ЕРӨНХИЙ САЙД Л.ОЮУН-ЭРДЭНЭД ИБУИНХУ-ЫН ГАДААД ХЭРЭГ, ХАМТЫН НӨХӨРЛӨЛ, ХӨГЖЛИЙН САЙД ДЭВИД КАМЕРОН БАРААЛХАВ
Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэд манай улсад албан ёсны айлчлал хийж буй Их Британи, Умард Ирландын Нэгдсэн Хаант Улсын Гадаад хэрэг, хамтын нөхөрлөл, хөгжлийн сайд Дэвид Камерон бараалхав.
Бараалхалтын үеэр Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ ардчилал, хүний эрх, хууль дээдлэх зарчим зэрэг үнэт зүйлд суурилсан Монгол, Британийн харилцааны түвшнийг ахиулж, “Иж бүрэн түншлэл”-ийн түвшинд хүргэх баримт бичиг байгуулсныг сайшааж, Түншлэл хамтын ажиллагааны хэлэлцээрийг ойрын хугацаанд байгуулна гэдэгт итгэж байгаагаа илэрхийлэв.
Мөн Засгийн газраас хэрэгжүүлж буй Монгол Улсын урт хугацааны хөгжлийн бодлого “Алсын хараа 2050”, эдийн засгийн сэргэлтийг эрчимжүүлэх “Шинэ сэргэлтийн бодлого”-д тусгагдсан зорилтуудыг үр дүнтэй хэрэгжүүлэх болон англи хэл, боловсролын салбарт Британитай хамтран ажиллах боломжийн талаар санал солилцлоо.