Эдийн засгийн байнгын хороо сум бүрт статистик хариуцсан мэргэжилтэнтэй болох нь зүйтэй гэж үзлээ
2010.05.31

Эдийн засгийн байнгын хороо сум бүрт статистик хариуцсан мэргэжилтэнтэй болох нь зүйтэй гэж үзлээ

Эдийн засгийн Байнгын хороо өнөөдөр хуралдаж, УИХ-ын 2008 оны 48 дугаар тогтоолд заасны дагуу худалдан авч нөөцөлсөн газрын тосны бүchuulgan_2010_05тээгдэхүүний хадгалалтын байдал, уг нөөцийг худалдан борлуулах тооцоо, судалгаатай танилцаж санал, дүгнэлт бэлтгэх чиг үүрэг бүхий Ажлын хэсгийн санал, дүгнэлт болон Газрын тосны бүтээгдэхүүнийг худалдан борлуулах тухай Улсын Их Хурлын тогтоолын төслийг хэлэлцэх эсэх, Өрсөлдөөний тухай хуулийн төсөл, Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авахтухай хуульд өөрчлөлт оруулах тухай, Зар сурталчилгааны тухай хуульд өөрчлөлт оруулах тухай, Төрийн болон орон нутгийн өмчийн тухай хуульд нэмэлт оруулах тухай, Шударга бус өрсөлдөөнийг хориглох тухай хууль хүчингүй болсонд тооцох тухай хуулийн төслүүд,Төмөр замын тээврийн талаар төрөөс баримтлах бодлогыг батлах тухай Улсын Их Хурлын тогтоолын төслийн анхны хэлэлцүүлгээс гадна Монгол Улсын Засгийн газар болон Олон улсын хөгжлийн ассоциаци хооронд байгуулах “Хөгжлийн бодлогын санхүүжилт-2” хөтөлбөр, “Олон салбарыг хамарсан техник туслалцааны төсөл”-ийн Санхүүжилтийн хэлэлцээрийн төслүүдийг зөвшилцөхөөс гадна Үндэсний статистикийн хорооны болон Санхүүгийн зохицуулах хорооны 2009 оны тайланг сонсохоор төлөвлөсөн байна.

Хуралдааны эхэнд хэлэлцсэн Өрсөлдөөний тухай хуулийн төслийн шинэчилсэн найруупгыг Байнгын хорооны гишүүдийн олонхийн саналаар дэмжлээ.Харин тус Байнгын хорооны хуралдаанаар Төмөр замын тээврийн талаар төрөөс баримтлах бодлого батлах тухай УИХ-ын тогтоолын төслийн анхны хэлэлцүүлэг, Монгол Улсын 2010 оны нэгдсэн төсвийн тодотголыг хийхээр төлөвлөсөн ч ажлын хэсгийн хуралдаан болоогүйгээс шалтгаалж дээрх асуудлыг хойшлууллаа.Түүнчлэн тус хуралдаанд ҮСХ-ны 2009 оны тайланг тус хорооны дарга З.Мэндсайхан танилцуулсан.

Үндэсний статистикийн хорооны хувьд 2009 он чухал жил байжээ. Тухайлбал, 2010 оны арваннэгдүгээр сард зохион байгуулахаар төлөвлөсөн Хүн, ам орон сууцны тооллогын ажлын бэлтгэлийг хангуулах, Монгол Улс анх удаа хөдөө аж ахуйн тооллогыг хийхээр төлөвлөөд байгаа бөгөөд бэлтгэл ажлуудыг хангуулсан. Хэрэглэгчдийг статистик мэдээллээр хангах боломжийг бүрдүүлсний зэрэгцээ мэдээ дамжуулалтын давтамжийг нэмэгдүүлсэн. Гадаад харилцаанд ахиц дэвшил нэлээд гарч, Олон улсын валютын сан, Дэлхийн банкуудтай тодорхой чиглэлүүдээр хамтарч ажиллах болсон.

