Б.Тулга: Дарханд хуурай боомтын үйл ажиллагаа явуулах бүрэн боломжтой
Монгол Улсын сайд, Боомтын сэргэлтийн Үндэсний хорооны дарга Б.Тулгатай ярилцлаа.
-Олон нийт таныг Монгол Улсын гурав дахь Ерөнхийлөгч Н.Энхбаяр даргатай ойр гэдгээр тань илүү мэднэ. Харин нутаг усны тань талаар төдийлөн мэдэхгүй юм. Та ер нь аль нутгийн хүн бэ?
-Би Дархан-Уул аймгийн Дархан хотод төрж, өссөн. Анх Дархан хотдоо цэцэрлэгт орсон. Арван жилийн боловсролоо ч тэнд эзэмшсэн. МУИС-ийг төгссөнийхөө дараа ажлынхаа гарааг мөн л Дархан хотоосоо эхэлсэн. Ер нь Дарханы уугуул л даа.
Тэр үеийн хүмүүсийн л адил аав ээж хоёр маань Ховд аймгаас илгээлтийн эзнээр очиж Дархан хотыг байгуулж, удирдалцаж явсан. Аав маань Улаанбаатар төмөр замын Дархан зүтгүүрийн ангид машинист насаараа хийсэн. Харин ээж маань олон нийтийн сайн мэдэх, Монголдоо ганц гэж ярьдаг “Анхаарал” нэртэй тухайн үеийн Ардын Депутатуудын хурлын гүйцэтгэх захиргаанд худалдааны мэргэжилтнээр ажиллаж байсан. Одоо бол хоёулаа тэтгэвэртээ суучихсан сайхан буурлууд бий.
-Дархан хот байгуулагдаад 65 жил болж байгаа шүү дээ. Ингээд бодохоор Дарханы угуул хүмүүсээс төрийн өндөр дээд алба хашиж байгаа хүн байхгүй юм шиг бодогддог юм. Ямартаа ч та байдаг юм байна.
-(Инээв) Би ганцаараа ч биш ээ. Дарханд өссөн төрсөн хүмүүсээс бодлого боловсруулах түвшинд байлгүй яах вэ. Мөн бизнесийн, урлагт соёл, спортын салбарт нэлээд олон хүн бий шүү. Таны асуусанчлан төрийн өндөр дээд албанд буюу УИХ, Засгийн газрын гишүүнээр ажиллаж байгаа нь Б.Жавхлан сайд. Хөтөл хот өмнө нь Дарханы харьяанд байсан. Тиймээс Хөтөлөөр бодвол Б.Батцэцэг сайд бий. Ер нь бий шүү.
-Боомтын сэргэлтээс гадна өнөөдрийн трэнд болчихоод байгаа бүсчилсэн хөгжил, тэр дундаа төвийн бүсийн хөгжлийн талаар таны байр суурийг сонсож ярилцмаар байна. Болох уу?
-Бололгүй яах вэ. Монгол Улсын Засгийн газраас 2024 оныг “Бүсчилсэн хөгжлийн жил” болгон зарласан шүү дээ.
-Дархан хотыг нийслэлчүүдийн толгойны өвчин болчихоод байгаа энэ их асуудлыг хуваалдаж, дааж чадах ганц хот гэлцдэг. Та ер нь Дарханы ирээдүй, потенциалыг хэрхэн дүгнэж байна. Бүсчилсэн хөгжлийн бодлогод хэр үүрэг оролцоотой хот вэ?
-Дархан хот бол төвийн бүсийн гол хөдөлгөгч хүч яах аргагүй мөн. Сэлэнгэ, Төв аймаг, Дархан хот нийлээд нэг бүс нутаг буюу нэг үйлдвэрлэл, эдийн засгийн баг болж байгаа. Аймгууд бие биеийнхээ давуу талыг харилцан дэмжиж, хоршиж ажиллаж амьдрах шийдвэрүүд УИХ, Засгийн газраас гарлаа.
