Манайд “хүн ам зүйн цонх”-ны таатай үе эхлээд байна
2010.06.08

Манайд “хүн ам зүйн цонх”-ны таатай үе эхлээд байна

УИХ-ын НББСШУ-ны байнгын хороо, НХХ-ийн яам, Үндэсний хөгжил, шинэтгэлийн хороо, МУИС-ийн ЭЗС-ийн хүн амын сургалт, судалгаchilsaаны төв, НҮБ-ын Хүн амын сан хамтран “Хүн ам зүйн цонхны үе хөгжлийн бодлогын зарим асуудлууд” сэдэвт Үндэсний зөвлөлдөх уулзалтыг энэ сарын 9-10-ны өдрүүдэд Төрийн ордонд зохион байгуулах гэж буйтай холбогдуулан УИХ-ын гишүүн А.Тлейхан, Үндэсний хөгжил шинэтгэлийн хорооны дарга Ч.Хашчулуун, НХХ-ийн яамны Төрийн нарийн бичгийн дарга У.Бямбасүрэн нар өнөөдөр хэвлэлийн бага хурал хийлээ.

Энэхүү Үндэсний зөвлөлдөх уулзалтын зорилго нь хүн амын хөдөлмөр эрхлэлтийг нэмэгдүүлэх, шинэ ажлын байрыг бий болгох Засгийн газрын зорилтын хүрээнд хүн ам зүйн цонхны үеийн боломжийг үр дүнтэй ашиглах, энэ асуудлыг хөгжлийн бодлогод тусган хэрэгжүүлэх асуудалд бодлого боловсруулагч, шийдвэр гаргагчдын анхаарлыг хандуулах, бодлогын зөвлөмж гаргахад чиглэх юм байна.

“Хүн ам зүйн цонх”-ны үе гэдэг нь тухайн улсын хүн амын дундаж наслалт нэмэгдэж, төрөлт буурснаар хүн амын өсөлт удааширч, насны хэв маягийн хувьд нийгэм-эдийн засагт ач холбогдол бүхий хөдөлмөрийн насны хүн ам хамгийн их байх үеийг хэлдэг гэнэ. Энэ үеийг зохистой ашиглаж чадвал хөдөлмөрийн бүтээмжийг дээшлүүлж, эдийн засгийн өсөлтийн хурдыг түргэтгэн нэг хүнд ногдох ДНБ нэмэгдэн иргэн бүр хадгаламж, хуримтлалтай болох нөхцөл бүрддэг байна. Гэвч тодорхой хугацааны дараа “хүн ам зүйн цонх”-ны үеийн энэхүү боломж хаагдсанаар насны хэв маягийн дараагийн үе болох хүн ам насжих үйл явц эхлэх бөгөөд ингэснээр ахмад настанд үзүүлэх эрүүл мэнд, нийгмийн хамгааллын зардал нэмэгдэж, төсөвт багагүй ачаалал нэмэгддэг байна.

Харин манай улсын хувьд 1970-аад оны дунд үеэс буурч эхэлсэн төрөлтийн түвшин 1990-ээд оноос эрчимжсэн бөгөөд 2000-аад оны дунд үеэс харьцангуй тогтворжиж иржээ.

2008 оны байдлаар 28.1 хувь нь 0-14 насны хүүхэд, 65.8 хувь нь 15-59 насны хүн ам болж насны бүтцийн хувьд ихээхэн өөрчлөгдөж, “хүн ам зүйн цонх”-ны таатай үе эхэлснийг илтгэн, улс орны эдийн засгийн хөгжлийг түргэтгэх, хүн амын орлого, амьжиргааг дээшлүүлэх, хүн амын өсөлтийг дэмжих зэргээр энэ үеийг оновчтой ашиглахыг сануулж байна. Хэтийн тооцооноос харахад хөдөлмөрийн насныхны нийт хүн амд эзлэх хувь 2025 оныг хүртэл 66.4 хувиас буурахгүй багаа нь хүн ам зүйн цонхны үе манай оронд 2025-2030 он хүртэл үргэлжлэхээр байгаа аж.

Энэ үеийн боломжийг үр өгөөжтэй, оновчтой ашиглах хамгийн таатай орчин, нөхцөл бүрдсэнийг хэвлэлийн бага хурлыг зохион байгуулагчид хэлж байсан. Хэрэв энэ үеийг зохистой ашиглаж чадахгүй бол ирээдүйд олон сөрөг үр дагавар, дарамт бий болох гэнэ.

Тухайлбал, ажлын байргүй ажиллах хүчний өсөлтийн улмаас ажилгүйдэл, ядуурал нэмэгдэх, үүнийг дагаж гэмт хэрэг, хүчирхийлэл, архидалт зэрэг нийгмийн сөрөг үзэгдлүүд гаарах нөхцөл болох төдийгүй тодорхой хугацааны дараа төрөөс үзүүлэх нийгмийн хамгааллын арга хэмжээтэй холбоотой ихээхэн дарамтыг бий болгож болзошгүй ажээ. Иймд хүн ам зүйн цонхны үед хүн ам, гэр бүлийн бодлогыг оновчтой тодорхойлох, энэ үеийн боломжийг хамгийн үр ашигтайгаар ашиглаж ялангуяа уул уурхайн эдийн засаг түшиглэсэн энэ цаг үед хүний нөөцийг оновчтой байршуулах талаар бодлого боловсруулагч, шийдвэр гаргагчид, эдийн засагчид, хүн ам зүйчид зэрэг бүхий л талыг оролцуулсан хэлэлцүүлэг өрнүүлж, үзэл бодлыг нь сонсох, бодлогын хувилбарыг боловсруулах шаардлагатай байгаа гэлээ. Зөвлөлдөх уулзалтад УИХ, Засгийн газрын гишүүд, төрийн болон төрийн бус байгууллага, судлаачид, хувийн хэвшил, олон улсын байгууллагын төлөөлөгчид оролцох юм байна.

Б.Янжинлхам
0ЭКСПЕРТсэтгэгдэл
Сэтгэгдэл оруулахын тулд та хэрэглэгчийн эрхээр нэвтэрнэ үү.
Экспертүүдийн сэтгэгдэл
Одоогоор сэтгэгдэл нэмэгдээгүй байна.