ШУДАРГААР ӨРСӨЛДЬЕ! ЭС ТЭГВЭЭС...
2010.05.31

ШУДАРГААР ӨРСӨЛДЬЕ! ЭС ТЭГВЭЭС...

Өндөр хөгжилтэй орнуудын зах зээлд “Өрсөлдье, гэхдээ шударгаар, эс тэгвээс замаас зайл!” гэсэн үгийг хэрэглэдэг. Манайд ч үүнийг хэhiigem_hugjilрэглэх хэрэгтэй болжээ. Өнөөдөр Монголд Шударга бус өрсөлдөөнийг хориглох тухай хууль хэрэгжээд удаж байгаа. /Нэрийг нь оновчтой өгөөгүйгээс биш уг нь Монополийн эсрэг гэгдэх хууль юм/. Тэр ч байтугай өрсөлдөөнийг хянан зохицуулах газар байгуулагдаад ажиллаж байгаа. Гэвч бид хуультай байгаад, тусгай газартай болоод зарим үнийг хянан зохицуулж чадахгүй түүндээ дээрхлүүлсээр ирсэн. Жишээ нь, нефть импортлогч дотоодын хэдэн компани үгсэж байгаад үнээ дур мэдэн нэмэхэд 250-300 мянгахан төгрөгөөр торгоод л өнгөрсөн. Энэ жишээ болон хааяа нэг мах, гурилын үнэ дээр дуугарч байсныг эс тооцвол шударга өрсөлдөөн дээр хуулийнхаа дагуу шийдсэн асуудал өнөөдрийг хүртэл бараг үгүй. Энэ нь манайд монополь байдал байхгүй гэсэн үг биш.

Монголд эрчим хүч, нийтийн тээвэр, иргэний агаарын тээвэр, ус суваг, дулааны шугам сүлжээ, цахилгаан холбоо зэрэг газрууд төрийн оролцоотой монополь шинжтэй хэвээрээ байгаа. Эдгээр салбарын үйлдвэрлэл, үйлчилгээний үнэ тариф чөлөөлөгдөөгүй ирсэн учир төрөөс зохицуулж байдаг. Харин бусад салбарынхан, ялангуяа хувийн хэвшлийнхэн эрэлт, нийлүүлэлтээр зохицуулагддаг зах зээлийнхээ өрсөлдөөний зарчмаар явдаг. Энэ нь ч ойлгомжтой.

Гэтэл манайд амьдрал дээр эсрэгээр байдаг. Жишээ нь, Шударга бус өрсөлдөөнийг хориглох тухай хуулийн тавдугаар зүйлийн 5.1-д зааснаар “Зах зээлд тодорхой төрлийн бараа, бүтээгдэхүүний борлуулалтын гуравны нэгээс дээш хувийг дагнан буюу бусад этгээдтэй хамтран хийж байвал давамгайлах байдалтай гэж үзнэ” гэж заасан бий. Үүгээр бол түрүү өгүүлснээр нефть импортлогч компаниуд шатахууны дотоодын зах зээлийн 80 хувийг эзэмшиж байгаа байдал нь өөрөө хууль зөрчсөн үйлдэл болоод байгаа юм. Үүнээс болоод өнөөдөр манайд шинээр байгуулагдаж байгаа болон дөнгөж хөл дээрээ тогтнож буй жижиг, дунд бизнес эрхлэгчдийн 60 шахам хувь нь зах зээлд орж чаддаггүй, орлоо ч амжилт олж чаддаггүй, тууштай өсөн дэвжиж чаддаггүй.

Нэг ёсондоо өндөглөөгүй шахам байхад нь үүрэнд нь дарчихдаг. Энэ байдлыг халах цаг болсон. Яаж? Юуны өмнө Шударга бус өрсөлдөөнийг хориглох тухай хуулийг Шударга өрсөлдөөний тухай хуулиар “солих” гэж байна. Шинэчлэгдэх гэж буй хуулинд зааснаар Засгийн газар хэт өндөр үнэ тогтоох, эсвэл зохимлоор үнэ хөөрөгдөх явдлыг зохицуулж байхаар болжээ. Бараа, үйлчилгээний үнийг төрөөс тогтоож болдоггүй учир яаж тусгаж байна вэ? Өнөөдрийн байдлаар Шударга өрсөлдөөнийг хянан зохицуулах газар (Өнөөдөр Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газар гэж нэрээ өөрчлөөд байгаа) хуулиараа бараа, бүтээгдэхүүний үнийг тогтоож, барьж байх эрх байдаггүй. Зөвхөн 100 хувь монополь байдлаар ноёрхож буй тохиолдолд бараа, үйлчилгээгээ хамгийн бага үнээр нийлүүлж байна уу үгүй юуг хянах үүрэгтэй.

