ХЭҮК-ын анхны гишүүн Ж.Дашдорж гавьяат хуульч цол хүртлээ
Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх Үндэсний эрх чөлөө, тусгаар тогтнолоо сэргээн мандуулсны 112 жилийн ойг тохиолдуулан зарлиг буулгаж, хууль тогтоох, хүний эрхийг хангах, хамгаалах, шүүн таслах байгууллагад 41 жил тасралтгүй, үр бүтээлтэй, шударга ажилласан Жадамбын Дашдоржид Монгол Улсын Гавьяат хуульч цол хүртээлээ.
Ж.Дашдорж нь эрх зүйч мэргэжилтэй, хууль зүйн ухааны магистр цолтой. Ажлын гараагаар 1982-1985 онд Завхан аймгийн шүүхийн гишүүнээр эхлүүлж, улмаа 1985-1990 онд мөн аймгийн шүүхийн орлогч даргаар, 1990-2001 онд Монгол Улсын Дээд шүүхийн шүүгч, 2001-2013 он хүртэл Монгол Улсын Хүний эрхийн Үндэсний Комиссын гишүүн, 2013-2018 онд УИХ-ын Тамгын газрын Хууль, эрх зүйн хэлтсийн дарга, ахлах зөвлөхөөр ажиллаж байгаад 2019 оноос ХЭҮК-ын даргын орон тооны бус зөвлөхөөр ажиллаж байна.
Тэрбээр аймгийн шүүхийн гишүүн, шүүгчээр ажиллаж байх хугацаандаа 500 гаруй иргэний хэрэг, 40 орчим эрүүгийн хэргийг анхан шатны журмаар хянан шийдвэрлэж, анхан шатны шүүхийн шийдвэр, тогтоолд гаргасан давж заалдах гомдлын дагуу 250 орчим эрүү, иргэний хэргийг аймгийн давж заалдах шатны шүүхийн хуралдаанд илтгэн шийдвэрлүүлжээ.
Түүнчлэн эрүү, иргэний шүүн таслах ажлын практикийг судалж, шүүн таслах ажлын алдаа зөрчлийг арилгах, урьдчилан сэргийлэх, нэгдсэн практик тогтоох зорилгоор 30 удаа тойм, зөвлөмж боловсруулан гаргаж, аймгийн сум дундын шүүхийн шүүгчдэд мэргэжил арга зүйн туслалцаа үзүүлэх ажлыг идэвхтэй санаачилгатай гүйцэтгэсэн юм.
Түүнийг шүүн таслах ажилд алдаа, зөрчил гаргаагүй, сайн ажиллаж байсан тул 1990 оны 10 дугаар сарын 02-ны өдөр Монгол Улсын Бага Хурлын тогтоолоор Дээд Шүүхийн гишүүнээр дэвшүүлэн томилсон байна.
Дээд шүүхийн шүүгчээр ажиллах хугацаандаа Дээд Шүүхийн иргэний коллеги /одоогийн танхим/-ийн шүүгчээр ажиллаж аймаг, нийслэлийн шүүхийн шийдвэрт гарсан гомдолтой болон прокурорын эсэргүүцэлтэй 620 орчим иргэний хэргийг хянаж, хуралдаанд илтгэж, магадлал тогтоолыг боловсруулан гаргажээ. Тухайн үед үйлчилж байсан хууль тогтоомжийн дагуу анхан болон давж заалдах шатны шүүхийн шүүн таслах үйл ажиллагаанд хяналт тавьж, хууль буруу хэрэглэсэн алдаа зөрчлийг илрүүлж, 45 хэрэгт Дээд Шүүхийн орлогч даргын эсэргүүцэл төлөвлөн баталгаажуулж, хэргийг танхимын хуралдаанд илтгэж, шүүхийн шийдвэрийн алдаа зөрчлийг засуулж байжээ.
Мөн 2001 онд Монгол Улсын Дээд Шүүхийн нийт шүүгчдийн хуралдаанаас шүүгч Ж.Дашдоржийг Монгол Улсын Хүний эрхийн Үндэсний Комиссын гишүүнд нэрийг нь дэвшүүлснээр 2001 оны 02 дугаар сарын 02-ны өдөр Монгол Улсын Их Хурлаас Монгол Улсын Хүний эрхийн Үндэсний Комиссын анхны гишүүнээр томилогдож, Хүний эрхийн Үндэсний Комиссыг байгуулах, Комиссыг хүний эрхийг хамгаалах, хөхиүлэн дэмжих байгууллага болгон төлөвшүүлэхэд хүчин зүтгэсэн байна.
