МОНГОЛ УЛСАД НИСЭХ ХҮЧИН ҮҮСЧХӨГЖСӨНИЙ 85 ЖИЛИЙН ОЙН БАЯРЫНМЭНДЧИЛГЭЭ
2010.05.25

МОНГОЛ УЛСАД НИСЭХ ХҮЧИН ҮҮСЧХӨГЖСӨНИЙ 85 ЖИЛИЙН ОЙН БАЯРЫНМЭНДЧИЛГЭЭ

Ардын Засгийн газраас нисэх хүчин байгуулахын ач холбогдол, шаардлагыг онцгойлон анхаарч, өргөн олны дунд хандив тусламжийн хөдөлгөөн өрнүүлж, улс орноороо хүчин зүтгэл гаргаснаар 1925 оны тавдугаар сарын 25-ны өдөр battulga_10анхны Ю-13 хэмээх онгоцыг Улаанбаатар хотын Консулын дэнж дээр хүлээн авсан онцгой содон үйл явдлаар Монгол Улсын Нисэх хүчний түүхэн хөгжил эхэлснээс хойш 85 жилийн ойтойгоо өнөөдөр золгож байна. Дэлхий даяар нисэх хүчний үүсэл хөгжил төдийлөн эрчимжээгүй, эхлэл төдий байсан 20 дугаар зууны эхэн үед агаараар нисдэг аэроплан хөлөглөх хувь Монголын ард түмэнд тохиож, улмаар Монгол Улс сансрын уудмыг судлан, эзэмшсэн цөөхөн улс орны нэг болтлоо хөгжихөд нисэх хүчний салбарын оруулсан хувь нэмэр асар их юм.

Нисэх хүчний салбарын үе үеийн ажилтнууд, ахмадууд та бүхэндээ Монгол Улсын Засгийн газар, Зам, тээвэр, барилга, хот байгуулалтын яамны нэрийн өмнөөс болон хувиасаа Монгол Улсад Нисэх хүчин үүсч хөгжсөний 85 жилийн ойн баярын мэндийг дэвшүүлье.

Монгол Улсын төрөөс нисэхийн салбарыг хөгжүүлэх талаар бодлогын чанартай томоохон шийдвэр гарган хэрэгжүүлсний нэг нь цэргийн нисэх хүчин иргэний агаарын тээврийн үйлчилгээг гүйцэтгэх болсон бөгөөд энэ нь орчин үеийн иргэний нисэхийн салбарын үүсэл, хөгжилд томоохон ач холбогдол бүхий арга хэмжээ байв.

Өнөөдөр иргэний нисэх нь аюулгүй ажиллагааны хяналт, зохицуулалт, эрх зүйн боловсронгуй тогтолцоог бүрдүүлсэн, орчин үеийн агаарын хөлөг хүлээн авах хүчин чадал бүхий нисэх буудлын сүлжээ бүхий, дэлхийд нээлттэй, орчин үеийн тоног төхөөрөмж, технологийн дэвшлийг амжилттай нэвтрүүлсэн олон улсын жишигт нийцсэн навигацийн үйлчилгээ үзүүлдэг, улс орны эдийн засаг, нийгмийн хөгжилд жинтэй хувь нэмэр оруулдаг салбар болон хөгжиж байгаа нь Нисэх хүчний үе үеийн ажилтнуудын хичээл зүтгэл, хамтын хөдөлмөр болохыг онцгойлон тэмдэглэж байна.

Иргэний нисэхийн салбарт томоохон хөрөнгө оруулалт хэрэгжиж ирсний зэрэгцээ нисэхийн аюулгүй ажиллагааны хяналт, зохицуулалтын эрх зүйн зохицуулалтыг улам боловсронгуй болгох, сайжруулах, хэрэгжилтийг хангах ажлыг энэ онд эрчимтэй зохион байгуулж байна. Цаашид иргэний нисэхийн салбарт тогтвортой үйл ажиллагаа явуулах, төр хувийн хэвшлийн түншлэлийг хөгжүүлэх эрх зүйн зохицуулалтыг сайжруулах чиглэлээр ажиллах болно. Уул уурхайн үйлдвэрлэл, аялал жуулчлалын салбартай уялдан гарч буй ачаа, зорчигч эргэлтийн өсөн нэмэгдэж буй эрэлт хэрэгцээг хангах, улс орны эрчимтэй хөгжлийн түлхэц болохын хувьд агаарын тээврийн хөгжлийг түргэтгэх шаардлага зүй ёсоор гарч энэ талаар илүү чармайлт гарган түлхүү ажиллаж, Монгол Улсын хөгжлийн төлөө, хамтран ажиллаж тодорхой амжилтанд хүрнэ гэдэгт итгэлтэй байна.

Монгол орны агаарын орон зайн хүндэт харуул, эх орноо батлан хамгаалах салбарт нэр төртэй хөдөлмөрлөж байгаа улсын нисэх хүчнийхэн болон Монгол Улсын гадаад харилцаа, эдийн засаг, нийгмийн хөгжлийн тулгуур болсон иргэний нисэхийн салбарын хамт олон, нийт зорчигч, үйлчлүүлэгч та бүхэндээ ажил хөдөлмөрийн өндөр амжилт, аз жаргал, эрүүл энх, сайн сайхан бүхнийг хүсэн ерөөе. Та бүхэндээ тэнгэр цэлмэг, буулт нь зөөлөн байхын өлзийтэй ерөөлийг өргөн дэвшүүлье.

МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ГИШҮҮН,ЗАМ, ТЭЭВЭР,
БАРИЛГА, ХОТ БАЙГУУЛАЛТЫНСАЙД Х. БАТТУЛГА
0ЭКСПЕРТсэтгэгдэл
Сэтгэгдэл оруулахын тулд та хэрэглэгчийн эрхээр нэвтэрнэ үү.
Экспертүүдийн сэтгэгдэл
Одоогоор сэтгэгдэл нэмэгдээгүй байна.