Ер нь бүсчилсэн хөгжлийн бодлого 20-иад жилийн өмнө цаасан дээр бууж УИХ-аар батлагдсан ч хэрэгжүүлэх үүрэгтэй улс төрийн шийдвэр нь гараагүй байсан. Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт орсонтой холбоотойгоор энэ удаа улс төрийн сонгуулийг томсгосон буюу бүсчилсэн байдлаар явуулахаар болсон. Ийн бүсчилж хөгжих, ажил хэрэг болох нөхцөлийг бий болгож байна.
Энэ үүднээс нь үзвэл хүн амьдрах дэд бүтцийн хувьд ч, зам харилцааны хувьд ч аль алинаараа Дархан бол Улаанбаатарын дараа орох том хот. Анхнаасаа ч олон улсын найрамдлын хот гэж улс орнуудаас инженерүүд ирж хамтарч Дархан хотыг хамтарч барьсан. Тэр үед цаашид хүнд, хөнгөн үйлдвэрлэлийн төв болно гэж инженерийн шугам сүлжээ, цахилгаан, дулаан, усны асуудлыг нь төлөвлөж шийдсэн. Харамсалтай нь 1990 оны өмч хувьчлалын буруу бодлогын үр дүнд үйлдвэрүүд байхгүй болсон. Ингээд буцаан сэргээхээр үе үеийн Засгийн газрууд оролдлого хийсэн ч чадсангүй. Хувийн хэвшил тодорхой үүрэг гүйцэтгэж байгааг энэ дашрамд дурдах нь зүйтэй. Энэ үүднээс нь үзвэл Дархан хамгийн хөгжих боломжтой аймаг. Хөгжлийг хязгаарладаг эрчим хүч, дэд бүтэц, дулаан, цэвэр усны дутагдал Дархан хотод байхгүй. Нөөц ихтэй. Үйлдвэрлэл хөгжсөн ч тэр, хот өргөжин тэлсэн ч тэр Дархан маш том потенциалтай хот.
Дархан-Улаанбаатарыг холбосон дөрвөн эгнээ бүхий хоёр урсгалтай автозам өнгөрөгч жил ашиглалтад орсон. Энэ зам Дархан хотыг Улаанбаатар хоттой илүү “ойртуулсан”. Өмнө нь Дархан-Улаанбаатарын хооронд дунджаар дөрвөн цаг явдаг байсан бол одоо хэвийн хурдтай явахад хоёр цаг 30 минутад зорчиж байна.
Тиймээс энэхүү замыг цааш үргэлжлүүлж Сэлэнгэ аймгийн Алтанбулаг сумтай дөрвөн эгнээ хоёр урсгал замаар холбохоор Засгийн газар концессын тендер зарласан. Энэ ажил удахгүй эхэлнэ. Ингэвэл Дархан хот Улаанбаатараас Алтанбулаг боомт хүрэх эдийн засгийн коридорын нэг тулгуур төв хот болох юм. Ингээд холбочихвол Монгол-ОХУ-ын хийж байгаа худалдаан дээр ч, ОХУ-БНХАУ-тай хийж байгаа худалдаан дээр ч тэр дунд нь өртөг шингээх бололцоотой том хот, том бүс нутаг болж байгаа юм.
Харин төвийн бүсийг харвал газар тариалан, эрчимжсэн мал аж ахуйн үндсэн цөм. Энэ ч утгаараа жижиг дунд үйлдвэрлэл бий болох үндэс суурь нь Дархан хотод байдаг. Өөрөөр хэлбэл, газар тариалангийн бүс нутаг буюу Сэлэнгэ, Төв аймагт тариалсан үр будаанд боловсруулалт хийж үйлдвэрлэх боломжтой. Учир нь ус, эрчим хүчнийхээ бололцоотой. Тиймээс Дархан хотод үйлдвэрлээд ОХУ, БНХАУ руу, цаашлаад гуравдагч улс руу борлуулж өртөг шингээж бүрэн бололцоотой.