Ж.Дашдорж нь ХЭҮК-ын гишүүнээр томилогдсоноосоо хойш ажил үүргийн хуваарийн дагуу хуулийн байгууллагууд. хүүхэд, эмэгтэйчүүдийн эрхийн асуудал, хүний эрхийн боловсролын асуудлыг хариуцан ажиллаж, эдгээр байгууллагад хүний эрх. эрх чөлөөний талаарх хууль тогтоомжийн заалт хэрхэн хэрэгжиж байгаад хяналт тавьж, зөрчил дутагдлыг цаг алдалгүй арилгах, хуульчдын хүний эрхийн мэдлэг боловсролыг дээшлүүлэхэд илүү их анхааран санаачилга гарган ажилласан юм.
Тэрбээр Монгол Улс дахь хүний эрх, эрх чөлөөний тухай таван удаагийн илтгэлд хуулийн байгууллагын үйл ажиллагаанд хүний эрхийг зөрчиж буй илрэлүүд, түүний шалтгаан, нөхцөл, арилгах арга замыг тодорхойлон дүгнэлт хийж, хэлэлцүүлсний дүнд холбогдох арга хэмжээг авчээ.
Түүнчлэн нийслэл болон зарим аймгуудад шүүх, прокурор, цагдаагийн байгууллагад хэрэгсэхгүй болгосон хэргүүдэд хууль бусаар хоригдсон, эрх, эрх чөлөө нь зөрчигдсөн иргэдийн өмгөөлүүлэх, эрх зүйн туслалцаа авах эрх, шүүх, прокурор, цагдаагийн байгууллагын ажилтнуудын хууль бус үйл ажиллагаанаас учруулсан хохирлыг нөхөн төлүүлэх эрх, эрүү шүүлтээс ангид байх эрх, нийслэл хотод шилжин суурьшигчдын эрх, хүүхдийн эрх зэрэг сэдвүүдээр нэгдсэн, хэсэгчилсэн судалгаанууд хийж, урьдчилан хорих төв болон бүх аймгуудын цагдан хорих, зарим хорих ангиудад үзлэг шалгалт хийж, илэрсэн зөрчил дутагдлыг арилгуулахаар шаардлага, зөвлөмж бичиж биелэлтийг хангуулсан байна.
Эдгээр судалгаа нь Монгол Улс дахь хүний эрх, эрх чөлөөний байдалд бодитой дүгнэлт өгөх, илтгэл бэлтгэх, хүний эрхийг хангахад чухал нөлөө үзүүлсэн юм. Тухайлбал: 2002 онд хөдөө орон нутгаас нийслэл хотод шилжин ирсэн бүртгэлгүй иргэдийн дунд судалгаа хийж, нийслэлийн ИТХТ-ээс тогтоосон өндөр хэмжээний татвар хураамж нь иргэдийн оршин суух газраа чөлөөтэй сонгох эрхийг хязгаарлаж, улмаар тэдний бусад эрх, эрх чөлөө зөрчигдөж, нийслэлд эмх замбараагүй, бүртгэл хяналтгүй байдал бий болсныг арилгах шат дараалсан арга хэмжээ авч хэрэгжүүлжээ.
Энэ талаар нийслэлийн ИТХТ-д зөвлөмж, Засгийн газарт танилцуулга, улмаар шүүхэд төлөөлөн нэхэмжлэл гаргаж хууль бус татвар хураамжийг хүчингүй болгуулжээ. Энэхүү арга хэмжээ нь манай улсын иргэдийн төдийгүй НҮБХХ, зарим гадаадын байгууллагын талархлыг хүлээсэн ихээхэн үр дүнтэй ажил болсон байна. Дээр дурдсантай нэгэн адил өндөр татвар хураамжийг Төв, Дорнод, Дархан-Уул, Орхон аймгууд тогтоон мөрдөж иргэдийг хохироож байсныг шаардлага бичсэнээр эдгээр аймгийн ИТХ холбогдох тогтоолуудаа хүчингүй болгожээ. Иргэдийн оршин суух газраа сонгох, шилжилт хөдөлгөөнтэй холбоотой хууль бус татвар хураамжийг улсын хэмжээнд шийдвэрлүүлэх ажлыг тэрээр гардан хариуцаж ажилласан нь ийнхүү үр дүнд хүрсэн байна.
Монгол Улс дахь хүний эрх, эрх чөлөөний төлөв байдлын тухай 12 удаагийн илтгэлийг боловсруулалцаж, хүний эрх, эрх чөлөө зөрчигдөж байгаа болон зөрчигдөж болзошгүй 170 орчим асуудлаар дүгнэлт хийж, санал зөвлөмж дэвшүүлжээ. Эдгээр илтгэлүүд нь УИХ-аар хэлэлцэгдэн, хүний эрх, эрх чөлөө зөрчигдөж байгаа үйлдэл, түүний шалтгаан нөхцөлийг арилгуулах, тодорхой арга хэмжээ авах үүрэг чиглэлийг холбогдох байгууллага, албан тушаалтнуудад үүрэг болгосон УИХ-ын тогтоол 2 удаа, Байнгын хорооны тогтоол 5 удаа гарч, тогтоолын мөрөөр олон чухал асуудлууд шийдэгдэж, тодорхой арга хэмжээ авсан байна.
