Төсвийн байнгын хорооны гишүүд Хүний хөгжил сангийн тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төслийг дэмжсэнгүй
2010.05.12

Төсвийн байнгын хорооны гишүүд Хүний хөгжил сангийн тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төслийг дэмжсэнгүй

Төсвийн байнгын хорооны өнөөдрийн /V/11/ хуралдаанд оролцсон гишүүдийн гуравны хоёр хувь нь Хүний хөгжил сангийн тухай хуульtbb_horooд нэмэлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцэх шаардлагагүй гэж үзлээ. Хүний хөгжил сангийн тухай хуулийн 19.2-т Улсын Их Хурлын Байнгын хорооны болон нэгдсэн хуралдаанд оролцсон гишүүдийн гуравны хоёроос доошгүй хувийн саналаар Хүний хөгжил сангийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулж болно хэмээн заасан байдаг билээ.

Хүний хөгжил сангийн эх үүсвэр нь стратегийн ач холбогдол бүхий ашигт малтмалын ордын ашиглалтын тусгай зөвшөөрөл эзэмшигч хуулийн этгээдийн төрийн өмчид ногдох хувьцааны ногдол ашиг, хувьцаа борлуулсны орлого, ашигт малтмалын орд газарт ашигт малтмал олборлох, боловсруулах үйл ажиллагаа эрхэлж байгаа хуулийн этгээдийн ашигт малтмалын нөөц ашигласны төлбөрийн улсын төсөвт ногдох хэсэг, стратегийн ач холбогдол бүхий ашигт малтмалын орд ашиглахтай холбогдуулан авсан урьдчилгаа мөнгө, зээл болоод сангийн хөрөнгийг арвижуулах зорилгоор дотоодын болон олон улсын санхүүгийн зах зээл дээр үнэт цаас, өрийн бичиг, хадгаламж зэрэгт оруулсан санхүүгийн хэрэгслээс бүрдэж байгаа юм.

Тэгвэл Засгийн газраас өргөн мэдүүлсэн дээрх хуулийн төсөлд Хүний хөгжил сангийн хөрөнгийн тодорхой хувийг дэд бүтцийн салбарт зарцуулах асуудлыг тусгажээ. Энэхүү санал байнгын хорооны гишүүдийн олонхид таалагдсангүй. УИХ-ын гишүүн Х.Баделхан, “Хүний хөгжлийн сангийн хөрөнгийг нийгмийн хөгжлийн асуудалд зарцуулна гэж хуульдаа заасан. Гэтэл өнөөдөр дэд бүтцийг хөгжүүлэх сан болгох гэж байгааг гайхаж байна. Нийгмийн хүрээнд шийдэх өч төчнөөн асуудал байгаа” хэмээсэн. Харин Байгаль орчин, аялал жуулчлалын сайд Л.Гансүх, “Энэ хөрөнгийг нийгмийн сайн сайхны хэрэгцээнд зарцуулья гэж байгаа. Дэд бүтэц сайжирснаар ажлын байр, бүтээн байгуулалт нэмэгдэнэ. 100 мянган орон сууц барьж, аймгуудын төвүүдийг нийслэлтэй холбосон зам тавина. Шууд утгаараа иргэдийн амьжиргааг сайжруулахад чиглэсэн зүйл” хэмээн тайлбарласан. Мөн Сангийн сайд С.Баярцогт, “Хүний хөгжил санд иргэн бүрт хүртээх 1.5 сая төгрөгөөс илүү хөрөнгө цугларах боломжтой.

Тэр мөнгийг дэд бүтцийн салбарт зарцуулах замыг нээе гэж байгаа юм” гэж нэмж хэлсэн. Сангийн сайдын тайлбарласнаар, Хүний хөгжил санд төвлөрөх орлогыг хуулиар заагаад өгсөн бөгөөд харин дэд бүтэц гэх мэт зүйлд зарцуулахаар гаргах гарц нь мөн хаалттай аж. Тиймээс хуульдаа нэмэлт оруулан зарим хөрөнгийг дэд бүтцийн салбарт зарцуулах механизмыг нь бүрдүүлэх гарцыг Засгийн газар санал болгож байгаа юм байна. УИХ-ын гишүүн Ш.Сайхансамбуу энэхүү хуулийн төслийг эсэргүүцэж байгаагаа удаа дараа мэдэгдсэн. Тэрбээр, “Хүний хөгжил сангийн хуулиа батлах гэж өргөсөн гараа буулгаагүй байтал хуульдаа гар хүрэх гээд эхэллээ. Мөнгө нь илүү их орж байгаа бол сайн л байна.

Иргэддээ хүүгүй зээл олгоё л доо” гэж хэлсэн. Сангийн сайд, Байгаль орчин, аялал жуулчлалын сайд, Засгийн газрын хэрэг эрхлэх газрын дарга нарын тайлбарласнаар, дэд бүтцийн салбарт томоохон хөрөнгө оруулалт хийх, Утаагүй Улаанбаатар хөтөлбөрийг хэрэгжүүлэхэд Хүний хөгжил сангийн тухай хуульд нэмэлт оруулан гарцыг нь нээхээс өөр арга байхгүй гэнэ. Уул уурхайн бүтээгдэхүүнээ, эсвэл олох орлогыг нь барьцаалан хөрөнгө босгох арга мөн нь дээрх хуульд нэмэлт, өөрчлөлт оруулснаар хэрэгжих боломжтой гэж тэд тайлбарласан. Уул уурхайн бүтээгдэхүүнээс олох орлогын дийлэнх Хүний хөгжил сан гэсэн нэг шуудай руу орчихоод буцаан гаргаж авах бололцоогүй болчихоод байгаа учир хуульдаа нэмэлт оруулахаас өөр аргагүй гэж Л.Гансүх сайд нэмж хэлсэн.

УИХ-ын гишүүн Д.Арвин, Ч.Улаан нар иргэнд очих мөнгийг өөр зүйлд зарцуулах гэж байгааг дэмжихгүй байгаагаа илэрхийлж байсан. Ийнхүү хэлэлцүүлэг явуулсны дараа санал хураалт явуулахад хураалд оролцсон гишүүдийн гуравны хоёр хувь нь хуулийн төслийг хэлэлцэх шаардлагагүй гэсэн саналтай байлаа.
0ЭКСПЕРТсэтгэгдэл
Сэтгэгдэл оруулахын тулд та хэрэглэгчийн эрхээр нэвтэрнэ үү.
Экспертүүдийн сэтгэгдэл
Одоогоор сэтгэгдэл нэмэгдээгүй байна.