Засгийн газар Тавантолгойн нүүрсний ордыг ашиглах саналаа өргөн барилаа
2010.05.27

Засгийн газар Тавантолгойн нүүрсний ордыг ашиглах саналаа өргөн барилаа

Монгол Улсын Ерөнхий сайд С.Батболд Ашигт малтмалын тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төсөл, “Тавантолгойн нүүрсний ордыг huuli_bariv_pmашиглах зарим асуудлын тухай” УИХ-ын тогтоолын төсөл, Тавантолгойн ордод хөрөнгө оруулж хамтран ажиллах компанийг сонгох урьдчилсан шалгаруулалтын баримт бичиг, Хөрөнгө оруулалтын гэрээний төслийг УИХ-ын дарга Д.Дэмбэрэлд өнөөдөр өргөн барилаа.

УИХ-ын 2008 оны арванхоёрдугаар сарын 4-ний өдрийн 40 дүгээр тогтоолоор Тавантолгойн нүүрсний ордыг хамтарч ашиглах хөрөнгө оруулалтын гэрээ байгуулах үндсэн зарчим, удирдамжийг баталсны дагуу Ерөнхий сайдын захирамжаар байгуулагдсан ажлын хэсэг эдгээр баримт бичгийн төслийг боловсруулсныг Засгийн газрын энэ оны дөрөвдүгээр сарын 21-ний өдрийн хуралдаанаар хэлэлцэж дэмжээд Үндэсний аюулгүй байдлын зөвлөлд хүргүүлжээ. Уг асуудлыг Үндэсний аюулгүй байдлын зөвлөл энэ сарын 18-ны өдрийн хуралдаанаар хэлэлцээд Тавантолгойн ордын ашиглалтын тусгай зөвшөөрлийг төр өөрийнхөө мэдэлд буюу төрийн өмчит компанийн эзэмшилд хадгалах тухай Засгийн газрын саналыг дэмжээд тусгай зөвшөөрөл эзэмшигч төрийн өмчит компанийн хувьцааг цаашид Монгол Улсын иргэд, аж ахуйн нэгжид эзэмшүүлэх асуудлыг хууль тогтоомжийн дагуу үе шаттайгаар хэрэгжүүлэх нь зүйтэй гэсэн зөвлөмж өгчээ.

Мөн Тавантолгойн ордыг ашиглахдаа нүүрсний нөөц, олборлолтын нөхцөлийг нь харгалзан үзсэний үндсэн дээр тодорхой хэсгүүдэд хуваах, ордын аль нэг хэсэг талбайг хөрөнгө оруулагчтай хамтран ашиглах, дамжин өнгөрөх тээвэр, үнэ тарифийн асуудлаар хөрш орнуудтай хэлэлцээр хийх, тодорхой улс орнуудад угтуулан тавих нөхцөлийг боловсруулах, орд ашиглах, үйлдвэр, зам, дэд бүтцийн барилга байгууламж барьж байгуулах, ашиглахад олон улсын жишиг стандартыг баримтлах, дотоодын аж ахуйн нэгжүүдийг төслийн үйл ажиллагаанд оролцуулах, Монгол Улсын иргэдийг ажлын байраар хангах, Монголд үйлдвэрлэсэн бараа, бүтээгдэхүүнийг тэргүүн ээлжинд хэрэглэх, нийлүүлэх зэрэг асуудлыг хэрэгжүүлж ажиллахыг зөвлөмжид тусгасан байна. Иймээс Ерөнхий сайдын захирамжаар байгуулагдсан ажлын хэсэг Үндэсний аюулгүй байдлын зөвлөлийн зөвлөмжид дурьдсан асуудлыг холбогдох баримт бичгүүдэд тусгаж өөрчлөн боловсруулсныг Ерөнхий сайд онцоллоо.

