УИХ Төсвийн тодотголыг хэлэлцэж эхэллээ
2010.05.07

УИХ Төсвийн тодотголыг хэлэлцэж эхэллээ

УИХ-ын чуулганы хуралдаанаар 2010 оны төсөвт тодотгол хийх Монгол Улсын 2010 оны төсвийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухаchuulgan_2007й, Нийгмийн даатгалын сангийн 2010 оны төсвийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Хүний хөгжил сангийн 2010 оны төсвийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслүүдийг хэлэлцэж эхлэлээ. Өчигдөр хуулийн нэг дэх хэлэлцүүлгийг хийсэн юм. Монгол Улсын 2010 оны Төсвийн тодотголыг УИХ дахь АН-ын бүлэг дээр хэлэлцсэн бөгөөд МАХН-ын бүлгээр хэлэлцэгдээгүй байгаа юм байна. Тиймээс гишүүд нилээд идэвхитэй хуралдлаа. Төсөл санаачлагчийн илтгэлийг Сангийн сайд С.Баярцогт танилцуулав.

Нэгдсэн төсвийн орлогын 2010 оны нэгдүгээр улиралд 459.7 тэрбум төгрөгийн орлого төвлөрүүлэхээс гүйцэтгэлээр 554.8 тэрбум төгрөгийн орлого төвлөрүүлж, төлөвлөснөөс 95.1 тэрбум төгрөгийн орлогыг илүү төвлөрүүлсэн дүнтэй гарчээ.

Монгол Улсын 2010 оны төсвийн тодотголд орлогын боломжит эх үүсвэрүүдийг бүрэн дайчилж, өнөөгийн мөрдөж буй хууль эрх зүйн орчин, Засгийн газраас эдийн засаг, нийгмийг хөгжүүлэх чиглэлээр баримталж буй бодлого, хөтөлбөр, арга хэмжээ, эдийн засгийн нөхцөл байдал, гадаад, дотоод орчны нөлөөлөл зэргийг тооцон Монгол Улсын 2010 оны нэгдсэн төсвийн орлогыг 364.2 тэрбум төгрөгөөр нэмэгдүүлэхээр тооцсон байна.

Төсвийн орлогыг дээрх байдлаар нэмэгдүүлснээр нэгдсэн төсвийн орлого ДНБ-ний 38.9 хувь буюу 2,791.0 тэрбум төгрөгт хүрэхээр байгаа нь урьд өмнө байгаагүй өндөр орлогыг 2010 онд төсөвт төвлөрүүлэхээр болж байгаа нь эрсэдлтэй байж болзошгүй аж. 

Монгол улсын 2010 оны төсвийн тодотголын нэгдсэн төсвийн нийт орлого 2,791.0 тэрбум төгрөгт байхаар тусгасан нь дотоодын нийт бүтээгдэхүүний 38.9 хувийг эзэлж байгаа бөгөөд сүүлийн 10 жилийн дунджаас 5 орчим функтээр нэмэгдсэн нь хэт өөдрөг төлөвлөлт болж байна. Өөрөөр хэлбэл татварын орчны өөрчлөлт хийснээс хойш буюу 2007 оноос хойш зарим бүтээгдэхүүний үнийн өсөлтийн албан татварын орлогыг оруулалгүйгээр төсвийн орлого дотоодын нийт бүтээгдэхүүний 29 хувийг эзэлж байсан бол 2010 оны тодотголоор 32 орчим хувь болон 3 хувиар нэмэгдэж байгаа нь эрсдэл өндөртэй юм гэж сайд илтгэлдээ дурдлаа.

Түүнчлэн төсвийн ерөнхийлөн захирагчдаас төсвийн жилийн явцад дутагдаж байгаа зардал болон 2010 оны төсвийг хэлэлцэх явцад хасагдсан зардлуудыг нэмж тусгуулах талаар нийт 688.3 тэрбум төгрөгийн саналыг ирүүлсэн бөгөөд үүнээс төсвийн орлого бүрдэлт, санхүүжүүлэх эх үүсвэр, зайлшгүй шаардлагатай байдал, ач холбогдол зэргийг харгалзан үзэж дараах чиглэлийн арга хэмжээг төсвийн тодотголд тусгахаар тооцжээ.