Бусдаар төрөөс бүх юмны үнийг барих нь мэдээж буруу, эсрэгээр өрсөлдөөнийг хумьж зах зээлд хомсдол үүсгэх аюултай. Тиймээс шинэ хуулинд зах зээлийн бодит үнийг тогтоох нөхцөлийг бүрдүүлэх заалтууд орсон гэж төрийн түшээд мэдэгдэж байна. Энэ нь нэгдүгээрт, монополь гэгдэх компаниудад хяналт тавих юм байна. Гэхдээ үүнийг Засгийн газраас гарах хуулийн дагалдах журмаар зохицуулах юм байна. Уг журмаар бол үнийг эрэлт, нийлүүлэлт зохицуулна гэлгүйгээр борлуулагч, худалдаачдыг мэдээллээр хангахаар заажээ. Үүнээс гадна мал, мах, түүхий эдээс аваад бусад өргөн хэрэглээний барааны үнийг өсгөхөд голлон нөлөөлж буй ченжүүдийг мөн хянаж, хариуцлага тооцож байхаар тусгажээ. Мөн өрсөлдөгчийг зах зээлд ороход саад учруулж шахан гаргах, хэрэглэгчийг хясан боогдуулах тохиолдолд хууль бусаар орсон орлогыг хурааж, борлуулалтын орлогыг 3-5 хувиар торгож байхаар болж байна. Жич: Манайд томчуулын монополиос гадна бас жижгүүдийн “давамгай” байдал гэж бий гэдэг. Энэ нь зах зээл чөлөөтэй, нээлттэй болсноор бараг хүн бүр гадаад худалдаа эрхлэж бараа, бүтээгдэхүүн оруулж ирэх болсонтой холбоотой. Элсэн чихэр, цагаан будааны импорт гэхэд манайд дийлэнх хэсгийг 1-2-хон хувь хүмүүс оруулж ирдэг байна.

Гэвч тэдний ихэнх нь татвар төлдөггүй. Мөн томоохон импортлогч нар бараагаа хуулийн дагуу оруулж ирээд байхад үүргийн гэх тэдгээр наймаа эрхлэгчид шошго нь буруу , хүнсний аюулгүй байдал алдагдсан бараа, бүтээгдэхүүн оруулж ирж зардаг. Энэ нь зах зээл дээр бас шудрага бус байдлыг бий болгодог. Ийм албан бус секторын наймааг хорьё гэхээр манайх чөлөөт худалдаатай улс учраас яаж ч болдоггүй. Нөгөө талаар хичнээн том импортлогчид байгаад бүх барааг оруулж ирж чадахгүй. Энэ орон зайг жижиг, дунд бизнесийнхэн болон нөгөө албан бус секторынхон нөхдөг. Тэгэж байж зах зээл бүрддэг. Тэгэхээр жижиг, дунд худалдаа эрхлэгчид яах вэ? Энэ талаар Өрсөлдөөний тухай гарах гэж буй шинэ хуульд болон Хүнсний тухай хуулийн шинэчилсэн найруулгад тухайн хүн өөрийн хүнсний хэрэгцээнд тодорхой хэмжээний хүнсийг импортлох эрхээс гадна нэг удаа хүнс импортлох квот тогтоох юм байна. Харин тэдний оруулж ирж буй хүнсний аюулгүй байдлыг төрөөс хянаж байхаар тусгаж байгаа гэнэ. Энэ мэтээр өрсөлдөөн дээр амьдралаас зайлшгүй гарч байгаа зүйлүүдийг зохицуулахаар хуулинд нэмэлт шинэчилсэн найруулгыг хийгээд байгаа аж.Б.ДӨЛГӨӨН
0ЭКСПЕРТсэтгэгдэл
Сэтгэгдэл оруулахын тулд та хэрэглэгчийн эрхээр нэвтэрнэ үү.
Экспертүүдийн сэтгэгдэл
Одоогоор сэтгэгдэл нэмэгдээгүй байна.