Энэ утгаар нь харвал Дарханд далайн боомтын үргэлжлэл болох хуурай боомтын үйл ажиллагааг явуулах бүрэн боломжтой. Мөн Тээвэр логистикийн төвүүдийг байгуулах боломжтой. Газар тариалангийн бүс нутгийн бүтээгдэхүүнийг өртөг шингээж эцсийн бүтээгдэхүүн болгож боловсруулаад экспортлох бололцоотой. Түүнчлэн замхарилцааны хувьд авто болон төмөр замтай. Авто болон төмөр замын хувьд Улаанбаатар, Эрдэнэт, Хөвсгөл зэрэг хүн ам ихтэй аймгуудыг холбосон төв магестриал гэж ойлгож болно. Ер нь маш ирээдүйтэй хот л доо.
-Монгол Улс өнгөрөгч зун дэлхий нийтэд дефолт зарлахад маш ойрхон байлаа. Төгрөгийн сулрал, үнийн өсөлт иргэдэд тун хүнд туслаа. Дээр нь үйлдвэрлэлгүй манай улсын хувьд олборлосон уул уурхайн бүтээгдэхүүнээ экспортлоход ч хэцүү байлаа. Одоо бол эдийн засаг сэргэж байна. Үүнд хамгийн гол нөлөөг боомтын сэргэлт үзүүллээ гэж харж байгаа. Хил гаалийн нэвтрэлт ер нь яаж сайжирсан бэ?
-Юун түрүүнд 2020-2024 оны Засгийн газрын үйл ажиллагааг ярих нь зүйтэй болов уу. 2022 оны хоёрдугаар сар хүртэл үндсэндээ цар тахалтай тэмцсэн. Цар тахлаас иргэдээ яаж амьд авч үлдэх вэ гэсэн тэмцлийн хоёр жил байлаа. 2019 онд эхэлсэн дэлхий нийтийг хамарсан цар тахал 2020 оны дунд үе хүртэл ямар эмчилгээ хийх нь тодорхойгүй. Вакцин гараагүй хүнд нөхцөлд дэлхий нийтээрээ жил гаруй болсон. Ийм хүнд нөхцөлд Монголын Засгийн газар шуурхай шийдвэр гаргаж бусад улс руу зорчих хөдөлгөөнийг хязгаарлаж, эмчилгээ гартал хатуу хөл хориог тогтоосон нь нэн хүнд байдлыг давах хамгийн зөв шийдвэр байжээ гэдэг нь өнөөдөр харагдаж байгаа байх.
Коронавирусийн вакцин гарсны дараа Монгол Улс бүх төрлийн вакциныг улсдаа авч ирж иргэдээ бараг 100 хувь вакцинжуулж чадсан. Энэ хэмжээгээр цар тахлын хэд хэдэн давлагааг хохирол багатай давсан. Энэ үед Л.Оюун-Эрдэний Засгийн газрын үе таарсан.
Нэгэнт хөл хорионд удаан байсан иргэдийнхээ орлогыг таслахгүй байх шаардлага тулгарсан. Мөн үйлдвэрлэл үйлчилгээ явуулах бололцоогүй байсан учраас цахилгаан, дулааныг төлбөрийг Монголын дундын баялаг болсон Эрдэс Таван толгой, Эрдэнэт үйлдвэрээс төлсөн. Хүнд үеийг давахад иргэдээ орлоготой байлгах үүднээс хүүхдээр нь дамжуулж мөнгө хуваарилсан гэхчилэнгээр улсын олж байгаа орлогыг цар тахлыг даван туулахад зарцуулсан.
Энэ үед хамгийн их ачаалал авсан алба хаагч нь онцгой, эрүүл мэндийн салбарынхан. Мөн гааль, хил хамгаалах, Гадаадын иргэн харьяатын албан хаагчид, уул уурхайн тээврийн ажилчид, төр хувийн хэвшлийнхэн иргэдээ орлоготой байлгах ажлын гол ачааллыг үүрсэн.