Тухайлбал, төрийн албан хаагчдын цалин, нийгмийн даатгалын болон халамжийн сангаас олгож байгаа бүх төрлийн тэтгэврийг 2010 оны 10 дугаар сарын 1-нээс 30 хувиар нэмэгдүүлэхээр тооцож нийт 78.2 тэрбум төгрөг, боловсролын салбарын нэг сурагчид ногдох хувьсах зардлын нормативыг нэмэгдүүлэхэд зориулж 7.4 тэрбум төгрөг, олон хүүхэд төрүүлэн өсгөж байгаа “Алдарт эх” одонтой эхчүүдэд олгох тэтгэмжийг нэг дахин нэмэгдүүлэхэд 8.5 тэрбум төгрөг, хүүхэд, шинэ гэр бүл, шинэ төрсөн хүүхдэд олгох мөнгөн тэтгэмжийн 2009 онд үүссэн өглөгт 1.4 тэрбум төгрөг тусгасан байна.

Мөн төрийн өндөр албан тушаалтнуудын гадаад оронд хийх төрийн албан ёсны болон албан ажлын айлчлалын зардал хүрэлцэхгүй байгаатай холбоотойгоор Ерөнхийлөгч, УИХ-ын дарга, Ерөнхий сайдын гадаад арга хэмжээний зардалд нийт 2.4 тэрбум төгрөгийг нэмж тусгах, ХХААХҮС-ын төсвийн багц дахь “Монгол мал” хөтөлбөрийн зардалд зориулж 3.8 тэрбум, Шүүхийн шийдвэрийн дагуу хохирогчдод олгох нөхөн олговорт зориулж ХЗДХС-ын багцад 5.0 тэрбум төгрөг, Эрүүл мэндийн салбарын урсгал зардлыг нэмэгдүүлэхэд зориулж 3.1 тэрбум төгрөгийг тус тус нэмж тусгахаар тооцжээ.

Илтгэлтэй холбогдуулан УИХ-ын гишүүн С.Бямбацогт, Ш.Сайхансамбуу, Д.Очирбат, Д.Тэрбишдагва,А.Баделхан, Д.Оюунхорол,Я.Батсуурь, Ц.Даваасүрэн нарын асуусан асуултад Сангийн сайд С.Баярцогт, Нийгийн хамгаалал, хөдөлмөрийн сайд Т.Ганди нар хариулт, тайлбар өгөв. Засгийн газар орлого зарлагаа зөв тооцож чадахгүй байна, улс орны эдийн засаг данхайсан төсөвтэй, халамж хавтгайрсан харагдаж байгаа.Халамжийг шинэчилж зорилтот бүлэгт чиглүүлэх асуудлаа хэзээ шинэчилж, шийдвэрлэх юм бэ.

Цалинг бага багаар нэмэх боломжгүй юу. Нэг дор бөөнөөр нэмэгдүүлэх нь инфляци, үнийн хөөрөгдөл бий болгох аюул дагуулж байна. Төсвийн тогтворжилтийн тухай хуулийг хэзээ батлах юм бэ. Ажлын байрыг нэмэгдүүлэх хэрэгтэй, төсвийн тодотголд сайн зүйл харагдахгүй байна гэсэн байр сууринаас гишүүд хандаж байлаа.

Сангийн сайд С.Баярцогт, хоёр жил дараалан дэлхий нийтийг хамарсан санхүүгийн хямралаас шалтгаалан улсын төсөв, эдийн засгийн тооцоог урьдчилан тооцох боломжгүй байгаа гэсэн тайлбарыг өгсөн. Түүнчлэн манай улс зэсийн үнийг зөвхөн сангийн яамны тооцоо судалгаагаар бус олон улсын байгуулллага болон нэр хүнд бүхий 10 компанийн дундаж үнэд суурилж авдаг. Зэсийн үнийг төсөв хэлэлцэж байх үед 5800 ам.доллараар авч үзэж байсан бол одоо төсвийн тодотголоор 7500 ам.доллараар дундажлан авч үзэж байна. Зэсийн үнэ дэлхийн зах зээл дээр хөдөлгөөнтэй байдаг учраас урьдчилан таамаглахад хэцүү гэлээ.

Мөн нийт цалингийн сангийн зөвхөн 40 хувийг төрийн албаны болон төрийн үйлчилгээний албан хаагчид эзэлдэг. Харин үлдсэн 60 хувийг нь хувийн хэвшлийнхэний цалин эзэлж байна. Төрийн албан хаагчдын цалингийн эталон хувийн хэвшлийн цалинд суурь болдог учир цалингийн механик өсөлтийг байнга нэмэх нь хувийн хэвшлийнхэнд дарамт болдог гэсэн хариултыг Т.Ганди сайд өгсөн юм.

УИХ-ын гишүүн Х.Жекейн : Тэрээр Даянгийн боомтоор авто зам барих асуудал төсөвт тусгагдсан эсэх болон манай улсын эдийн засгийн өсөлт хир байгааг тодрууллаа. Түүнчлэн тойргоороо явж байхад ажилгүй, малгүй болсон иргэд их байна. Ядуурал нэмэгдэж байгаа. Энэ хандлагыг энэ төсвийн тодотголоор багасгах ямар боломж байна гэлээ.