Ашигт малтмалын тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төсөлд ашигт малтмалын тусгай зөвшөөрөл эзэмшигч нь ашигт малтмалын тухайн ордыг хуульд заасан нөхцөлөөр хамтран ашиглахаар гуравдагч этгээдтэй харилцан тохиролцсон бол хөрөнгө оруулалтын гэрээг хөрөнгө оруулагч гуравдагч этгээдтэй хамтран Засгийн газартай байгуулахаар хүсэлт гаргаж болохоор тусгажээ. Тавантолгойн нүүрсний ордыг ашиглах зарим асуудлын тухай УИХ-ын тогтоолын төсөлд төрийн өмчит “Эрдэнэс МГЛ” компанийн эзэмшдэг Тавантолгойн нүүрсний ордын ашиглалтын тусгай зөвшөөрлийг 100 хувь төрийн өмчит компанийн мэдэлд байлгаж, төрийн өмчит компанийн хувьцааг цаашид Монгол Улсын иргэд, аж ахуйн нэгжид эзэмшүүлэх арга хэмжээг холбогдох хууль тогтоомжийн дагуу үе шаттайгаар хэрэгжүүлэх, нүүрсний олборлолтын нөхцөлийг харгалзан Тавантолгойн ордын тодорхой хэсэгт төрийн өмчит компани олборлолт, ашиглалтын үйл ажиллагаа явуулж, тодорхой хэсгийг хамтран ашиглах хөрөнгө оруулагчдыг урьдчилсан сонгон шалгаруулалтын баримт бичгийн дагуу ил тод, нээлттэй хэлбэрээр шалгаруулах болон хөрөнгө оруулагчтай яриа хэлэлцээ хийх, ордыг түшиглэж үйлдвэр, зам, дэд бүтцийн барилга байгууламжийг барьж байгуулах, ашиглахад олон улсын жишиг стандартыг баримтлах, төслийн хэрэгжилтийг үндэсний үйлдвэрлэлийг дэмжих бодлоготой уялдуулах, иргэдээ ажлын байраар хангах, дотоодод үйлдвэрлэсэн бараа бүтээгдэхүүнийг тэргүүн ээлжинд авч хэрэглэх нөхцөл болзлыг хэрэгжүүлэх, нэмүү өртөг шингэсэн бүтээгдэхүүний үйлдвэрлэлийг хөгжүүлэхэд түлхүү анхаарч, хөрөнгө оруулалтын гэрээ байгуулах зэрэг ерөнхий зарчмуудыг тусгасан байна.

Харин Тавантолгойн ордыг хамтарч ашиглах Хөрөнгө оруулалтын гэрээний төсөл нь 19 бүлэг, 144 зүйл, хоёр хавсралттай аж. Засгийн газраас өргөн барьсан саналын дагуу хөрөнгө оруулалтын гэрээ байгуулах тухай хүсэлтийг ордын ашиглалтын тусгай зөвшөөрөл эзэмшигч, төрийн өмчит “Эрдэнэ МГЛ” компани гаргах бөгөөд нэг талаас Засгийн газрыг төлөөлөн Сангийн сайд, Эрдэс баялаг, эрчим хүчний сайд, Байгаль орчин, аялал жуулчлалын сайд нар, нөгөө талаас “Эрдэнэс МГЛ” компани болон түүнтэй ордын тодорхой хэсэг талбайд нүүрсний олборлолтын гэрээ байгуулж хөрөнгө оруулах, нүүрс олборлох, борлуулалт хийх хөрөнгө оруулагч тал хөрөнгө оруулалтын гэрээ байгуулахаар төсөлд тусгасан байна. УИХ-ын дарга хууль, тогтоолын төсөл болон холбогдох баримт бичгүүдийг хүлээн аваад хэлэхдээ, Тавантолгойн нүүрсний ордыг ашиглахтай холбогдсон асуудал нь ард нийтээрээ хүсэн хүлээж байгаа, улс орны хөгжлийн ирээдүйг тодорхойлох маш чухал асуудал юм гэдгийг онцлоод “Төслийн эдгээр баримт бичгүүдийг УИХ-аар ойрын үед хэлэлцэх болно. Та бүхэн ч сайн ойлгуулж, тайлбарлаж яриарай” гэж зөвлөлөө.
0ЭКСПЕРТсэтгэгдэл
Сэтгэгдэл оруулахын тулд та хэрэглэгчийн эрхээр нэвтэрнэ үү.
Экспертүүдийн сэтгэгдэл
Одоогоор сэтгэгдэл нэмэгдээгүй байна.