Ургацын хэмжээ 16.0цн-т хүрсэн нь томоохон ахиц гэлээ
Монгол улсын Засгийн газрын “Атрын гурав дахь аян” тариалангийн хөгжлийн Үндэсний хөтөлбөрийн хүрээнд авч хэрэгжүүлсэн арга хэмжээний үр дүнд өнгөрсөн онд 392,9 мянган тонн үр тариа, 156,0 мянган тонн төмс, 81,4 мянган тонн хүнсний ногоо тус тус хураан авч жилийн хэрэгцээт буудайны 97,0 хувь, төмсний 100.0 хувь, хүнсний ногооны 50.0 хувийг дотоодын ургацаас хангажээ.
“Тариалангийн тухай” хуульд нэмэлт өөчлөлт оруулан улсад болон гурилын үйлдвэрүүдэд тушаасан хүнсний буудайн тонн тутамд урамшуулал олгохыг хуульчилсны үр дүнд өнгөрсөн онд 704 аж ахуйн нэгж, иргэний 209,9 мянган тонн хүнсний буудайнд 10.5 тэрбум төгрөгний урамшуулал олгосон бөгөөд 270.0 мянган га талбайд чанартай уринш бэлтгэсэн байна. Түүнчлэн тариалан эрхлэгч жижиг аж ахуйн нэгж, иргэдийг техник, технологийн үйлчилгээнд хамрагдах боломжийг бүрдүүлэх зорилгоор 11 аймгийн 22 суманд техникээр үйлчилгээ үзүүлэх дундын нэгжийг байгуулснаар 4000 гаруй ногоочдын гар хөдөлмөрийг механикжуулжээ. Ийнхүү “Атрын гурав дахь аян” тариалангийн хөгжлийн Үндэсний хөтөлбөрийн хүрээнд хөдөө орон нутагт 3800 гаруй механикжуулагч, ногоочид ажлын байраар хангагдан, техник, технологийн дэвшил, шинэчлэл нэвтэрч эхэлснээр нэгжээс авах ургацын хэмжээ 16.0цн-т хүрсэн нь томоохон ахиц гэж үзэж байгаа аж.
Харин 2010 онд 282.2 мянган га-д үр тариа, үүнээс 270.0 мянган га-д буудай, 13.2 мянган га-д төмс, 7.1 мянган га-д хүнсний ногоо, 12.2 мянган га-д малын тэжээлийн ургамал тариалж 410.0 мянган тонн үр тариа, 158.5 мянган тонн төмс, 93.3 мянган тонн хүнсний ногоо тус тус хураан авч улсын хэрэгцээт буудай, төмсийг 100 хувь, хүнсний ногооны 60 хувийг дотоодын ургацаас хангахын зэрэгцээ 274.3 мянган га-д чанар сайтай уринш боловсруулж бэлтгэх зорилт тавин хэрэгжилтийг зохион байгуулж байгааг Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайд танилцууллаа.
Мөн ойрын үед шийдвэрлүүлэх шаардлагатай байгаа тулгамдсан асуудлыг талаар мэдээлэл өгсөн. Үүнд, аяны хүрээнд Монгол Улсын Засгийн газраас дотоодын буудай үйлдвэрлэгчидээ дэмжих, санхүүгийн чадавхийг нь сайжруулах, эргэлтийн хөрөнгөтэй болгох зорилгоор Монгол Улсыг хөгжүүлэх санд нөөц хэлбэрээр 80.8 мянган тн, Тариалан эрхлэлтийг дэмжих сангийн эх үүсвэрээс 95.5 мянган тн нийтдээ 176.3 мянган тн буудайг хүнсний хэрэгцээнд нөөцөлсөн байна. Түүнчлэн тариалан эрхлэлтийг дэмжих сангийн эх үүсвэрээс бүрдүүлсэн 1 тонн буудай үнэ 290-330.0 мянган төгрөг буюу дунджаар 307.0 мянган төгрөгийн үнэтэй байгаа бөгөөд 1 тонныг нь 270.0 мянган төгрөгөөр үнэлэн борлуулахаар шийдвэрлэсэн боловч гурилын үйлдвэрүүд ОХУ-аас 200.0-230.0 мянган төгрөгийн үнэтэй импортын буудайг хэрэглэсээр байгаа нь дотоодын буудайн борлуулалтад сөргөөр нөлөөлж байна гэлээ.