Сангийн сайд С.Баярцогт: Даян Улаан байшинтын замын асуудал үндсэн чиглэлд туссан байгаа. Үндсэн чиглэлд туссан бүх асуудлыг зөвхөн төсвийн хөрөнгөөр санхүүжүүлэхгүй. Үүнд гадаадын зээл тусламж, хувийн хөрөнгө оруулалт хийх боломж байгаа. ЗТБХБЯ зураг төслийг шийдэж болно. Саяхан Ерөнхийлөгчийг БНХАУ-д айлчлах үед Баян-Өлгийд тавигдах замыг зээл тусламжийн хөрөнгөөр барих боломжтой гэж жагсаалтанд багтсан. Дэлхийн улс орнуудад эдийн засгийн өсөлт мэдрэгдэж эхэлсэн. Манайд ч ийм хандлага ажиглагдаж байгаа. Өсөлтийн дүр зураг сайн гарч байгаа ч бидний санааг зовоож байгаа зүйл бол банкны бүтцийн өөрчлөлт. Хэрэв санхүүгийн системд үргэлжилж байгаа бүтцийн өөрчлөлтийг богино хугацаанд хурдан дуусгавал эдийн засгийн бодитой өсөлтийг сайнаар төсөөлөх боломж байгаа. Гэхдээ олон улсын байгууллага болон судлаачдын зүгээс хямралын шинэ үе шат бодитой гарч ирнэ гэсэн болгоомжлол байгаа гэлээ.

УИХ-ын гишүүн Х.Бадамсүрэн: говийн бүсийн эрүүл мэндийн оношилогооны төв байгуулах ажил ямар түвшинд байгааг тодруулсан асуултанд Эрүүл мэндийн сайд С.Ламбаа хариулахдаа Засгийн газрын мөрийн хөтөлбөрт туссан асуудал. Өмнөговь аймгийн нэгдсэн эмнэлэгт 700 сая төгрөгийн хөрөнгө оруулалт орохоор сайдын багц дээр орсон. Оношилогооны төв болгох тухай Засгийн газрын  тогтоол гараагүй байгаа. Одоодоо техник тоног төхөөрөмж нийлүүлэх тендер зарлагдаад явж байгаа гэлээ.Түүнчлэн ахмад дайчдад олгосон орон сууцны асуудал яагаад хэл ам дагуулаад байгааг Х.Бадамсүрэн гишүүн нэмж тодруулж асуусан.

ННХ-ийн сайд Т.Ганди ахмад дайчдын орон сууцны асуудал 3 дахь шатандаа яваа. Өнөөдрийн байдлаар 1600 ахмад дайчинд орон сууц олгохоос 1000 гаруйг нь орон сууцаар хангаад байна. Нэг ахмад дайчинд 35 сая төгрөг хүртэлх мөнгөн тусламж үзүүлэх, эсвэл түүнтэй дүйцэхүйц мөнгөн тусламж олгоно гэж тогтоолд заасан байгаа. 30-40 квадрат метр талбайтай байхаар тогтоолд тусгасан. Үнэлгээний комисст 3 яамны төлөөллөөс орсон. Олгож байгаа байр нь хэмжээндээ хүрэхгүй байгаа зарим компанийг хууль хяналтын байгууллагад өгч шалгуулж, гэрээг цуцалж, дахин тендер зарлаж байгаа гэлээ.

Мөн УИХ-ын гишүүн Р.Буд Их тэнгэр болон нисэхийн замыг засч сайжруулах шаардлагатай байгааг хэлэв.Түүнчлэн Сүхбаатар аймгийн Халзан сумын дунд сургуулийн барилгын 420 сая төгрөгийг шийдэж өгөхийг хичээнгүйлэн хүсье гэлээ. Хэлэлцэж байгаа асуудалтай холбогдуулж гишүүд гадаад, дотоодын өр хэдий хэмжээнд хүрсэн талаар Сангийн сайдыг тодорхой хариулт өгөхийг хүсэв.

Харин сайд С.Баярцогт “Монгол Улсын гадаад өр үзүүлэлтээ хангаж байгаа. Дотоод өр болоод гадаадын өрийн нэгтгэсэн дүнг гишүүн бүрт дэлгэрэнгүйгээр тарааж өгөх болно” гэлээ. Төсвийн тодотголыг хэлэлцээд гишүүд дэмжсэн юм.
0ЭКСПЕРТсэтгэгдэл
Сэтгэгдэл оруулахын тулд та хэрэглэгчийн эрхээр нэвтэрнэ үү.
Экспертүүдийн сэтгэгдэл
Одоогоор сэтгэгдэл нэмэгдээгүй байна.