Сонгуулийн хуулийн шинэ хувилбараар нээлттэй хэлэлцүүлэг хийлээ
2010.05.18

Сонгуулийн хуулийн шинэ хувилбараар нээлттэй хэлэлцүүлэг хийлээ

УИХ-ын Төрийн байгуулалтын байнгын хорооноос эрхлэн “Монгол Улсын ИХ Хурлын сонгуулийн тухай хуулийн шинэчилсэн хувилбарууд” сэдэвт нээлттэй хэлэлцүүлгийг өнөөдөр Төрийн ордонд зохион байгуулав. Төрийн байгуулалтын байнгын хbh_tbbорооны дарга Ө.Энхтүвшин нээлттэй хэлэлцүүлгийг нээж, УИХ-ын хэсэг гишүүдийн санаачлан боловсруулсан Монгол Улсын Их Хурлын сонгуулийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийн талаар УИХ-ын гишүүн Д.Лүндээжанцан, Л.Болд нар танилцуулав.

УИХ-д суудалтай улс төрийн намуудын төлөөлөл оролцсон Д.Лүндээжанцан, Ч.Сайханбилэг, С.Оюун, З.Энхболд, Э.Бат-Үүл нарын 12 гишүүн, мөн Л.Болд, Р.Амаржаргал, Х.Тэмүүжин, П.Алтангэрэл, Д.Балдан-Очир нарын 13 гишүүний санаачлан боловсруулсан Монгол Улсын Их Хурлын сонгуулийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын хоёр төслийг өнгөрсөн долоо хоногт УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар хэлэлцэн дэмжиж, хоёр төслийг нэгтгэсэн нэг хувилбар боловсруулах үүрэгтэй ажлын хэсгийг Төрийн байгуулалтын байнгын хорооноос байгуулахаар болсон юм.

МУИС-ийн Хууль зүйн сургуулийн тэнхмийн эрхлэгч доктор, профессор Д.Солонго “Монгол Улсын Их Хурлын сонгуулийн тухай хууль ба Үндсэн хууль” сэдвээр илтгэл тавилаа. Тэрбээр энэхүү илтгэлээ бэлтгэхийн тулд дэлхийн 42 орны Үндсэн хуулийн хүрээнд бичил судалгаа хийжээ. Тэдгээр 42 орны Үндсэн хуулийн дийлэнх буюу 38 улс нь Үндсэн хуулиндаа сонгуулийн эрхийн зарчмыг тусгаж хуульчилсан байх агаад бүх нийтийн, шууд, тэгш, чөлөөт, саналаа нууцаар гаргах зарчмуудыг бүгдийг нь, эсвэл гурваас дөрвийг нь сонгон хуульчилсан байдаг. Харин АНУ, БНХАУ, Мальта, Японы Үндсэн хуулинд сонгуулийн эрхийн зарчмын талаар огт дурьдаагүй байдаг аж.

Түүнчлэн эдгээр орнуудын гурав нь буюу АНУ, БНХАУ, Японы Үндсэн хуулинд сонгуулийн системийн талаар хуульчлаагүй бол үлдсэн 39 орны 21 нь Үндсэн хуулиндаа сонгуулийн системийн талаар мажоритар, пропорциональ гэх зэргээр зориуд нэр зааж хуульчилсан байдаг тул манай улс ч гэсэн сонгуулийн ямар системийг сонгох нь Үндсэн хуулиар тодорхойлогдох зүйлийн нэг байж болохыг судлаач илтгэлдээ онцоллоо. Манай улсын тухайд Үндсэн хуулиндаа иргэдийн сонгох эрхээ хэрэгжүүлэх зарчмыг “бүх нийтийн, чөлөөт, шууд сонгох эрхийн үндсэн дээр саналаа нууцаар гаргаж” хэмээн тодорхойлж хуульчилсан нь олон улсын жишигт нийцэлтэй зохицуулалт юм. Харин сонгуулийн системийн хувьд Үндсэн хуулинд нэгэнт тодорхойлоогүй байх тул органик хуулиар зохицуулах нь дамжигггүй. Энэ нь ч илүү оновчтой хувилбар байж болох юм гэдгийг тэрбээр дурьдав. Мөн 1990 оноос манай улс мажиротар системээр сонгуулийн үр дүнг гаргаж ирсэн. Гэвч энэ арга нь манайд зохимжтой биш гэж үзэх үндэслэл удаа дараагийн сонгуулийн үр дүнгээс харагддаг. Тухайлахад 2000 онд нэг мандаттай 76 тойргоор явагдсан УИХ-ын сонгуулийн мэдээнээс үзвэл МАХН сонгогчдын 53,32 хувийн санал, 72 суудал, АН 13,35 хувийн санал, 1 суудал, ИЗН 3,45 хувийн санал, 1 суудал, МАШСН 10,95 хувийн санал, 1 суудал, бие даан нэр дэвшигчид 2,92 хувийн санал, 1 суудал авсан бол бусад намаас нэр дэвшигчид 15,97 хувийн саналтай нэг ч суудал аваагүй байна. Тус сонгуулиар нийт сонгогчдын 16 хувь буюу 190 мянган сонгогчийн санал гээгдсэн нь бараг 10 гаруй тойргийн сонгогчийн санал гэсэн үг юм. Тэгвэл 2008 оны УИХ-ын ээлжит сонгуулийг олон мандаттай 26 тойргоор явуулахад МАХН нийт сонгогчдоос 1,514855 санал авч 45 суудалтай байхад АН 1,396625 санал авч 28 суудалтай байна. Эндээс хоёр намын авсан саналын тоо ойролцоо хэдий ч ноогдох суудлын тоо нэлээд ялгаатай нь харагдаж байна. Иймээс манай улсын хувьд сонгуулийн системийг зайлшгүй өөрчлөх шаардлага байгааг доктор Д.Солонго онцоллоо.

