Ашигт малтмалын бүтээгдэхүүнээс өсөн нэмэгдэх нөөц ашигласны төлбөр авдаг болно
2010.05.22

Ашигт малтмалын бүтээгдэхүүнээс өсөн нэмэгдэх нөөц ашигласны төлбөр авдаг болно

УИХ-ын гишүүн, Сангийн сайд С.Баярцогт Засгийн газраас санаачлан боловсруулсан Ашигт малтмалын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг УИХ-ын дарга Д.Дэмбэрэлд өнөөдөр үдээс хойш өргөн барилаа.

Уул уурхайн салбар эдийн засагт тэргүүлэх байр эзэлдэг манай улсын хувьд бусад оронтой адил хөрөнгө оруулагчийн өөрийн үйл ажиллагаанаас үл хамаарсан, гадаад зах зээл дээрх тааламжтай нөхцөл байдлын улмаас бий болсон нэмэгдэл ашгаас тодорхой хувийг хүртэх шаардлагатай байна гэж Засгийн газар үзэж байгаа аж. Иймээс ашигт малтмалын үнийн өсөлтөөс бий болох нэмэгдэл ашгаас тодорхой хэсгийг хүртэх зорилгоор Ашигт малтмалын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулж өсөн нэмэгдэх ашигт малтмалын нөөц ашигласны төлбөрийг нэвтрүүлэхээр энэхүү хуулийн төслийг боловсруулжээ.
bayartsogt_huuli
Уул уурхай хөгжсөн орнуудад ашигт малтмалын нөөц ашигласны төлбөрийг ногдуулахдаа үйлдвэрлэсэн бүтээгдэхүүний тоо хэмжээ, нэр төрөл, үнэ ханшаас хамааруулан ялгавартай тогтоодог. Мөн орлогын албан татварын хувь хэмжээ, татварын орчин зэрэг уул уурхайн салбарын татварын ачааллыг цогцоор нь авч үзэж ашигт малтмалын нөөц ашигласны төлбөрийг 0-10 хүртэл хувиар тогтоодог юм байна. Иймээс өөрийн орны аж ахуйн нэгжийн орлогын албан татварын хувь хэмжээ, татварын орчинг уул уурхай өндөр хөгжсөн бусад орнуудынхтай харьцуулж үзэхийн зэрэгцээ ашигт малтмалын үнийн өсөлттэй уялдуулан өсөн нэмэгдэх ашигт малтмалын төлбөрийн дээд хэмжээг 5 хувиар тогтоож ногдуулахар хуулийн төсөлд тусгажээ. Энэ нь үндсэн хувьтайгаа нийлээд 10 хувь байх аж.

Манай улсын нутаг дэвсгэрээс олборлосон зэс, алт, цайр, молибден, гянт болд, төмрийн хүдэр, тэдгээрийн баяжмал, хайлуур жонш, хар, цагаан тугалга, түүхий болон боловсруулсан нүүрс зэрэг 12 төрлийн ашигт малтмалын бүтээгдэхүүнийг энэ төлбөрт хамруулахаар хуулийн төсөлд тусгасан байна. Хуульд нэмэлт, өөрчлөлт оруулж өсөн нэмэгдэх ашигт малтмалын нөөц ашигласны төлбөрийг нэвтрүүлснээр улсын төсөвт 80 орчим тэрбум төгрөгийн орлого төвлөрнө. Цаашид стратегийн ач холбогдол бүхий ашигт малтмалын орд газрууд эдийн засгийн эргэлтэд орж, ашигт малтмалын бүтээгдэхүүн, үйлдвэрлэлийн хэмжээ нэмэгдэж, зах зээл дээрх үнэ ханш нь өсөх тохиолдолд төсөвт төвлөрөх орлогын хэмжээ улам нэмэгдэнэ гэж Засгийн газар үзж байгаа юм байна.
0ЭКСПЕРТсэтгэгдэл
Сэтгэгдэл оруулахын тулд та хэрэглэгчийн эрхээр нэвтэрнэ үү.
Экспертүүдийн сэтгэгдэл
Одоогоор сэтгэгдэл нэмэгдээгүй байна.