Төрийн Зөвлөлийн Ерөнхий сайд УИХ-ын даргад бараалхав
2010.06.02

Төрийн Зөвлөлийн Ерөнхий сайд УИХ-ын даргад бараалхав

Манай улсад албан ёсоор айлчилж байгаа БНХАУ-ын Төрийн Зөвлөлийн Ерөнхий сайд Вэнь Зябао өнөөдөр үдээс хойш zibao_demberelУИХ-ын дарга Д.Дэмбэрэлд бараалхаж, хоёр талын харилцаа, хамтын ажиллагааны асуудлаар санал солилцов. УИХ-ын дарга уулзалтын эхэнд, эртнээс уламжлалт харилцаатай манай сайн хөрш БНХАУ-ын Төрийн Зөвлөлийн Ерөнхий сайдтай уулзаж буйдаа баяртай байгаагаа илэрхийлээд хоёр орны харилцаа бүх талаар өргөжин хөгжиж байгаад сэтгэл өндөр байгаа, харилцааны улс төрийн болон эрх зүйн орчин нэлээд сайн тавигдсан гэж үзэж буйгаа онцлон тэмдэглэв.

Хятадын тал хоёр орны найрсаг харилцаа, хамтын ажиллагааг хөгжүүлэхэд өндөр ач холбогдол өгч байдаг. Үүний нэг тод илрэл нь хоёр орны харилцаанд Хятадын Ерөнхий сайдын түвшинд 16 жилийн дараа болж буй энэхүү айлчлал юм гэдгийг Ерөнхий сайд Вэнь Зябао онцлоод айлчлалын хүрээнд Монгол Улсын Ерөнхий сайдтай уулзалт хэлэлцээ хийсний зэрэгцээ хоёр орны харилцааны холбогдолтой хэд хэдэн чухал баримт бичигт гарын үсэг зурснаа дурьдав. Мөн БНХАУ нь Монгол Улстай цаашид эдийн засгийн хамтын ажиллагаагаа улам эрчимжүүлэх чин хүсэл эрмэлзэлтэй байдаг, ялангуяа уул уурхайн салбарт хамтарч ажиллах сонирхолтой байдгаа Ерөнхий сайд илэрхийлээд Монгол Улсад зохих хэмжээний хөнгөлөлттэй зээл олгохоор шийдвэрлэсэн. Энэ зээлийг ашиглан дэд бүтцээ хөгжүүлэх нь улс орны бие даан хөгжихэд тус нэмэртэй юм гэлээ.

Түүнчлэн хоёр орны харилцаанд эдийн засгийн хамтын ажиллагааны зэрэгцээ хүмүүнлэгийн бодлого, үйл ажиллагааг улам өргөжүүлэх, Зүүн хойт Азийн энх тайван, тогтвортой байдлын талаар хоёр улс хамтын хүчин чармайлтаа эрчимжүүлэх шаардлагатай байгааг тэрбээр онцлов. Мөн парламент хоорондын харилцаа нь хоёр улсын харилцаа, хамтын ажиллагаанд ихээхэн хувь нэмэр оруулж байгаа, БХАТИХ-д олон гишүүнтэй найрамдлын томоохон бүлэг ажилладгийг онцлоод БХАТИХ-ын Байнгын хорооны дарга У Бангуогийн мэндчилгээг УИХ-ын даргад уламжлав. Хоёр орны өндөр хэмжээний айлчлал, уулзалтууд нь манай хоёр орны сайн хөршийн, харилцан итгэсэн, түншлэлийн харилцааг хөгжүүлэхэд чухал хувь нэмрээ оруулж ирсэн. Төрийн Зөвлөлийн Ерөнхий сайдын энэ удаагийн айлчлал нь энэхүү харилцаанд чухал түлхэц өгнө гэдэгт итгэж буйгаа УИХ-ын дарга илэрхийлээд БХАТИХ-ын Байнгын хорооны дарга ноён У Бангуог манай улсад айлчлахыг урьсан урилга хэвээрээ байгаа.

Төрийн Зөвлөлийн Ерөнхий сайд 16 жилийн дараа манай улсад айлчилж байгаа бол БХАТИХ-ын Байнгын хорооны дарга айлчлаагүй арваад жил болж байгаа тул У Бангуо даргын айлчлалыг УИХ хүлээж байгааг хэллээ. Мөн сүүүлийн үед Бүх Хятадын Улс төрийн үндэсний зөвлөлдөх Зөвлөлтэй сайн харилцаатай байгаа нь дээд түвшний харилцааны шинэ алхам юм гэдгийг тэрбээр дурьдаад УИХ-д олон орны парламентын бүлэг ажилладгаас УИХ-ын нэг дэд даргаар ахлуулсан Монгол-Хятадын парламентын бүлэг нь хамгийн олон гишүүнтэй, хамгийн идэвхтэй ажилладаг бүлэг гэдгийг онцлов. УИХ-ын дарга цааш нь улс орны нийгэм, эдийн байдлын талаар товч танилцуулахдаа дэлхий дахиныг хамарсан эдийн засаг, санхүүгийн хямралыг гэтлэн давахад БНХАУ шийдвэрлэх үүрэг гүйцэтгэснийг тэмдэглэв. Тэрбээр манай орны эдийн засаг сэргэх хандлага ажиглагдаж байгаа нь Хятадын эдийн засгийн өсөлтийн нөлөөтэй ямар нэг байдлаар холбоотойг онцлоод оны эцэст эдийн засгийн өсөлт 7.5 хувь байх төлөвтэйг дурьдав.

