Энхийг сахиулах ажиллагаанд оролцож буй эмэгтэйчүүдийн эзлэх хувийг 15%-д хүргэнэ
2024.03.06

Энхийг сахиулах ажиллагаанд оролцож буй эмэгтэйчүүдийн эзлэх хувийг 15%-д хүргэнэ

Төрийн цэргийн болон хууль сахиулах байгууллагын нийт бие бүрэлдэхүүний 50.3 хувийг ахлагч бүрэлдэхүүн эзэлдэг бол ахлагч бүрэлдэхүүний 21.9 хувийг эмэгтэй алба хаагчид эзэлдэг.

Ахлагч нарын мэргэжил, ур чадварыг дээшлүүлэх, ажлын талбарт өсөн дэвжих боломж нөхцөлийг бүрдүүлэх, улмаар нийгмийн асуудлыг шийдвэрлэх үүднээс Монгол Улсын Ерөнхийлөгч, Зэвсэгт хүчний Ерөнхий командлагчийн санаачилгаар 2024 оныг “АХЛАГЧИЙН ЖИЛ” болгон зарласан. Энэ хүрээнд Төрийн цэргийн болон хууль сахиулах байгууллагуудын эмэгтэй ахлагчдын анхдугаар чуулганыг өнөөдөр зохион байгуулж байна.

Нийгмийн асуудлаас гадна эмэгтэй ахлагч нарын хувьд өсөж хөгжих, тэднийг мэргэжлийн түвшинд бэлтгэх боловсрол, сургалтын тогтолцоог боловсронгуй болгох асуудал нэн чухлаар тавигдаж байгааг энэ үеэр хөндөж байв. Тухайлбал, эмэгтэй ахлагч нараас сүүлийн 3 жилд гадаадад мэргэжил дээшлүүлсэн 21 хүн байгаа бол жилд дунджаар 100 хүрэхгүй эмэгтэй ахлагчид иргэний мэргэжил эзэмшүүлсэн нь учир дутагдалтай юм.

Монгол Улс “Эмэгтэйчүүд, энх тайван, аюулгүй байдлын хөтөлбөр”-ийн хэрэгжилтийг дэмжиж, 2027 он гэхэд Энхийг сахиулах ажиллагаанд оролцож буй эмэгтэйчүүдийн эзлэх хувийг 15%-д хүргэх бодлогыг тууштай баримтлан ажиллаж байгаа тул эмэгтэй ахлагч нарын бие бүрэлдэхүүнийг илүү чадавхжуулах, мэргэжил, мэдлэг, ур чадварыг нь дээшлүүлэхэд бүх талаар дэмжиж ажиллахаа илэрхийлье.

Алунгоо эх, Өэлүн эх, Бөртэ үжин, Сорхугтани бэхи, Мандухай сэцэн хатан зэрэг домогт хатдын үйл хэргийг залгамжлан монгол төрийн үйл хэрэгт манлайлан оролцож, улс эх орныхоо тусгаар тогтнол, аюулгүй байдал, хөгжил дэвшил, бүтээн байгуулалт, өөрчлөлт шинэчлэлтийн түүхэн цаг үе болгонд өргөсөн тангарагтаа үнэнчээр хүчин зүтгэж яваа мөрдэс гоёсон бүсгүйчүүд Та бүхэн маань энэ цагийн бахархлууд мөнөөсөө мөн билээ.

Хүн төрөлхтнийг барьц алдуулж, дэлхий нийтийг донсолгосон “Ковид-19” халдварт цар тахлын үед Төрийн цэргийн болон хууль сахиулах байгууллагын эмэгтэй алба хаагчид, эрхэм АХЛАГЧ нар маань эрүүл мэндийн салбарынхны нэгэн адил бүтэн 2 жил гаруйн хугацаанд цуцашгүй ажилласныг түүх мартахгүй.