Иргэдийн гомдол багагүй гардаг хуулийн байгууллагууд, үүний дотор цагдаагийн байгууллагаас хүний эрх зөрчиж буй явдлыг арилгахад илүү анхаарч, нийслэлийн бүх дүүргийн цагдаагийн газрын эрүүгийн төлөөлөгч, хэрэг бүртгэгч, мөрдөн байцаагчдын дунд “Эрүүгийн байцаан шийтгэх ажиллагаа ба хүний эрх” сэдэвт сургалт явуулж, эрүүгийн байцаан шийтгэх ажиллагаанд гарч буй эрүү шүүлтийн аливаа илрэлийг арилгах зорилгоор “Эрүү шүүлтийг арилгах нь” сэдэвтэй 1 жилийн хугацаатай бүх нийтийн нээлттэй хэлэлцүүлэг, хяналт шалгалтын ажлыг 21 аймаг, нийслэл хотод удирдан зохион байгуулж ажиллаж, илтгэл тайланг боловсруулж, УИХ-аар хэлэлцүүлэхэд идэвхтэй оролцжээ.
Ж.Дашдорж хүний эрхийн тодорхой сэдвээр шалгалт судалгаа хийж, 28 удаа Комиссын гишүүний шаардлага, зөвлөмж бичиж, хүний эрхийн тодорхой зөрчлийг таслан зогсоох, урьдчилан сэргийлэх арга хэмжээг авсан байна.
“Хүний эрхийн нээлттэй өдөр” арга хэмжээг 2001-2013 онд бүх аймаг, нийслэлд давхардсан тоогоор 31 удаа зохион байгуулж, захиргааны албан хаагчид, цагдаагийн ажилтан, шүүх, прокурор, шийдвэр биелүүлэх байгууллагын ажилтнуудыг хүний эрхийн сургалтад хамруулж, Засаг даргын болон орон нутгийн хурлын байгууллагын шийдвэр, тогтоолыг хянаж, хүний эрх зөрчсөн, хязгаарласан шийдвэрийг засуулж, иргэдийн өргөдөл, гомдол хүлээн авах ажлыг зохион байгуулсан.
Хүний эрх, эрх чөлөөний талаар олон нийтэд мэдлэг олгох, хүний эрхийн зөрчлөөс сэргийлэх, Хүний эрхийн Комиссын үйл ажиллагааг олон нийтэд сурталчлах зорилгоор телевизийн нэвтрүүлэг 130 удаа, радио нэвтрүүлэг 35 удаа, сургалт сурталчилгааны ажилд 193 удаа оролцож, дотоодын болон олон улсын хурал зөвлөгөөнд 40 гаруй удаа хүний эрхийн чиглэлээр илтгэл тавьсан байна.
Иргэдээс ирсэн өргөдөл. гомдлыг шалгаж, эрх, эрх чөлөө нь ноцтой зөрчигдсөн иргэний эрхийг сэргээх, нөхөн төлбөр гаргуулах асуудлаар шүүхэд төлөөлөн нэхэмжлэл 16 удаа гаргаж, төлөөлөн нэхэмжлэл нь хангагдаж, шүүхийн шийдвэр биелэгдэж, хохирогчдын зөрчигдсөн эрхийг сэргээж, хохирлыг гаргуулсан байна.
Хуулийн байгууллагуудад хүний эрхийн зөрчил багагүй байгаад дүгнэлт хийж эрх зүйч мэргэжил эзэмшүүлж, хуульч бэлтгэдэг их, дээд сургуулиудад зориулсан “Хүний эрх” хичээлийн загвар хөтөлбөр боловсруулах төслийн багийг ахлан ажиллаж, загвар хөтөлбөрийг 3 сургуульд туршиж, их, дээд сургуулийн цөм хөтөлбөрт тусгуулж. хэрэгжүүлэх арга хэмжээ авсан юм.
Мөн Ерөнхий боловсролын сургуулиудад орж буй хүний эрхийн боловсрол олгох үйл ажиллагаанд судалгаа хийж, энэ хичээлийн агуулга, арга барилыг нь сайжруулах, үр нөлөөг дээшлүүлэхэд чиглэсэн зөвлөмжийг боловсруулж холбогдох газруудад хүргүүлжээ.
Тэрбээр ХЭҮК-ын гишүүнээр ажиллаж байх хугацаандаа Компанийн эрх зүй, Хүний эрхийн тайлбар толь зэрэг номын хамтран зохиогчоор оролцож, нийтийн хүртээл болгожээ.
