БОАЖ яам, Гандантэгчилэн хийдээс уриалга гаргалаа
2010.05.27

БОАЖ яам, Гандантэгчилэн хийдээс уриалга гаргалаа

Нийт ард иргэд, сүсэгтэн олонд уриалах нь
Монголын ард түмний байгаль дэлхийгээ хамгаалан ирсэн уламжлалт зан үйлийн нэг бол уул усны төрийн тахилга билээ. Өнө эртний энэ заншлаа хүндэтгэн төр засгаас зарим чухал арга хэмжээ авсны нэг нь Богд baigal_01Хайрхан уул, Бурхан Халдун уул, Отгонтэнгэр уулыг тахих төрийн тахилгын ёслолыг сэргээн үйлдэж байх тухай Монгол Улсын Ерөнхийлөгчийн 1995 оны 110 дугаар зарлиг юм. Түүнчлэн, Төрийн тэргүүний 2004 оны 57, 2005 оны 44, 2007 оны 183 дугаар зарлигуудаар Дарьгангын Дарь овоо, Алтан Хөхий, Суварга хайрхан, Хан Хөхий, Сутай хайрхан уулыг тахихаар нэмж “Төрийн тахилгатай уул, овоо” хэмээн нэрлэсэн.

2004 оны 57 дугаар зарлигийн хавсралтаар батлагдсан Төрийн тахилгат уул овооны тэнгэрийг тайх ёс журам, түүнийг шинэчлэн баталсан 2010 оны 85 дугаар зарлигийн дагуу төрийн тахилгад Монгол Улсын Ерөнхийлөгч, түүний томилсон төрийн элч төлөөлөгчид, шашны зүтгэлтэн лам хувраг, цөөн тооны албаны хүн оролцон тухайн аймаг, нийслэлийн Засаг дарга удирдан явуулах ёстой. Ёслолын үеэр шашны хуврагуудын унших ном, үйлдэх үйлдлүүдийг уул овоо тус бүрийн тайлгын онцлогийг харгалзан үзэж тухайн аймаг, нийслэлийн ИТХ-ын тэргүүлэгчид зохицуулдаг учиртай. Гэтэл сүүлийн үед уул овооны тэнгэрийг тайх төрийн тахилгын ёслолын үеэр хэт олон хүн, машин цугларч, байгаль дэлхийгээ аргадаж сүслэн бишрэх зан үйлийн утга учрыг алдагдуулах боллоо. 2007 онд Бурхан Халдун уулын тэнгэрийг тайх ёслолын үеэр 600 гаруй автомашин, 400 гаруй морь бүхий 2500 хүн, Отгонтэнгэр уулын тахилгад 3000 гаруй машин, 20000 орчим хүн цугларч, хэдэн арван га газрын хөрс талхлан, 3-6 салаа зам үүсгэн, 10 гаруй машин хог хаягдал тарьсан байна. Иймээс Байгаль орчин, аялал жуулчлалын яам, Монголын Бурхан шашинтны төв Гандантэгчилэн хийдээс уул овооны тэнгэрийг тайх төрийн тахилгын ёслолд оролцох, байгаль дэлхийгээ сүслэн биширч, уламжлалт зан үйл үйлдэхдээ доорхи санамжийг анхаарахыг уриалж байна.

• Бурхны шашинт хүмүүст сүжгийн сэтгэл байх аваас хол ойрын ялгаа үгүй тул уул овооны тэнгэр тайх ёслолд заавал өөрийн биеэр хүрэлцэн очих албагүй бөгөөд оршин сууж буй газраасаа сүсэг бишрэлээ хичээн сүү, цагаан идээнийхээ дээжийг өргөн буян заяагаа даатгаж болохыг УХААРЧ,
• Тайлга ёслолын зан үйл үйлдсэний дараа найр наадам хийж, байгаль дэлхийгээ сүйтгэн бохирдуулах нь зохисгүй явдал гэдгийг хүн бүр УХАМСАРЛАН ОЙЛГОЖ,
• Тахилга зохион байгуулж буй төр захиргаа, хууль хяналтын байгууллагуудын шаардлага, зөвлөмжийг ХҮНДЭТГЭН,
• Монгол Улсын Ерөнхийлөгчийн 2010 оны 85 дугаар зарлиг, бусад хууль тогтоомжийг САХИН БИЕЛҮҮЛЭХИЙГ уриалж байна.
Байгаль орчин, аялал жуулчлалын яам
Монголын бурхан шашинтны төв Гандантэгчилэн хийд
0ЭКСПЕРТсэтгэгдэл
Сэтгэгдэл оруулахын тулд та хэрэглэгчийн эрхээр нэвтэрнэ үү.
Экспертүүдийн сэтгэгдэл
Одоогоор сэтгэгдэл нэмэгдээгүй байна.