Дэгийн хуулийн төслийг дэмжиж, дэд хорооны дүрмийг батлав
2010.05.20

Дэгийн хуулийн төслийг дэмжиж, дэд хорооны дүрмийг батлав

Төрийн байгуулалтын байнгын хороо өнөөдөр үдээс хойш хуралдаж, Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуtbbaingii_horooульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай Монгол Улсын Ерөнхийлөгчөөс санаачилсан хуулйн төсөл, мөн УИХ-ын гишүүн Ч.Сайханбилэг, Су.Батболд нарын санаачилсан Монгол Улсын ИХ Хурлын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Монгол Улсын Их Хурлын чуулганы дэгийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслүүдийн хэлэлцэх эсэх асуудлыг хэлэлцлээ.

Үндсэн хуульд “Ерөнхийлөгч Монгол Улсын Их Хуралд болон ард түмэндээ хандан илгээлт гаргаж, чуулганд өөрийн тааллаар оролцон улс орны дотоод, гадаад байдлын нэн чухал асуудлаар мэдээлж, саналаа оруулж болно”, мөн Ерөнхийлөгчийн тухай хуульд “Хууль санаачлагчаас УИХ-д өргөн мэдүүлсэн хуулийн төслийн талаар саналаа илэрхийлж болно” гэж заасан байдаг.

Гэвч Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуульд Ерөнхийлөгч хуулийн төслийн талаар хэрхэн санал гаргах, санал гаргасан тохиолдолд уг саналыг байнгын хорооны болон чуулганы нэгдсэн хуралдаанаар хэрхэн хэлэлцэх талаархи заалт байдаггүйгээс Ерөнхийлөгч хуулиар олгосон бүрэн эрхээ бодитойгоор хэрэгжүүлэх боломжгүй байгаа тул УИХ-ын чуулганы хуралдааны дэгийн тухай хуульд нэмэлт оруулах шаардлагатай гэж үзэж хуулийн төсөл санаачилсан байна. Уг хуулийн төсөлд байнгын хорооны хуралдаанаар хэлэлцэж эхлэхээс өмнө аливаа хууль санаачлагч нь хуулийн төсөл болон түүнд хавсаргасан баримт бичгийн хувийг Ерөнхийлөгчид хүргүүлэх, Ерөнхийлөгч тодорхой нэмэлт санал илэрхийлсэн бол Ерөнхийлөгчийн Тамгын газар, түүнийг санал хураалгах томъёоллын хамт холбогдох байнгын хороонд хүргүүлэх, тухайн байнгын хороо нь Ерөнхийлөгчөөс ирүүлсэн саналын томъёоллыг нэг бүрчлэн хэлэлцэн санал хураалт явуулж олонхийн санал авсан, аваагүйгээр нь бүлэглэн чуулганы нэгдсэн хуралдаанд танилцуулж санал хураалгах, байнгын хороо анхны хэлэлцүүлэг явуулах үед Ерөнхийлөгч буюу түүний бие төлөөлөгч хууль санаачлагчаас асуулт асууж, саналаа урьдчилан бичгээр томъёолж хуралдаан даргалагчид өгсний үндсэн дээр саналын үндэслэлээ тайлбарлан үг хэлж санал хураалгах, санал нь олонхийн дэмжлэг аваагүй бол нэгдсэн хуралдаанд зарчмын зөрүүтэй саналаа тайлбарлан үг хэлж санал хураалгах хүсэлтээ байнгын хорооны санал, дүгнэлтэд тусгуулах, Ерөнхийлөгчөөс санал болгосон томъёолллоор санал хураалт явуулсан тохиолдолд төслийн томъёолол хажуугийн саналд тооцогдохоор тусгасныг байнгын хорооны гишүүдийн олонхи нь дэмжлээ.

Харин УИХ-ын гишүүн Ч.Сайханбилэг, Су.Батболд нарын санаачилсан УИХ-ын чуулганы хуралдааны дэгийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөлд нэгдсэн хуралдаанд үг хэлэхээр нэр өгсөн гишүүд хуралдаан даргалагчийн зөвшөөрснөөр дарааллын дагуу индэр дээрээс үг хэлнэ, хуралдаанаар хэлэлцэж байгаа асуудлыг ил болон нууц санал хураалтаар шийдвэрлэнэ, хуралдаан даргалагч санал хураалт явуулах цагийг урьдчилан товлож зарлах бөгөөд санал хураалт явууулахаас 5 минутын өмнө тусгайлан дохио өгч гишүүдэд мэдэгдэнэ, байнгын, дэд, түр хороо, нам, эвслийн бүлэг болон ажлын хэсгийн хуралдаан дууссаны дараа хуралдаан даргалагч нь хэвлэл, мэдээллийн ажилтнуудад мэдээлэл өгөх зориулалтын өрөөнд хуралдааны талаар мэдээлэл хийж болох бөгөөд хуралдаанд хэлэлцэж буй асуудлаар цөөнх болсон гишүүдийг төлөөлж нэг гишүүн байр сууриа хэвлэл, мэдээллийн ажилтнуудад мэдээлэл өгөх зориулалтын өрөөнд мэдээлэл өгч болохоор тусгажээ.