Гаалийн салбар худалдааны чиглэлд хүнд нөхцөлд онцгой үүрэг гүйцэтгэсэн. Монголд орж ирэх валютын урсгалыг таслахгүй, нэмэгдүүлэх, Монгол Улсын гадаад улстай хийж байгаа худалдааг таслахгүй байх чиглэлд Б.Жавхлан сайдаар тэргүүлсэн Сангийн яам, Гаалийн ерөнхий газар маш хичээж ажилласан. Тиймээс үүнийг энэ ташрамд онцолж хэлэх нь зүйтэй болов уу. Учир нь амаргүй нөхцөлд тээвэрлэлтийг явуулж, тээврийн зорчих хөдөлгөөн, дүрэм журмыг хүртэл боловсруулсан л даа.
Дараа нь 2022 оны хоёрдугаар сарын 14-нд Монгол Улс ямар нэгэн хөл хорио, хязгаарлалтыг бүрэн цуцалсан. Харамсалтай нь ОХУ европ руу хийсэн цэргийн үйл ажиллагаа энэ үед эхэлсэн. Үүний уршгаар ОХУ олон улсын 8000 гаруй төрлийн худалдааны хоригт орсон. Энэ нь ОХУ-ын Монгол Улстай хийдэг худалдаанд шууд нөлөөлж эхэлсэн. Тухайлбал, тэсэрч дэлбэрэх, химийн хортой бодис, хөдөө аж ахуйн үр бордоо, эрчим хүч, нефтийн бүтээгдэхүүний үнийн өсөлт дэлхий нийтэд үүссэн. Ингээд 2022 оны хоёрдугаар сараас ОХУ-ын барууны орнуудтай хийж байгаа дайнаас үүдэж Монгол Улсад үнийн өсөлт, бараа таваарын хомсдол нүүрлэсэн.
2022 оны хоёрдугаар сараас 2023 оныг дуустал инфляцад иргэдээ яаж бага өртүүлэх, яаж хохирол багатай давах вэ гэдэгт Засгийн газар хүчин чадлаа дайчилж ажилласан. Үүнийг хийхийн тулд гол хийсэн ажил нь уул уурхай дээр явагдаж байгаа гэрээ хэлцлүүдийг ил тод болгосон. Үндсэн борлуулж байгаа нүүрс, төмрийн хүдэр бусад уул уурхайн бүтээгдэхүүний үнийг биржийн зарчмаар тогтоосон. Ингэснээр үүний цаана явагддаг хууль бус ажиллагаа, авлига хазаарлагдаж монголчуудын зарж борлуулж байгаа өртөг нэмэгдсэн. Мөн тээвэртэй холбоотой авлигын асуудал их байсан. Гэрээ хийж уурхайгаас хямд үнээр аваад цааш хил давуулахдаа тээвэр дээр өртөг шингээж мөнгө угааж байсныг олон нийтийн анхаарал оруулж, УИХ-ын сонсголыг хийсэн. Нүүрс дээрх хууль бус үйлдлийг илрүүлсэн. Ингээд шүүх хяналтын байгууллага руу шилжсэн. Тодорхой зарим хэсэг нь хариуцлага хүлээж байна. Үүний үр дүнд Монгол Улсын зарж борлуулж байгаа бүтээгдэхүүний тоо хэмжээ, зардал эрс нэмэгдсэн.
Энэ бүрийг зохион байгуулж хилийн боомтын хүчин чадлыг нэмэгдүүлэх нь нэн чухал байсан. Тиймээс хүчин чадал дээр зөв менежмэнт хийж хилээр саадгүй нэвтрүүлэх, хилийн боомтын үйл ажиллагааг удирдахад миний бие, бусад хүмүүстэй нягт хамтарч ажилласан. Үүний үр дүнд жилд ихдээ 36 сая тонн нүүрсийг борлуулдаг байсан бол 70 саяд хүргэлээ. 120 сая ам.доллараар зардаг байсныг 180 сая ам.долларт хүргэж чадсан. Монгол Улсын эдийн засгийг сүүлийн 30 жилд анх удаа ашигтай гарах бололцоог ийн бүрдүүлсэн.
-Энэ ашиг өнөөдөр хаашаа орчихов оо. Айл өрх иргэдэд мэдрэгдэхгүй байна гэх шүүмжлэл нийгэмд байна л даа?
