ЕРӨНХИЙ САЙД Л.ОЮУН-ЭРДЭНЭД АМЕРИКИЙН НЭГДСЭН УЛСЫН ТӨРИЙН НАРИЙН БИЧГИЙН ДАРГЫН ОРЛОГЧ БАРААЛХАВ
2024.03.23

ЕРӨНХИЙ САЙД Л.ОЮУН-ЭРДЭНЭД АМЕРИКИЙН НЭГДСЭН УЛСЫН ТӨРИЙН НАРИЙН БИЧГИЙН ДАРГЫН ОРЛОГЧ БАРААЛХАВ

Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэд Америкийн Нэгдсэн Улсын Төрийн нарийн бичгийн даргын орлогч Др. Курт М.Кэмпбэлл Монгол Улсад хийж буй айлчлалынхаа хүрээнд 2024 оны гуравдугаар сарын 22-нд бараалхав.

Уулзалтын үеэр талууд Монгол Улс, Америкийн Нэгдсэн Улсын Стратегийн гуравдагч хөршийн түншлэлийг бататган бэхжүүлэх, хамтын ажиллагааг харилцан сонирхсон бүхий л салбарт өргөжүүлэх, эдийн засгийн хамтын ажиллагаагаар баяжуулахын төлөө байгаагаа харилцан нотлов. Мөн Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнийн 2023 оны наймдугаар сард Америкийн Нэгдсэн Улсад хийсэн албан ёсны айлчлалын мөрөөр хэрэгжүүлж буй ажлуудын явц, тэр дундаа хоёр улсын хооронд шууд нислэг эхлүүлэх, англи хэлний боловсролыг сайжруулах, сансар судлалын салбарт хувийн хэвшлийн хамтын ажиллагааг дэмжих талаар ярилцлаа.
Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Америкийн Нэгдсэн Улс нь Монгол Улсын чухал "гуравдагч хөрш," Стратегийн түнш бөгөөд манай улсыг ардчилсан, чөлөөт зах зээлийн нийгэм рүү шилжихэд эхнээс нь тууштай дэмжиж ирснийг онцлоод, манай улсад нүүрлээд буй зудын эсрэг хариу арга хэмжээ авах, малчдад туслахад зориулан нийт 900,000 ам.долларын тусламж үзүүлсэн Америкийн Нэгдсэн Улсын Засгийн газарт Монголын төр, засаг, ард түмний нэрийн өмнөөс талархал илэрхийллээ.

Төрийн нарийн бичгийн даргын орлогч Курт М.Кэмпбэлл Америкийн Нэгдсэн Улс нь Монгол Улсын "гуравдагч хөрш" гэдгээрээ бахархдаг бөгөөд хүний эрх, эрх чөлөөг эрхэмлэдэг ардчиллын нийтлэг үнэт зүйлсэд тулгуурласан хоёр улсын харилцааны түвшнийг ахиулах, хамтын ажиллагааг улам олон салбарт өргөжүүлэх, иргэд солилцоог нэмэгдүүлэх, найрамдал нөхөрлөлийг гүнзгийрүүлэхийн төлөө тууштай байгаагаа тэмдэглэв.