Нээлттэй хэлэлцүүлэгт оролцсон УИХ-ын гишүүд, улс төрийн намууд, иргэний байгууллагын төлөөллүүд, улс төр судлаачид дараа нь сонгуулийн хуулийн төслүүдийн танилцуулга болон илтгэлтэй холбогдуулан асуулт асууж, саналаа хэлэхдээ сонгуулийн хуулийн хоёр төсөлд авууштай санаа, давуу талууд байгааг онцлохын сацуу Монголын нөхцөл байдалд аль болохоор нийцсэн, сонгогчдын эрхийг хамгаалсан, сонгуулийн шударга, ил тод, нээлттэй байдлыг хангасан тийм оновчтой хувилбарыг сонгоход анхаарах, улс төрийн намууд, бие даагчдын босгыг багасгах, сонгуулийн санал авах, дүн гаргах процессыг сонгогчдод ойлгомжтой, хялбар дөхөм болгох зэргийг онцлон дурьдаж байлаа.

УИХ-ын Төрийн байгуулалтын байнгын хорооны дарга Ө.Энхтүвшин нээлттэй хэлэлцүүлгийг хааж хэлсэн үгэндээ, сонгогчдын өгсөн санал, сонгуулийн дүн хоёр нийцэж байх, мөнгөний хүчин зүйлийн нөлөөллийг багасгах, улс төрийн намуудыг төлөвшүүлэх, жендерийн тэгш бус байдлыг зохицуулах, сонгуулийн хууль, санал өгөх, дүнг гаргах процесс нь сонгогчдод аль болохоор хялбар, ойлгомжтой байх, УИХ-ын гишүүн нь тойргийн биш нийт улс орны эрх ашгийн төлөө ажиллах бололцоог бүрдүүлэх үүднээс УИХ-ын сонгуулийн хуулийг зайлшгүй өөрчлөх болсныг онцлоод нээлттэй хэлэлцүүлэгт оролцож төслөө танилцуулсан, илтгэл тавьсан болон санал бодлоо нэмэрлэсэн бүх хүнд талархал илэрхийлэв.

Сонгуулийн хуулийн хоёр төслийг нэгтгэн боловсруулах үүрэгтэй ажлын хэсгийг Төрийн байгуулалтын байнгын хорооноос удахгүй байгуулсны дараа улс төрийн намууд, эрдэмтэн судлаачид, иргэний байгууллагын төлөөллийг оролцуулсан санал солилцох иймэрхүү хэлэлцүүлэг, уулзалт, ярилцлагыг удаа дараа зохион байгуулж, сонгуулийн боломжийн хуультай болохын төлөө байгаагаа тэрбээр онцоллоо.
0ЭКСПЕРТсэтгэгдэл
Сэтгэгдэл оруулахын тулд та хэрэглэгчийн эрхээр нэвтэрнэ үү.
Экспертүүдийн сэтгэгдэл
Одоогоор сэтгэгдэл нэмэгдээгүй байна.