-Ковидын үед санхүүгийн сахилга батыг Б.Жавхлан сайдын манлайлал дор Сангийн яам сайн хийж ирсэн. Үүний үр дүнд төрийн захиргааны байгууллагуудын шат шатны түвшинд гардаг, мөнгө завшдаг үрэлгэн байдлыг маш сайн барьж чадсан. Санхүүгийн сахилга бат сайтай байсан учраас улсын баланс дээр орлого анх удаа давсан. Валютын нөөц ихэссэн. Төгрөгийн ханш чангарсан.
Монгол Улсын 2024 оны хуваарилагдсан төсвийг харвал хөдөө орон нутаг руу нийт хөрөнгө оруулалтын 80 хувийг чиглүүлж байгаа. Хөрөнгө оруулалтын хэмжээ эрс нэмэгдсэн. Орон нутгийг боомтуудтайгаа холбосон, орон нутгийг хооронд нь холбосон авто, төмөр замын бүтээн байгуулалтын төсөв тавигдсан. Сургууль, эмнэлэг, боомтууд руу холбогдсон бүх төрлийн замууд, эрчим хүчний шугамууд шинээр туссан.
Түүнчлэн төрийн албан хаагчдын цалинг 2023 онд нэмсэн. 2024 оны дөрөвдүгээр мөн нэмж байна. Тэтгэврийн хэмжээг нэмэгдүүлсэн. Ковидын үед өгч байсан хүүхдийн мөнгийг үргэлжлүүлж олгож байна. Энэ бол нэг төрлийн халамжийн хэлбэр л дээ. Орлого нэмэгдсэн учраас ковидын дараах шокоосоо бүрэн гарч амжаагүй байгаа нөхцөлд олон хүүхэдтэй айлуудаа дэмжих боломжтой болсон.
Мөн Эрдэнэс Таван толгой, Эрдэнэт зэрэг том уурхайнууд ард түмний өмч юм гэдгийг мэдрүүлэхийн тулд 1024 ширхэг хувьцааг иргэддээ тараасан. Харамсалтай нь Эрдэнэс Таван толгойд реформ хийхээс өмнөх хугацаанд ашигтай ажиллаагүй. Засгийн газраас арга хэмжээ авч ашигтай ажиллуулсны үр дүнд ногдол ашиг тараах шийдвэрийг гаргасан. 2022 оны ногдол ашгийг Луу жилийн босго дээр иргэдэд тараасан. 2023 оны ногдол ашгийг энэ сард багтааж иргэдэд хуваарилна. Энэ нь Эрдэнэс Таван толгойд хулгай гарах ёсгүй, хариуцлага ажиллах ёстой. Ингэж байж иргэд жил бүр ногдол ашгаа авдаг хэлбэр рүү орж байна гэсэн үг. Ийн бидний олон жил ярьж байгаа Баялгийн сангийн хуваарилалт эхэлж байна гэсэн үг. Өөрөөр хэлбэл, уул уурхайд үүрлэсэн авлига, хулгайг ил тод болгож, Л.Оюун-Эрдэний Засгийн газар зоригтой тэмцсэний үр дүн гэж харах хэрэгтэй.
Энэ тэмцэл их амаргүй. Элдэв нам, бүлэглэл харгалзалгүй тэмцдэг. Одоо Л.Оюун-Эрдэнийг 2024 оны сонгуульд амжилтгүй ороосой гэж маш олон хүн бүлэглэл хүлээгээд сууж байгаа. Зарим нь гадаадад гарчихсан хүлээгээд сууж байна. Тиймээс эерэг гарсан энэ өөрчлөлтүүдийг цааш үргэлжлүүлэх нь Засгийн газрын, энэ УИХ-ын зорилт байх ёстой гэж бодож байна. Маш товчхондоо засаг тогтвортой байсны үр дүн.
Цаашид стратегийн ордуудыг иргэд тодорхой хувиар өмчилдөг, өмчлүүлэхдээ нялх хүүхдээс өвгөн буурал хүртэл бүгдэд нь хүртээдэг, өвлөгддөггүй, зарагддаггүй хэлбэрээр явах ёстой.