Түүнчлэн гишүүдийн асуулт асуух хугацаа 4 минутаас илүүгүй, нэмэлт асуулт асуух хугацаа 1 минутаас илүүгүй байх бөгөөд нэмэлт хариулт, тайлбар хангалтгүй гэж үзвэл тухайн гишүүний саналаар 2 хүртэл удаа тус бүр 1 минутаас илүүгүй хугацаагаар дахин нэмэлт асуулт асууж тайлбар авах, байнгын хороо урьдчилан хэлэлцэж санал, дүгнэлт гаргасан асуудлыг нэгдсэн хуралдаанаар хэлэлцэх үед нам, эвслийн бүлгээс 5 хүртэл гишүүн, нам, эвслийн бүлэг байгуулаагүй намаас 1 гишүүн, бие дааж нэр дэвшиж сонгогдсон гишүүд асуулт асууж, нам, эвслийн бүлгээс 3 хүртэл гишүүн, бүлэг байгуулаагүй бол 1 гишүүн, бие дааж нэр дэвшин сонгогдсон гишүүд үг хэлж болох бөгөөд байнгын хороод илтгэгч, асуулт асуух болон үг хэлэх гишүүдийг урьдчилан тогтоож долоо хоногийн хэлэлцэх асуудлын тов, дараалалд нэрсийг нь оруулан олон нийтэд урьдчилан мэдээлэхээр тусгасан байна. Хуулийн төсөлтэй холбогдуулан байнгын хорооны гишүүн Д.Дондог, Э.Бат-Үүл, Д.Энхбат, Д.Одхүү, Э.Мөнх-Очир, Д.Лүндээжанцан, Г.Баярсайхан нарын асуултад төсөл санаачлагч Ч.Сайханбилэг хариулт өгөв.

Харин хуулийн төслийн талаар үг хэлсэн гишүүн Н.Энхболд: Энэ хуулийн төсөл нь хуулийг агуулга сайтай, цэгцтэй болгох, нөгөө талаар нухацтай хэлэлцэж шийдвэрээ түргэн гаргах боломж олгох учраас төслийг хурдан хэлэлцэхэд байнгын хороо анхаарах нь зүйтэй юм, гишүүн Ц.Батбаяр: Чуулган нь УИХ-ын үлй ажиллагааны хамгийн гол хэлбэр тул үг хэлэх, асуулт асуух хэдэн хүний нэрийг намын бүлгээс урьдчилан сонгож байгаа нь гишүүний үг хэлэх саналаа гаргах бүрэн эрхэд халдсан асуудал болно, гишүүн Д.Одхүү: Төрийн нэр хүнд, дархлааг бид өөрсдөө унагаж байна. Бидэнд эрхээс гадна бас үүрэг хариуцлага гэж бий. Телевизийн камерийн өмнө үг хэлэх нь гол биш гаргаж буй хуулиа сайтар нягтлах нь бидний үүрэг. Иймээс улстөржихгүйгээр энэ хуулийн төслийг дэмжмээр байна, гишүүн Д.Энхбат: Дэгийн хуулийг зоригтойхон өөрчилж концепцийн хувьд томоохон алхам хийх нь зүйтэй юм, гишүүн Э.Бат-Үүл: Үнэнийг хэлэхэд УИХ маань одоо цуглаан шиг болчихоод байна.

Тиймээс УИХ-аа төрийн бодлого хэлэлцэж тогтоодог ажил хэргийн институци болгомоор байна, гишүүн Р.Раш: УИХ-ын үйл ажиллагаа хэлэлцэж буй асуудлын төлөвлөлт, түүний үр дүнгээс хамаатай. Чуулганы төгсгөлд баахан асуудал хэлэлцэхээр жагсаачихдаг, гэтэл талыг нь ч хэлэлцэн шийдвэрлэж чаддаггүй байдалд анхаармаар байна. Түүнчлэн ашиг сонирхлын зөрчлөөс ангид байх үүднээс УИХ-ын гишүүд эдийн засгийн чиглэлтэй хуулийн төсөл бага санаачилмаар байна. Асуудал, мөнгө хөрөнгө мэддэгийн хувьд үүнийг Засгийн газар нь санаачлах нь зүйтэй юм гэж байлаа. Ингээд байнгын хорооны хуралдаанд оролцсон гишүүдийн олонхи нь хуулийн төслийг дэмжсэн тул чуулганы нэгдсэн хуралдаанд оруулж хэлэлцүүлэхээр болов.

Дараа нь Ёс зүйн дэд хорооны дүрэм батлах тухай байнгын хорооны тогтоолын төслийг хэлэлцлээ. Энэ асуудлыг тус байнгын хороо өнгөрсөн долоо хоногт хэлэлцэх үеэр МАХН-ын бүлгийн ахлагч Д.Лүндээжанцан дэд хорооны гишүүдийн тооны харьцааны талаар бүлэг дээрээ дахин ярилцахаар завсарлага авсан юм. Харин тус намын бүлэг дэд хорооны гишүүдийн тооны харьцааны талаар ажлын хэсгээс оруулсан саналыг зарчмын хувьд дэмжихэээр болсон байна. Ингээд ажлын хэсгээс оруулсан дэд хорооны гишүүдийн талыг УИХ-д хамгийн олон суудалтай нам, эвсэл, үлдсэн хэсгийг УИХ-д суудалтай бусад нам, эвсэл, бие даагчдаас бүрдүүлэх саналыг байнгын хорооны гишүүдийн олонхи нь дэмжиж, Ёс зүйн дэд хорооны дүрмийг батлах тухай байнгын хорооны тогтоолыг баталлаа.
0ЭКСПЕРТсэтгэгдэл
Сэтгэгдэл оруулахын тулд та хэрэглэгчийн эрхээр нэвтэрнэ үү.
Экспертүүдийн сэтгэгдэл
Одоогоор сэтгэгдэл нэмэгдээгүй байна.