Тайландын зочдыг хүлээн авч уулзав
2010.05.20

Тайландын зочдыг хүлээн авч уулзав

УИХ-ын Төрийн байгуулалтын байнгын хорооны дарга Ө.Энхтүвшин, УИХ-ын гишүүн, УИХ дахь Монгол-Тайландын парламентын бүлгийн дарга Я.Батсуурь, УИХ-ын гишүүн Э.Мөнх-Очир, Д.Дондог, Э.Бат-Үүл болоод албаны хүмүүс манай оронд айлчиh_111лж байгаа Тайландын Сенатын гишүүн, Сенатын танхимын байнгын хорооны дарга Тираватр Куллаванижая тэргүүтэй төлөөлөгчдийг өнөөдөр Төрийн ордонд хүлээн авч уулзлаа. Уулзалтаар хоёр орны парламент хоорондын хамтын ажиллагааны талаар санал солилцов.

Байнгын хорооны дарга уулзалтын эхэнд УИХ-ын үйл ажиллагаа, байнгын хорооны ажлын чиглэлийн талаар төлөөлөгчдөд товч танилцуулав. Тэрбээр УИХ-ын энэ удаагийн чуулганаар тус байнгын хороо улс орны өмнө тулгамдаж буй олон чухал асуудлыг хэлэлцүүлж батлуулахаар ажиллаж байгаа, тэр дундаа УИХ-ын тухай, УИХ-ын чуулганы хуралдааны дэгийн тухай, УИХ-ын сонгуулийн тухай хуулийн төслүүдийг чуулганаар хэлэлцүүлж эхлээд байгаа. Мөн Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах журмын тухай хуулийн төслийг хэлэлцүүлэхээр бэлтгэж байгааг дурьдав. Парламентын үйл ажиллагаа, эрх зүйн үндсийг боловсронгуй болгох, сонгуулийн тогтолцоог улс орны улс төр, нийгмийн өнөөгийн онцлог байдалд нийцүүлэн шинэчлэхээр ажиллаж буй энэ үед Тайландын парламентын төлөөлөгчид айлчилж байгаа нь харилцан суралцах, туршлага, мэдээлэл, санал бодлоо солилцож ойлголцоход чухал ач холбогдолтойг тэрбээр онцоллоо.

Ноён Тираватр Куллаванижая хэлэхдээ, ОУПХ-ын гишүүн, тэр дундаа үйл ажиллагааны ихээхэн онцлог ялгаатай Монголын парламенттай танилцах завшаан олдсонд олзуурхаж буйгаа тэмдэглээд өөрийн орны парламентын талаар товч танилцуулав. Тайландын парламент нь Сенатын, Төлөөлөгчдийн гэсэн хоёр танхимтай. Танхим бүр нь тусдаа байнгын хороотой. Зөвхөн Сенатын буюу дээд танхим нь гэхэд 22 байнгын хороотой аж. Тайландын парламентын төлөөлөгчид алслагдсан хязгаар нутгийн иргэд болон хүн амын ядуу хэсгийн амьжиргааны асуудал, түүнчлэн боловсролын талаар хууль эрх зүйн ямар зохицуулалттайг сонирхож байсан бол уулзалтад оролцсон манай УИХ-ын гишүүд сүүлийн үед Тайланд улсын дотоодын байдал тогтворгүй байгаад сэтгэл зовниж, асуудлыг ойрын үед нааштайгаар зохицуулж шийднэ гэдэгт итгэж буйгаа илэрхийлж байлаа.
0ЭКСПЕРТсэтгэгдэл
Сэтгэгдэл оруулахын тулд та хэрэглэгчийн эрхээр нэвтэрнэ үү.
Экспертүүдийн сэтгэгдэл
Одоогоор сэтгэгдэл нэмэгдээгүй байна.