-Монголын хамгийн мөнгөтэй, авлига хулгай нүүрлэсэн салбартай тэмцэж үр дүн гаргахад засаг, хоёр нам нэгдмэл байхын ач холбогдол гарлаа гэж бодож байна. Хоёр намын нэгдэлд та эртнээс оролцоотой байж ирсэн. Энэ нэгдэл ууган МАН-аас хэн голлох үүрэгтэй оролцсон бэ?
-2011 онд МАХН нэрээ сольж МАН болсон. Үүний дараа тухайн үеийн намын удирдлагууд нам доторх өөр үзэл бодолтой хүмүүсийг шахан гаргасан. Ийн нам хоёр салж, 10 жил болсон. Үүний үр дүнг харвал Ерөнхийлөгчийн институцээр дамжиж хууль шүүхийн салбарт нэлээд хохиролтой шийдвэр гарсан. Үүнийг засах процесс одоо явж байна. 2011 онд хоёр нам салах үед би Монголд байгаагүй. АНУ-д сурч байсан. Ирэхэд нам салчихсан байсан.
Би улс төрийн намд орж ажиллаад 12 жил болж байна. МАХН-ын Нарийн бичгийн даргаар 10-аад жил ажилласан. Энэ хугацаанд дандаа эвлэж нэгдэхийн төлөө зогссон. 2016 онд хоёр намыг нийлүүлэх гэж нэлээд гайгүй түвшинд ажилласан ч тухайн үеийн удирдлагуудтай ойлголцож чадаагүй.
Дараа нь 2020 оны сонгуулийн дараа одоогийн Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, ЕНБ-ийн дарга Д.Амарбаясгалан, одоогийн намын дарга Л.Оюун-Эрдэнэ нартай яриа хэлцэл хийсэн. Үүнийг улс төрд явж байгаа сайд нар, намын лидерүүд дэмжсэн. Ингээд хоёр нам нэгдсэн.
Ер нь Монголын түүхийг харвал монголчууд эв нэгдэлтэй байхдаа дандаа ахиж хөгжиж амжилттай байдаг. Хоорондоо задарсан үедээ дундаа хий гаргаж, тэр дунд нь ашиг хонжоо хайсан хүмүүс гарч ирдэг. Энэ түүхийг давтахгүй нь тулд 2020 оны төгсгөлөөр эвлэж нэгдэх яриа хийсэн. Б.Жавхлан сайд хоёр намыг эвлэж нэгдүүлэхэд тууштай зогссон л доо. “Ер нь тусдаа салж явсны ашиг алга. Тиймээс ч засаг тогтворгүй байна. Төр тогтворгүй болчихоор эдийн засгийн өсөлт хангагдахгүй байна. Богино хугацаанд ажилладаг Засгийн газраас ямар ч бүтээн байгуулалтын төсөл дуусах боломжгүй. Тиймээс эвлэж нэгдэж ажиллах нь чухал” гэж ах хүний хувиар байнга хэлж зөвлөдөг байсан. Энэ маань өнөөдөр биеллээ олж Монгол Улсын Ерөнхийлөгч хамгийн өндөр хувиар нийт ард түмнийхээ дэмжлэгийг авсан.
Ковидын үед 2020 оны сонгуульд Монгол Улсыг авч чадах нам бол МАН гэж иргэд дүн тавьсан. Үүний хариуг ч УИХ, Засгийн газрын үйл ажиллагаагаар харууллаа. Авлигатай тэмцэж чадлаа. Хууль бус үйлдлүүдийг ил болгож чадлаа. Нүүрсний том гэрээ хэлцлийг ил тод биржийн арилжаанд оруулж чадлаа.
