Б.Жавхлан: Хэдхэн жилийн дараа гурилын импортын татварыг буцаад тавихад тариалангийн салбар дампуурсан байна
2024.03.21

Б.Жавхлан: Хэдхэн жилийн дараа гурилын импортын татварыг буцаад тавихад тариалангийн салбар дампуурсан байна

УИХ-ын Төсвийн байнгын хороо, Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн байнгын хорооны хамтарсан хуралдаанаар 03 дугаар сарын 18-ны өдөр өргөн мэдүүлсэн Гаалийн албан татвараас чөлөөлөх тухай хуулийн төслийг хэлэлцэх эсэхийг хэлэлцсэн. Энэ үеэр Сангийн сайд Б.Жавхлан гаалийн албан татвараас чөлөөлж болохгүй гэдэг байр суурийг илэрхийллээ. 

Тэрбээр, " Гурилын гаалийн татвар 15 хувь гэдэг чинь хэзээ үүссэн юм бэ гээд бодоод үзээрэй. Атарын 1,2,3,4-р аяныг Төрийн нарийн бичгийн дарга, мөн Н.Ганибал дарга хүртэл хамт сууж эхлүүлж байсан. Атрын аянаа хамгаалах гэж энэ гаалийн татварыг тавьж байсан. ХХААХҮ-ийн яамныхан сууж байна. Тэгвэл одоо атрын аянаа дүгнэе. Атрын аян зорилгодоо хүрсэн үү. Атрын аян чинь дууссан юм уу. Атрын аян бүүр хэрэггүй болсон юм уу асууя.  Бид нар гурилын үнийг тогтвортой байлгах нь чухал гэж ярьдаг.

Гэтэл гурил өөрөө стратегийн бүтээгдэхүүн. Бидэнд түүнд холбогдуулан хэрэглэдэг хуулиуд олон байгаа. Шууд импортын татварыг болиулах талаар ярихаар цаана нь гурил бэлтгэн нийлүүлдэг маш том салбарын асуудал яригдана. Гурилын үйлдвэр гээд арваад том үйлдвэр байгаа. Тэрний цаана хэдэн зуун тариаланч, хэдэн зуун компаниуд байгаа. Тариалан дагаж амьдардаг маш олон ААН-үүд байгаа. Ганц гурилын асуудал биш бүхэл бүтэн тариалангийн тогтолцооны асуудал. Тариаланчид ирэх  дөрвөн сард тариаландаа гарна. Юу тарихаа мэдэхгүй болж байна.

Намар нь худалдан авалт байхгүй болохоор энэ хүмүүс юу тарих вэ. Хаана борлуулахаа мэдэхгүй учраас тариалж чадахгүй. Энэ асуудал хоёр, гурван жил үргэлжилнэ. Одоо малчдын зээл гэж ярьж байна. Намар бид нар тариаланчдын зээл гэж ярина. Энэ мэтээр хоёр, гурван жил явлаа гэхэд эргээд гаалийн татвараа буцаад тавихад тариалангийн салбар чинь тэр чигтээ дампуурсан байна. Ор мөргүй болсон байна. Энэ асуудал бол бүхэл бүтэн салбарын асуудал, тогтолцооны асуудал болоод байна. Тэгэхээр бид гурилтайгаа ноцолдох биш бүтэн салбарыг босоогоор нь татааж унагах ийм зүйл рүү орж болохгүй" гэлээ.