Ж.Дашдорж нь ХЭҮК-ын гишүүнээр сонгогдсоныхоо дараа 2001 онд оноос эхлэн Монгол Улсад хүний эрх, эрх чөлөөг хангах Үндэсний хөтөлбөрийг боловсруулах ажлын хэсгийн бүрэлдэхүүнд орж, Комиссын гишүүний хувьд уг хөтөлбөрийг боловсруулах, бичих ажлыг Хөдөлмөрийн баатар, гавьяат хуульч Б.Чимэд агсны удирдлага дор хийж гүйцэтгэсэн бөгөөд энэхүү хөтөлбөр батлагдаж, Комиссын цаашдын үйл ажиллагааны чухал чиг шугам, удирдамж болсон байна.
Түүнчлэн Комиссын гишүүнээр ажиллаж байхдаа Швейцарын хөгжлийн агентлагийн дэмжлэгтэйгээр хүн худалдаалах гэмт хэрэгтэй тэмцэх асуудлаар судалгаа хийж, Хүн худалдаалах гэмт хэрэгтэй тэмцэх тухай хуулийн төслийг боловсруулж, хууль санаачлагчдад уламжлагдан, анхны хэлэлцүүлгээр батлагдаж байжээ.
Ж.Дашдоржийг гишүүнээр ажиллах хугацаанд олон улсын түвшинд Хүний эрхийн Үндэсний Комиссын нэр хүнд ихээхэн өсөж, 2006 онд Хүний эрхийн үндэсний байгууллагуудын Олон улсын зохицуулах хороо /1СС/-ны гишүүнээр, 2003 онд Ази-Номхон далайн бүсийн Хүний эрхийн байгууллагын чуулганы гишүүнээр тус тус элсэж, Олон улсын зохицуулах хороо /1СС/-ноос тус Комиссыг “А" статустайгаар үнэлжээ. Мөн Комисс 2005 онд Ази, номхон далайн бүсийн Хүний эрхийн үндэсний байгууллагуудын чуулганы олон улсын бага хурлыг Монгол Улсад анх удаа зохион байгуулсан нь түүний ажлын томоохон үр дүнгийн нэг юм.
Монгол Улсад хүний эрхийг хамгаалах, хөхиүлэн дэмжих, Монгол Улс дахь хүний эрх, эрх чөлөөний төлөв байдлыг судлан тодорхойлох, хүний эрхийн зөрчил дутагдлыг арилгах, хүний эрхийн мэдлэг боловсролыг олон нийтэд түгээх үйл хэрэгт идэвх санаачилгатай ажилласныг нь үнэлж, түүнийг 2005 онд “Алтан гадас”, 2010 онд “Хөдөлмөрийн гавьяаны улаан туг"-ийн одонгоор, 2003 онд “Хүүхдийн төлөө алтан медаль", 2004 онд “МҮЭ-ийн тэргүүний ажилтан", 2006 онд “Төрийн албаны тэргүүний ажилтан" цол тэмдгээр тус тус шагнасан байна.
Ж.Дашдорж нь хууль тогтоох, шүүн таслах байгууллагад 41 жил тасралтгүй, үр бүтээлтэй, шударга ажиллаж ирсний зэрэгцээ Хүний эрхийн Үндэсний Комиссын гишүүнээр ажиллах 2 удаагийн бүрэн эрхийн хугацаанд Комиссыг гадаад, дотоодод сурталчлах, Монгол Улсад хүний эрхийг хангах, хамгаалах, хөхиүлэн дэмжих үйл ажиллагааг хэлбэршүүлэн, тогтворжуулахад өөрийн оюун ухаан, хөдөлмөр, зүтгэлээ зориулан ажиллаж байгаа манай ахмад үеийн төлөөлөл юм.
Тэрбээр одоог хүртэл Комиссын даргын орон тооны бус гишүүнээр ажиллаж, залуу хойч үедээ мэдлэг туршлагаа хуваалцахын зэрэгцээ, Монгол Улс дахь хүний эрх, эрх чөлөөний төлөв байдлын тухай илтгэл боловсруулах, хүний эрхийн талаарх сургалт, судалгааны ажилд идэвхтэй оролцож байгааг нь үнэлэн, Үндэсний эрх чөлөө, тусгаар тогтнолоо сэргээн мандуулсны 112 жилийн ой, Хүний эрхийн Түгээмэл Тунхаглал батлагдсаны 75 жилийн ойг тохиолдуулан онгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх зарлигаар Монгол Улсын Гавьяат хуульч цол хүртсэнд Монгол Улсын Хүний эрхийн Үндэсний Комиссын үе үеийн дарга, гишүүд болоод албан хаагчдын нэрийн өмнөөс баяр хүргэе.
Сэтгүүлч
Сэтгүүлч Б.Хонгорсайхан