөгдөл болгох, нээлттэй өгөгдлийг хиймэл оюун ухааны тусламжтайгаар боловсруулж эдийн засгийн эргэлтэнд оруулах чиглэлийг Засгийн газарт өгнө.
- Мөн Нийтийн мэдээллийн ил тод байдлын тухай хуульд заасан төр өөрт байгаа мэдээллийг хүн, хуулийн этгээдээс нэхэхгүй байх, цахим хэлбэрээр харилцах боломжийг олгосон зохицуулалтыг Иргэний хууль, Эрүүгийн хууль гэх мэт бусад хуульд тусгах,
- Уул уурхайн бус бүтээгдэхүүний экспортыг дэмжих, ДНБ-д мэдээллийн технологийн салбарын эзлэх хувь хэмжээг нэмэгдүүлэх, татварын болон татварын бус дэмжлэг үзүүлэх,
- Цахим шилжилтийн суурь дэд бүтэц болох харилцаа холбооны дэд бүтцийн давхардсан хөрөнгө оруулалтыг багасгах, иргэдийг хөдөлгөөнт интернэтээр тасралтгүй, найдвартай хангах гэсэн чиглэлийг УИХ-аар батлуулахаар бэлтгэж байна.