2010.05.06
5 дугаар сарын 7-9-ний өдрүүдэд эхний ээлжийн цэрэг татлага болно
Цэргийн жинхэнэ албанд иргэдийг татах, гэрээт цэрэг элсүүлэх ажлыг энэ сарын 7-9-ний өдрүүдэд зохион байгуулна. Нийслэлийн Цэрэг татлагын товчоо өнөөдөр нэгдсэн хурал хийж, 2010 оны эхний ээлжийн цэрэг татлагын бэлтгэл ажил, зохион байгуулалтын талаар үүрэг, чиглэл өглөө. Нийслэлийн Цэрэг татлагын товчооны даргын баталсан удирдамжийн дагуу өнгөрсөн 7 хоногт дүүргүүдийн Цэрэг татлагын товчооны байдалтай танилцсан бөгөөд дүүргүүдэд бэлтгэл ажил бүрэн хангагджээ.Дүүргүүд “Цэрэг татлагын байр”-аа баталгаажуулж, Батлан хамгаалах хууль тогтоомжийг сурталчлах, цэргийн насны залуучуудын эрүүл мэндийн үзлэг явуулах бэлтгэлжилтийг хангах, цэргийн жинхэнэ алба болон гэрээт цэргийн албыг сурталчлах, дүйцүүлэх албанд иргэдийг элсүүлэх, цэргийн дүйцүүлэх албыг мөнгөн хэлбэрээр орлуулан хаалгах ажлуудыг зохион байгуулсан байна. Цэргийн жинхэнэ албаны талаар иргэдээс ирж байгаа өргөдөл, гомдлыг хүлээн авч, шийдвэрлэж байгаа байдал дүүргүүдэд сайн байна. Тухайлбал, Баянгол дүүрэг гэхэд л гадаадад сурч, хөдөлмөрлөж байгаа иргэд, оюутан залуусын өргөдлийг тусгай хуваарь гарган, тодорхой өдрүүдэд хүлээн авч байгаад иргэд талархалтай байгаа ажээ.Цэрэг татлагын бэлтгэл ажлын хүрээнд өнгөрсөн оны 2 дугаар ээлжийн цэрэг татлагаар зарлан дуудах хуудас аваад ирээгүй 994 хүнийг мэдэгдэх хуудсаар дуудан уулзаж, учир шалтгааныг тодруулан, 487 хүнд 5,7 сая төгрөгийн торгуулийн арга хэмжээ авсан байна. Нийслэлийн Цэрэг татлагын товчооны дарга Ц.Болдсайхан, цэрэг халагдах, татагдах үеэр ашиглагдах машин, техникийн бүрэн бүтэн байдлыг бичгээр баталгаажуулж хүлээлгэж өгөх, жолооч нарын сахилга хариуцлагад онцгой анхаарч ажиллахыг Замын цагдаагийн газарт үүрэг болгоод, цэрэг татлагад тэнцээгүй залуучуудыг тэнцсэнгүй гээд орхих биш суурь өвчний талаар судалгаа гаргаж, эмчилж эдгээх бодлого боловсруулахыг Эрүүл мэндийн газарт даалгалаа
0ЭКСПЕРТсэтгэгдэл
Сэтгэгдэл оруулахын тулд та хэрэглэгчийн эрхээр нэвтэрнэ үү.
Экспертүүдийн сэтгэгдэл
Одоогоор сэтгэгдэл нэмэгдээгүй байна.