Монгол Улсад БНХАУ 50 сая юаны буцалтгүй тусламж үзүүлэхээр болов
2010.06.02

Монгол Улсад БНХАУ 50 сая юаны буцалтгүй тусламж үзүүлэхээр болов

Монгол Улсын Ерөнхий сайд С.Батболд, БНХАУ-ын Төрийн зөвлөлийн Ерөнхий сайд Вэнь Зябао нар албан ёсны zibao_pmхэлэлцээ хийв. Хэлэлцээг эхлүүлж Монгол Улсын Ерөнхий сайд С.Батболд манай улсад айлчлахаар хүрэлцэн ирсэн БНХАУ-ын Төрийн Зөвлөлийн Ерөнхий сайд Вэнь Зябао болон дагалдан яваа төлөөлөгчдөд чин сэтгэлийн талархал илэрхийлж тавтай зочлохыг хүслээ.

Монгол Улсын Засгийн газар, монголын ард түмэн БНХАУ-ын Төрийн Зөвлөлийн Ерөнхий сайдыг хүндэтгэн хүлээж авсанд баярлаж байгаагаа ноён Вэнь Зябао илэрхийлэв. Хэлэлцээний үеэр хоёр улсын хоорондын улс төр, худалдаа эдийн засаг, соёл, хүмүүнлэг, батлан хамгаалах, хөдөө аж ахуй, уул уурхай гээд бүх салбарын хамтын ажиллагааны тодорхой асуудлыг хөндөж ярилцав. Мөн бүс нутгийн болон олон улсын харилцааны өргөн хүрээтэй асуудал, тухайлбал Зүүн Ази, Зүүн хойд Азийн аюулгүй байдал, хамтын ажиллагааны талаар санал солилцож, ШХАБ-ын хүрээнд хэрэгжүүлж буй хамтын ажиллагаагаа цаашид ч үргэлжлүүлэхээр тохиролцов.

Ази, Номхон далайн бүс нутаг, түүний дотор Зүүн Ази, Зүүн хойд Азийн хамтын ажиллагаанд Монгол Улс идэвхтэй оролцох Ерөнхий сайд С.Батболдын саналыг БНХАУ-ын Төрийн Зөвлөлийн Ерөнхий сайд Вэнь Зябао дэмжиж байгаагаа илэрхийлэв. Хоёр улсын худалдаа, эдийн засгийн хамтын ажиллагааны хүрээнд далайд гарцгүй манай орны хувьд транзит тээврийн асуудлыг Ерөнхий сайд С.Батболд хэлэлцээний үеэр чухалчиллаа. Хятадын нутаг дэвсгэрээр хийж байгаа транзит тээвэрт хятадын талаас хөнгөлөлт үзүүлэх, далайд гарах боомтын тоог нэмэгдүүлэх, хил орчмын бүсэд болон Тяньжин боомт, бусад боломжтой боомт хүртэл монголын авто тээврийн хэрэгслийг нэвтрүүлэх боломжийг бий болгох эрх зүйн орчинг судлаж үзэх Ерөнхий сайд С.Батболдын хүсэлтийг БНХАУ-ын Төрийн Зөвлөлийн Ерөнхий сайд Вэнь Зябао нааштай хүлээн авч холбогдох байгууллагуудтайгаа ойрын үед ярилцана гэлээ. 

Иргэдтэй холбоотой асуудлыг шуурхай шийдвэрлэх үүднээс хоёр орны хууль, хяналтын ижил чиг үүрэгтэй байгууллага хоорондын хамтын ажиллагааг улам өргөтгөн хөгжүүлэх, шууд харилцааг бэхжүүлэх, терроризм, хил дамнасан зохион байгуулалттай гэмт хэрэгтэй тэмцэх ажлыг идэвхжүүлэх, Монгол Улсын Засгийн газраас хятадын талд гардуулан өгсөн “Ялтан шилжүүлэх гэрээ”-г ойрын хугцаанд байгуулах саналтай байгаагаа Монгол Улсын Ерөнхий сайд С.Батболд илэрхийлэв. Уг асуудлыг судалж нааштайгаар шийдвэрлэхээ илэрхийлж, манай улсад 50 сая юаний буцалтгүй тусламж, батлан хамгаалах салбарт 10 сая юаны тусламж үзүүлэх болсныг БНХАУ-ын Төрийн Зөвлөлийн Ерөнхий сайд Вэнь Зябао мэдэгдлээ.

Буцалтгүй тусламжийг хоёр улсын харилцан тохирсон төслүүдэд зарцуулна. Засгийн газраас хэрэгжүүлж байгаа “Оюутны хотхон”-ны хүрээнд Шинжлэх ухаан технологийн их сургуулийн төслийг БНХАУ дэмжиж буцалтгүй тусламжийнхаа зохих хэсгийг зарцуулах, 5 жил дараалан жил бүр манай 60 залууг хүлээн авч айлчлуулж, Засгийн газрынхаа тэтгэлгээр ирэх 5 жилд 2000 оюутныг нэмж сургахаар боллоо.
0ЭКСПЕРТсэтгэгдэл
Сэтгэгдэл оруулахын тулд та хэрэглэгчийн эрхээр нэвтэрнэ үү.
Экспертүүдийн сэтгэгдэл
Одоогоор сэтгэгдэл нэмэгдээгүй байна.