Л.Энх-Амгалан: Мал төллөх үеэр сурагчдыг амраах ёстой гэдэг хуучинсаг буруу ойлголт
“Уур амьсгалын өөрчлөлтийн нөхцөл дэх мал аж ахуйн салбарын хөгжлийн үзэл баримтлал” сэдэвт эрдэм шинжилгээний бага хурал боллоо.
Мал аж ахуйн салбар манай улсын газар нутгийн 72.1 хувийг ашиглаж, Дотоодын нийт бүтээгдэхүүн /ДНБ/-ий 10.5 хувь, нийт ажиллах хүчний 26.1 хувийг тус тус бүрдүүлж байна. Түүнчлэн нийт аймаг сумын 80 гаруй хувь нь мал аж ахуйд суурилсан эдийн засгийн чиг баримжаатай.
Монгол улсын мал аж ахуйн салбарын хөгжилд уур амьсгалын өөрчлөлтөөс үүдсэн ган, зуд, цөлжилт, бэлчээрийн доройтол малын тэжээл болон усны нөөцийн хомсдол, малын ашиг шимийн бууралт, өвчин, эмгэгийн тархалт зэрэг хүчин зүйлсийн нөлөөлөл ихсэж байна.
БШУ-ны сайд Л.Энх-Амгалан, Бид өнөөдрийг хүртэл шинжлэх ухаанд суурилсан ухаалаг хөдөө аж ахуйг хөгжүүлж чадаагүй учраас цаг уурын аливаа бэрхшээлд их хэмжээний хохирол амсаж байна. Яг өнөөдрийн байдлаар таван сая гаруй мал зүй бусаар хорогдсон. Зөвхөн цаг уурын нөхцөл байдлаас болж нийт малынхаа 10 орчим хувийг алдана гэдэг нь малчид төдийгүй, эдийн засагт том эрсдэл учруулж буй хэрэг.
Иймд цаашдаа цаг уур, уур амьсгалын өөрчлөлтийн эрсдэлийн менежментийг яаж нэвтрүүлэх, Монголын хөрсөн дээр мал аж ахуйн ямар шинэ загварыг буулгах вэ гэдэг нь хамгийн том сорилт болж байна. Өнөөдрийн хурлаар бэлчээрийн даац, бэлчээрийн доройтол, малын тэжээл, малчдын бизнесийн загвар зэрэг олон талын асуудлыг хөндөн шийдлийг хэлэлцэж, бодит үр дүн гарна гэж харж байна гэв.
Хот, хөдөөгийн сурагчдын амралтын хугацааны асуудал дээр тодруулахад тэрбээр “Мал төллөх үеэр хүүхдийг амраах ёстой гэдэг нь хуучинсаг буруу ойлголт. Энэ нь өөрөө маш их эрсдэл дагуулна. Бид малчдад малаас илүү хүүхдийн тань ирээдүй чухал гэдгийг хэлдэг. Сургуулийг нь завсардуулахгүй, хичээлийн хоцрогдлыг бага байлгахын тулд хүүхдүүдийг дэмжих ёстой" гэсэн юм.
ХХААХҮЯ-ны Бодлого, төлөвлөлтийн газрын дарга Ц.Болорчулуун, Энэ жилийн хувьд зудын нөхцөл байдалтай холбоотойгоор хөдөө аж ахуйн салбарт урт болон богино хугацааны шинэ арга хэмжээнүүдийг авч хэрэгжүүлэх шаардлагатай болоод байна.
Иймд энэхүү эрдэм шинжилгээний хуралд талуудын үүрэг оролцоо чухлаас гадна тэднээс гарах шинэлэг санаа, дэвшлийг сонсож тэр дагуу зөвлөмж, бодлогыг боловсруулан хэрэгжүүлэх хүлээлттэй байна гэлээ.
Монгол Улсын мал аж ахуйн салбарын өмнө хүнд сорилтууд тулгараад байгаа өнөө цаг үед тус салбарын тогтвортой хөгжлийн стратегийн зорилтуудыг тодорхойлж, үр дүнтэй хэрэгжүүлэх оновчтой арга, механизмыг тогтооход оролцогч талуудын үүрэг асар их.
Өнөөдрийн үйл ажиллагаанд төрийн болон шинжлэх ухааны байгууллагууд, эрдэмтэн судлаачид, малчид, мал аж ахуйн мэргэжилтнүүд, хувийн хэвшлийнхэн, мэргэжлийн холбоод болон олон улсын байгууллагуудын 160 гаруй төлөөлөгч оролцож буйгаараа онцлог.
Дундговь аймгийн Сайнцагаан сумын малын ахмад эмч Л.Хүүхэнмөнх, Өмнөх жилүүдийнхтэй харьцуулахад энэ жилийн зудын нөхцөлд тохирсон тодорхой гарц шийдэл олж чадсангүй гэж харж байна. Үүний улмаас малын тоо толгой ихээр хорогдлоо.
Нэгэнт л уур амьсгалын өөрчлөлт мал аж ахуйн салбарт тодорхой нөлөөг үзүүлээд эхэлсэн учир малчид өвлийн бэлтгэлээ сайтар базаах, малын тарга хүчийг нэмэгдүүлэх, малынхаа тоо толгой, өвчлөлийн асуудалд анхаарах шаардлагатай байна. Тухайлбал малчид малын хөдөлгөөнөө хяналтгүй хийснээс болоод малын өвчлөл нэмэгддэг. Иймд мал эмнэлгийн зүгээс өгч буй заавар, зөвлөмжийг хэрэгжүүлэх, мэргэжилтнүүдтэй ойр хамтарч ажиллах нь чухал юм гэдгийг хэлэв.