Мөн ХБНГУ, Япон улсын Статистикийн байгууллагуудтай хамтран ажиллаж байгааг дурдлаа.Энэхүү тайлантай холбогдуулж гишүүд ДНБ болон хэрэглээний үнийн индексийг тооцон гаргаж байгаа аргачлал хэр бодитой болох, Өрхийн орлого, зарлагыг хэрхэн тооцон гаргаж буйг илүүтэй сонирхлоо. Харин тус хорооны удирдлагуудын тайлбараар бол ДНБ болон хэрэглээний үнийн индексийг гаргаж байгаа аргачлалыг чанаржуулахын төлөө ажиллаж буй гэлээ.

Харин өрхийн орлого, зарлагыг тооцон гаргаж байгаа аргачлалын хувьд түүвэр судалгааг гол болгож буйг сануулав. Ингэхдээ улсын хэмжээнд 11232 өрхийг санамсаргүй байдлаар сонгож, амьжиргааны төвшний үзүүлэлтийг гаргадаг. Энэхүү судалгааг аймгаар нь гаргадаг ч тус аймгийнх нь тэр суманд өрхийн амжиргааны төвшин тийм байна гэсэн судалгаа гаргахад хүндрэлтэй тухай тодотгосон юм.УИХ-ын гишүүн Р.Раш мал тооллогын эхний хагас жилийн тооллогын дүнг сонирхоход хөдөө аж ахуйн дэлгэрэнгүй тооллогыг ирэх 11 дүгээр сараас зохион байгуулахаар төлөвлөсөн байгаа.

Бусад орнуудад ийм төрлийн тооллогыг 10 жилдээ нэг удаа, завсрын тооллогыг 5 жилдээ хийдэг. Мал тооллогын чанар хагас жилийн тооллого төдийгүй мал төллөлт, малын хорогдлын мэдээг үнэн бодитой болгох тал дээр анхааран ажиллаж байгаа. Хөдөө орон нутагт 1568 багийн Засаг дарга мал төллөлт, хорогдлын мэдээг хариуцаж байгаа. Эдгээр Засаг дарга нар сардаа ч юм уу, 14 хоногтоо малчдаараа тойроод гарах зардал мөнгө болон цаг хугацааны хувьд хүндрэлтэй учраас ялангуяа төллөлт, хорогдлын мэдээлэл учир дутагдалтай байгааг З.Мэндсайхан дарга хэллээ.

Хуралдааны үеэр ҮСГ-т хэд хэдэн чиглэлээр үүрэг даалгавар өгч байгаагаа Эдийн засгийн байнгын хорооны дарга Ц.Баярсайхан танилцуулсан. Энэ онд явуулах хүн ам, орон сууцны тооллогыг чанартай, зохион байгуулалт сайтай явуулах бэлтгэл ажлыг эрчимжүүлэхэд анхааран ажиллах чиглэл өгсөн. Мөн хаягийн нэгдсэн бүртгэлжүүлэлт, сонгуулийн насны иргэдийн бүртгэлжүүлэлт зэрэг ажлуудыг нэг мөр цэгцлэх бүрэн боломж байгааг Байнгын хорооны дарга дурьдлаа. Түүнчлэн сум бүрт статистик хариуцсан ажилтан гэж орон тоо байдаггүйгээс Засаг даргын орлогч эсвэл ИТХ-ын дарга хавсарга маягаар хариуцдаг. Цаашид сум бүрт статистик хариуцсан ажилтны орон тоог шинээр бий болгох нь зүйтэй гэж Ц.Баярсайхан дарга хэллээ.
0ЭКСПЕРТсэтгэгдэл
Сэтгэгдэл оруулахын тулд та хэрэглэгчийн эрхээр нэвтэрнэ үү.
Экспертүүдийн сэтгэгдэл
Одоогоор сэтгэгдэл нэмэгдээгүй байна.