Монгол-Тайландын парламентын бүлгийн дэд дарга Г.Тэмүүлэн Тайландын Хаант Улсын төлөөлөгчидтэй уулзлаа
Монгол Улсын Их Хурлын гишүүн, Төсвийн байнгын хорооны дарга, Монгол-Тайландын парламентын бүлгийн дэд дарга Г.Тэмүүлэн манай улсад туршлага судлах айлчлал хийж буй Тайландын Хаант Улсын Пражадхипок хааны институтын Нэгдүгээр нарийн бичгийн дарга Тавилвади Бүрээкүл тэргүүтэй төлөөлөгчдийг өнөөдөр хүлээн авч уулзлаа.
Хоёр улсын хооронд дипломат харилцаа тогтоосны 50 жилийн ой энэ онд тохиож байна. Ойн арга хэмжээний хүрээнд хоёр улсын хамтын ажиллагааг хөгжүүлэх, тэр дундаа парламент хоорондын хамтын ажиллагааны чиглэлээр Монгол Улсын улс төрийн тогтолцоо, ардчилсан засаглалын талаар сайн туршлагуудаас судлах үндсэн дээр айлчлал хийж буй талаар төлөөлөгчдийн тэргүүн тэмдэглэв.
Монгол Улсын Их Хурлын гишүүн, Төсвийн байнгын хорооны дарга, Монгол-Тайландын парламентын бүлгийн дэд дарга Г.Тэмүүлэн Монгол Улсын Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтөөр улс төрийн тогтолцоонд оруулсан өөрчлөлт хийгээд, нэвтрүүлж буй тогтолцооны туршлагууд, Сонгуулийн хуулийн өөрчлөлтийн хүрээнд сонирхсон асуултад нь мэдээлэл өгсөн юм. Мөн төлөөлөгчдийн сонирхсон төсвийн төлөвлөлтөд жендэрийн тэнцвэрийг хэрхэн анхаардаг талаар болон хүүхэд, залуучууд, бусад нийгмийн салбаруудын төсөвлөлтийг хэрхэн төсөвлөдөг талаар хариулт өгөхийн зэрэгцээ төсөв санхүү, татварын чиглэлээр хэрэгжүүлж байгаа сайн туршлагуудаасаа харилцан мэдээлэл солилцох, хамтран ажиллах талаар санал бодлоо хуваалцав.
Тайландын Хаант Улсаас хүрэлцэн ирсэн төлөөлөгчдийн бүрэлдэхүүнд Парламентын дээд (Сенат) танхим болон доод танхим (Үндэсний ассамблей)-ын гишүүд, Парламентын удирдлагад ажилладаг Пражадхипок хааны институтын эрхлэгч, судлаачид, Хөдөлмөрийн шүүхийн бүсийн Ерөнхий шүүгч, Эзэн хааны нисэх хүчний Агаарын штабын дарга, Эзэн хааны цагдаагийн Шүүх шинжилгээний товчооны командлагчийн орлогч зэрэг албан тушаалтнууд, хувийн хэвшлийн төлөөлөл багтсан байна гэж УИХ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах газраас мэдээллээ.