2024.04.11
Азийн аваргаас хүрэл медаль хүртсэн 3х3-ын баг тамирчдыг 500 сая төгрөгөөр шагнана
Засгийн газрын ээлжит хуралдаан 2024 оны дөрөвдүгээр сарын 10-нд болж дараах асуудлуудыг хэлэлцэн шийдвэрлэлээ.
- · УИХ, Засгийн газрын гишүүн, Дэд бүтцийн хөгжлийн сайдын үүрэг гүйцэтгэгч асан С.Зоригийн амь насыг хөнөөсөн хэрэгт ял шийтгэгдсэн Т.Чимгээ, Б.Содномдаржаа нарын эрх ашгийг хамгаалах асуудлаар олон улсын хүний эрхийн байгууллагуудтай хамтарч ажиллах, санал боловсруулж танилцуулах үүрэг бүхий Ажлын хэсгийг байгууллаа. Ажлын хэсгийг Хууль зүй, дотоод хэргийн дэд сайд Б.Солонгоо ахална.
- · Газрын тос боловсруулах үйлдвэр байгуулах төсөл хэрэгжүүлэхэд тулгамдаад байгаа асуудлуудын талаар Монгол Улсын сайд, ЗГХЭГ-ын дарга Д.Амарбаясгалан хуралдаанд танилцууллаа. Бүгд Найрамдах Энэтхэг Улсын хөнгөлөлтэй зээлээр Дорноговь аймгийн Алтанширээ суманд баригдаж байгаа Газрын тос боловсруулах үйлдвэрийг 2026 оны дөрөвдүгээр улиралд ашиглалтад оруулах төлөвлөгөөтэй ажиллаж байна.
- · Арабын Нэгдсэн Эмират Улсын Абу Даби хотноо 2023 оны арваннэгдүгээр сард гарын үсэг зурсан “Эдийн засаг, техникийн хамтын ажиллагааны тухай Монгол Улсын Засгийн газар болон Арабын Нэгдсэн Эмират Улсын Засгийн газар хоорондын харилцан ойлголцлын санамж бичиг”-ийг баталлаа.
- · Монгол Улсын Их Хурлын дарга Г.Занданшатарын 2024 оны хоёрдугаар сарын 26-29-нд Бүгд Найрамдах Киргиз Улсад хийсэн албан ёсны айлчлалын дүнг хэлэлцээд Үндэсний аюулгүй байдлын зөвлөлд оруулахаар тогтлоо.
- · Монгол Улсын нэрийг олон улсын хэмжээнд гаргаж, сурталчлан таниулж, Монгол бахархлыг бий болгоход үнэтэй хувь нэмэр оруулж байгаа сагсан бөмбөгийн 3х3 эрэгтэй, эмэгтэй баг тамирчдад холбогдох журмын дагуу Монгол Улсын Ерөнхий сайдын нэрэмжит мөнгөн шагнал олгоно. Баг тамирчдад олгох шагналын 500 сая төгрөгийг Засгийн газрын нөөц сангаас гаргана.