Ази-Номхон далайн парламентын чуулганы Ерөнхийлөгчийн бүрэн эрх УИХ-ын даргад шилжлээ
2010.05.20

Ази-Номхон далайн парламентын чуулганы Ерөнхийлөгчийн бүрэн эрх УИХ-ын даргад шилжлээ

Ази-Номхон далайн парламентын чуулганы албан ёсны тугийг гардуулах ёслолын ажиллагаа УИХ-ын өнөөдрийн чуулганы нэгдсэн хуралдааны дундуур чуулганы хуралдааны танхимд болов. Энэ оны нэгдүгээр сарын 17-22-нд Сингапур улсад болсон Ази-Номхон далайн парламентын 18 дугаар чуулганаар дараагийн ээлжит 19 дүгээр чуулганыг 2011 оны нэгдүгээр сард Монгол Улсад зохион байгуулахаар шийдвэрлэсэн билээ. Энэ ажлын хүрээнд ээлжит 18 дүгээр чуулганы Ерөнхийлөгч, Сингапурын Парламентын спикер ноён Абдуллах Тармүги Монгол Улсын Их Хурлын дарга Д.Дэмбэрэлд албан захидал ирүүлж, Ази-Номхон далайн парламентын чуулганы Ерөнхийлөгчийн бүрэн эрхийг Монголын парламентын тэргүүнд шилжүүлж буйгаа албан ёсоор мэдэгдсэн байна. УИХ-ын дэд дарга, Монголын парламентын бүлгэмийн дарга Н.Энхболд УИХ-ын чуулганы хуралдаан дээр энэ талаар хийсэн мэдээлэлдээ: -Монгол Улсын Их Хурал нь Ази-Номхон далайн парламентын чуулганы гишүүний хувьд тус чуулганы дүрэмд “Ээлжит хурал зохион байгуулах орон нь өөрийн улсын парламентаас Ази-Номхон далайн парламентын чуулганы Ерөнхийлөгчийг сонгох ба тэрхүү үүргийг тавдугаар сараас эхлэн дараагийн ээлжит хурал болох тухайн жилийн дөрөвдүгээр сар хүртэл Ерөнхийлөгчийн бүрэн эрхийг хэрэгжүүлнэ” гэж заасныг иш үндэс болгож УИХ-ын дарга Д.Дэмбэрэл Та тус чуулганы Ерөнхийлөгчийн бүрэн эрхийг хүлээн авна уу. Бид мөн Сингапурын Парламентын спикерээс Ази-Номхон далайн парламентын 18 дугаар чуулганы тайлан илтгэл, чуулганы албан ёсны тугийг хүлээн аваад байна. УИХ-ын дарга Д.Дэмбэрэл 2010 оны тавдугаар сарын 13-нд 74 тоот зdemberel_nахирамж гаргаж Ази-Номхон далайн парламентын 19 дүгээр чуулганыг зохион байгуулах Үндэсний хороог байгуулсан билээ. Ийнхүү Монгол Улсын Их Хурал Ази-Номхон далайн парламентын 19 дүгээр чууулганыг эх орондоо зохион байгуулагч орон болж буйг зарлан мэдэгдэхийг хүсч байна гээд Ази-Номхон далайн парламентын чуулганы албан ёсны туг, өмнөх чуулганы Ерөнхийлөгчийн албан захидлыг УИХ-ын даргад гардуулав.

УИХ-ын дарга Д.Дэмбэрэл чуулганы албан ёсны тугийг хүлээн аваад хэлсэн үгэндээ, энэ нь Олон улсын парламентын холбооны гишүүн, Ази-Номхон далайн парламентын чуулганы гишүүний хувьд Монгол Улсын Их Хуралд хүлээлгэж байгаа өндөр итгэл найдвар, бас ихээхэн үүрэг хариуцлага юм. Иймээс энэ чуулганд сайн бэлтгэж зохион байгуулах нь Монголын парламентын нэр хүндтэй холбоотой чухал арга хэмжээ гэж ойлгох учиртай. Чуулганыг зохион байгуулах Үндэсний хороог албан ёсоор байгуулсан. Бүрэлдэхүүнд нь УИХ-ын олон гишүүн, мөн Засгийн газрын зарим гишүүд орсон байгаа.

Иймээс энэхүү чухал арга хэмжээг амжилттай зохион байгуулах нь улс орны нэр хүндтэй холбоотой, УИХ-ын төдийгүй Засгийн газрын идэвх чармайлтаас хамаарах асуудал тул аль аль талдаа анхаарал тавих нь чухал байгааг онцоллоо. Монгол Улсын Их Хурал Ази-Номхон далайн парламентын 19 дүгээр чуулганыг эх орондоо зохион байгуулах болсонтой холбогдуулан УИХ-ын дэд дарга, Монгоын парламентын бүлгэмийн дарга Н.Энхболд, УИХ-ын гишүүн, УИХ дахь Монгол- Ази-Номхон далайн бүс нутгийн орнуудын парламентын бүлгийн дарга Д.Загджав нар өнөөдөр 14.00 цагаас Төрийн ордны мэдээллийн төвд хэвлэлийн бага хурал хийх юм.
0ЭКСПЕРТсэтгэгдэл
Сэтгэгдэл оруулахын тулд та хэрэглэгчийн эрхээр нэвтэрнэ үү.
Экспертүүдийн сэтгэгдэл
Одоогоор сэтгэгдэл нэмэгдээгүй байна.