Мөн хоёр орны бараа эргэлт сүүлийн жилүүдэд нэмэгдэж, манай гадаад худалдааны 60 орчим хувийг Хятадын бараа бүтээгдэхүүн эзэлж байгааг дурьдаад Монгол Улс далайд гарцгүй, жижиг эдийн засагтай орны хувьд олон улсын хэмжээнд гаалийн болон тээврийн хөнгөлөлттэй нөхцөл авах хүсэлтээ улс орнууд, бүс нутгуудад тавьдаг. Европын Холбооны зарим бүс нутгийн орнууд манай улсын экспортын барааг гаалийн татваргүйгээр оруулах шийдвэр гаргасан. Энэ асуудлыг Хятадын тал анхаарч үзнэ гэдэгт итгэж байна. Энэ нь хоёр орны худалдааг чанаржуулах, манай орны эдийн засгийн хөгжил, ажлын байрны хангамжийг нэмэгдүүлэхэд чухал түлхэц болох юм гэлээ. УИХ-ын дарга цааш нь, Монгол Улс уул уурхайн баялгаа ашиглах асуудалд ихээхэн анхаарал тавьж байна. УИХ Тавантолгойн нүүрсний ордыг ашиглахтай холбогдсон асуудлыг хэлэлцэж эхлээд байгаа. Орд нь төрийн мэдэлд байх ерөнхий зарчмыг баримталж байгаа. Гэхдээ олон улсын түвшинд нээлттэй сонгон шалгаруулалт хийх замаар гадаадын хөрөнгө оруулагчдад өрсөлдөх боломж олгох юм. Мөн төмөр замын бодлогын асуудлыг УИХ-аар хэлэлцэж, гол нь шинэ сүлжээ байгуулах асуудлыг ярилцаж байгааг дурьдав. Түүнчлэн Зүүн хойт Ази, тэр дундаа Түмэн голын сав газрыг хамтран ашиглахын төлөө байгаагаа хэлээд манай Рашаант өртөөнөөс дамжуулан урагш нь төмөр зам тавих боломжтой, ингэснээр яваандаа замын олон гарцтай болох гарц нээгдэх юм гэдгийг онцлов. Мөн Монгол Улс уул уурхайн баялгийнхаа нэлээд хэсгийг эх орондоо боловсруулж БНХУ болон бусад орон, олон улсын зах зээлд нийлүүлэх хүсэлтэй байдаг, нүүрсний нөөцийг ашиглан эрчим хүчний үйлдвэр байгуулах боломж ирээдүй бийг санал болголоо.

Төрийн Зөвлөлийн Ерөнхий сайд эрчим хүчний хамтын ажиллагааны хувьд нүүрсний уурхайг түшиглэн үйлдвэр барихыг дэмжиж байгаа, энэ нь ихээхэн ирээдүйтэй салбар тул хамтран ажиллахад бэлэн байгаа, цаашдаа хоёр орны хооронд худалдаа, эдийн засаг, хүмүүнлэгийн бүхий л чиглэлээр ажил хэрэгч хамтын ажиллагааг эрчимжүүлэх хүсэлтэй байгаагаа онцлоод энэ талаар УИХ-аас анхаарал тавихыг хүслээ. УИХ-ын дарга уулзалтын төгсгөлд Төрийн Зөвлөлийн Ерөнхий сайдыг Монгол оронд тавтай зочлхоыг ерөөгөөд БХАТИХ-ын Байнгын хорооны дарга У Бангуод мэндчилгээ уламжлахыг хүслээ.

Уулзалтад УИХ-ын дэд дарга, УИХ дахь Монгол-Хятадын парламентын бүлгийн дарга Г.Батхүү, УИХ-ын гишүүн Ц.Цэнгэл, УИХ-ын гишүүн, Гадаад харилцааны сайд Г.Занданшатар, албаны бусад хүн байлцав гэж УИХ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтэс мэдээлэв.
0ЭКСПЕРТсэтгэгдэл
Сэтгэгдэл оруулахын тулд та хэрэглэгчийн эрхээр нэвтэрнэ үү.
Экспертүүдийн сэтгэгдэл
Одоогоор сэтгэгдэл нэмэгдээгүй байна.