Одоо хамгийн гол нь энэ үйл ажиллагаа тогтвортой үргэлжлэх ёстой. Тэгж байж олон жил яригдсан эрчим хүчний станцууд, том төслүүдээ хэрэгжүүлж чадна. Нэг том төсөл хэрэгжихэд дор хаяж 5-8 жил шаардлагатай. Гэтэл Засгийн газар 1.5 жилийн настай байхаар ямар ч том төсөл, ямар ч эдийн засгийн эерэг үзүүлэлт гарах боломжгүй. Тиймээс Засгийн газар тогтвортой ажиллах нь чухал.
-Манай улс баахан мухар төмөр замтай. Энэ нь Монголын эдийн засгийн судсыг боож байгаа шүү дээ. Энэ асуудлыг шийдвэрлэх чиглэлд ямар ажил хийгдэж байгаа вэ?
-Хоёр нам салчихсан эв нэгдэлгүй байх үед таны хэлдэгчлэн Монголын хөгжлийг боомилсон мухар төмөр замын асуудал гарсан. Ганцмод-Гашуунсухайт төмөр зам маш өндөр зардлаар оффтейк буюу нүүрс өгч бариулах гэрээгээр хийгдсэн. Харамсалтай нь тэр төмөр зам өнөөг хүртэл үр ашгаа өгч чадаагүй. Учир нь уурхайгаасаа Хятад руу шууд хүргэх худалдааг дэмжих ёстой байтал хөндлөн төмөр зам барьчихсан. Дээр нь хил рүү тавьж байгаа төмөр замаа Хятадын талын тавсан замаас зөрүүлсэн. Үүнийгээ тайлбарлахдаа “Монголын баялаг гадагш урсах гэж байна” гээд ууттай элс цоолж иргэдэд буруу мэдээлэл өгсөн. Үүний урхгаар монголчууд хамгийн өндөр өртөгтэй хэрнээ хамгийн бага орлоготой 12 жил явж ирлээ.
Энд өнөөх нүүрсний хулгайчид, нүүрсний тэр шийдвэрийг гаргасан нөхдүүд хожиж маш их хэмжээний орлоготой болсон. Монголын ард түмэн, Монголын Засгийн газар хожоогүй. Бид одоо үнэд хүрч байгаа нүүрсний баялгаа чадлаараа зарах ёстой. Үүнд тодорхой хэмжээний хуримтлал үүсгэж орлоготой болж байж олон жил яригдсан боловсруулах үйлдвэрүүд, залуучуудаа нарийн мэргэжлээр сургах асуудал шийдэгдэнэ. Иргэдийнхээ цалин хөлсийг нэмэгдүүлнэ. Сум, аймагт төсвийн хөрөнгөөр хийгддэг дэд бүтцийн бүтээн байгуулалтуудаа хийнэ. Гэтэл үүнийгээ хийж чадаагүй байж дотооддоо боловсруулах үйлдвэр яриад байна. Станцаа барьж чадахгүй бол хийж чадахгүй.
Тэгэхээр эхний ээлжид үйлдвэрлэж чадаж байгаа, гаргаж чадаж байгаа бүтээгдэхүүнээ авахаар сонирхож байгаа талд өндөр өртгөөр худалдах шаардлага бий. Боомтын сэргэлтийн хүрээнд ямар нэгэн гацаа үүсгэхгүй, өмнөх төлөвлөлт дээрээ гардаг байсан алдааг гаргахгүйн тулд БНХАУ-тай удирдлагуудтай ойр ойрхон уулзаж байна.
2023 оны зургадугаар сард Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ БНХАУ-д албан ёсны айлчлал хийсэн. Энэ үеэр Сангийн сайд, УУХҮ, би, ЗТХ-ийн сайд нар очиж Монгол Улсын Хятадтай хийх худалдаа, мухар байгаа төмөр замуудыг яаралтай гүйцээж холбох, холбогдсон төмөр замаар тээвэрлэгдэх худалдааны хэмжээг өсгөх, салбар салбарын бүтээгдэхүүнийг зарж борлуулах хэлэлцээрүүдийг хийсэн. Ажлууд нааштай явж байгаа. Үүний үр дүнг гаргах ёстой гэж боддог.
Сэтгүүлч
Редактор Ц.Соёлмаа soko@vip76.mn