З.Энхболд Авлигатай тэмцэх газрын даргатай “үзэлцэв”
2010.06.09

З.Энхболд Авлигатай тэмцэх газрын даргатай “үзэлцэв”

“гэдэг хүнтэй цааш явахгүй юм байна лээ” гэж УИХ-ын гишүүн З.Энхболдыг хэлж дуусмагц хэлэл­цүүл­гийн туршид эз­гүй байсан Авли­гатай тэм­цэх газар (АТГ)-ын дарга Ч.Сангарагчаа УИХ-ын Хууль зүйн байн­гын хороо хуралдаж бай­сан Төрийн ордны “В” тsangaragchaa_enkhboldанхимд орж ирлээ. УИХ Монгол Улсын 2009 оны нэгдсэн төсвийн гүйцэтгэл болон Засгийн газрын 2009 оны жилийн эцсийн санхүүгийн нэгд­сэн тайланг энэ  өдрүү­дэд хэлэлцэж бай­гаа. УИХ-ын байнгын хороод өөрт хамаарагдах  байгуулла­гуу­­дыг “шүүж” байгаа юм.

Энэ үеэр З.Энхболд гишүүн, АТГ-ын дарга Ч.Сангарагчаа нар дуугаа өндөрсгөж,  “би, чи”-дээ хүрсэн. З.Энхболд гишүүн  Авлигатай тэмцэх газрын даргад “харшилтай” нь хэлэлцүүлгийн эхнээс л анзаарагдаж байв. Тэрбээр ярианыхаа эхэнд “Улсын төсвийн зарлагын гүйцэтгэл ярина гэдэг УИХ хяналтаа хэрэгжүүлж байгаа хэлбэр” гэдгийг онцолсон. Гишүүн  танхимд суугаа аудитынханд хандан  “Нэг төгрөг гарлаа, хоёр төгрөг орлоо гээд та нар нягтлан бодохын үүрэг сайн  гүйцэтгээд байна. Тө­сөв зориулалтын дагуу зарцуулагдсан уу гэдэгт би  дүгнэлт  хүлээж байна” хэмээн нэхэв.  З.Энхболд мэдээж АТГ-аас бусад байгууллагад ч анхаарал хандуулсан л даа.  “Хил хамгаалах газрын төсөв хэтэрсэн шалтгааныг ойлгож байна. Зуд болсон, шатахууны зардал хэтэрсэн гээд. Иргэний бүртгэл дээр ямар зуд болохоороо 73 сая төгрөгөөр төсөв нь хэтэрдэг юм бэ” хэмээн тэр ундууцав. Харин прокурор, АТГ хоёрыг харьцуулж үзэхээрээ л  гишүүний уур шатчихдаг бололтой. “761 ажилтантай прокурорт 5.7 тэрбум төгрөг төсөвлөсөн  мөртлөө прокурорт олгосон мөнгөний талаас илүү хувийг  20-30-хан мөрдөн байцаагчтай Авлигатай тэмцэх газарт өгөөд үр дүн нь юу болов.  АТГ-ынхан аюул дунд ажилладаг гээд байгаа. Цагдаа, шүүх, прокурор  харин ч аюултай нөхцөлд ажилладаг шүү дээ. АТГ-ынхан 350 сая төгрөгөөр гурван жилийн турш байр авсан. Байргүй гудамжинд явсан Ч.Сангарагчааг авчраад даргаар тавиагүй. Цагдаад насаараа ажилласан хүн байртай л  байж таарна” хэмээн тэрбээр “муулж” амжсан.

 

Ерөнхий аудиторын орлогч Б.Батбаяр “Бид санхүүгийн аудитын тайланг олон улсын стандартын дагуу хийдэг. Аудитын зорилго нь энэ тоонд итгэж болох эсэхийг баталдаг аудит. Хөрөнгө оруулалт үр дүнгээ өгсөн эсэхийг, тавьсан зорилго биелэсэн эсэхийг  гүйцэтгэлийн аудитаар гаргадаг. Жилийн эхний улиралд бид сайд нарын  санхүүгийн тайланд аудит хийж байгаа учраас гүйцэтгэлийн аудит хийх цаг хугацааны боломжгүй. Үлдсэн хугацаанд нь бид гүйцэтгэлийн аудит хийдэг” хэмээн тайлбарлалаа. З.Энхболд гишүүн “Аудитын газар гүйцэтгэлийн аудитдаа илүү анхаарал тавиад санхүүгийн аудитаа бусад хувийн байгууллагуудаар хийлгэх хэрэгтэй” гэж  санал гаргав. “Аль байгууллагад жил бүр хэдэн төгрөг өгөх нь бодлогын асуудал байдаг бол хэдэн төгрөгөөр зөрүүлсэн нь техникийн асуудал” гэж гишүүн тодотгож байлаа. З.Энхболд гишүүн ахиад л нөгөө АТГ-аа муугийн жишээнд дурьдав. “Тэдний хажуугийн байранд ангийн дэлгүүр байдаг. Дэлгүүрийн нэрийг нь санахгүй байна. 60 сая төгрөгийг ангийн хэрэгсэл, машиндаа пилонк наалгахад  зарцуулсан бай­гаа юм. Өмнөх прокурорт өгөөд шалгуулахад “Зүгээр байна” гэсэн. Авлигатай тэмцэхийн оронд загасанд явдаг. Вэб сайт бий болгохын оронд байр авдаг даргаас салмаар байна” хэмээн ярьж байтал Ч.Сангарагчаа даргын зүүн чих хангинасан бололтой өрөөнд орж ирлээ. З.Энхболд гишүүний нэхэл хатуутай  шалаад буй вэбэд эрх мэдэлтнүүдийн хөрөнгө орлогын мэдээлэл гарч байх учиртай аж. Төсөв хүрэл­цээгүй учраас вэб нээгдэхгүй байгаа гэж гишүүн тайлбар­ласан.

 

Ч.Сангарагчаа дарга “Тө­­сөв ойлгомжтой. Хоёр тэр­бум 830 сая төгрөг. Батлагдсан төсвийн хүрээнд санхүүгийн зөрчилгүй ажил­лаж байна. Зарим хүн “Заавал төсөв идсэн байх учиртай” гэж улстөржсөн  байдлаар    ханддаг. З.Энх­болд гишүүний  яриад бай­гаа асуудлаар хяналтын бай­гууллагууд шалгасан. Аудит болон хяналтын, хуу­лийн  байгууллагуудад З.Энх­болд гишүүн хандаж, мэргэжлийн шинжээчдийн дүгнэлт хүртэл гаргуулсан. Баримттай юм ярих хэрэгтэй шүү дээ” гэж сургамжилсан. З.Энхболд гишүүн “Миний юу ярихыг чи заахгүй. УИХ-ын өгсөн мөнгөөр ямар үр дүн гаргасныг чинь л асууж байна” хэмээн уурлав. Ч.Сангарагчаа ч мөн бухимдаж “АТГ 27.8 тэрбум төгрөгийн хохиролтой гэмт хэргийг илрүүлсэн.  Төс­вөө­сөө 10 дахин их гэмт хэрэг илрүүлсэн” хэмээн хариу ба­рилаа. З.Энхболд гишүүн олон улсын Транспарэнси интернэйшнл байгууллагын судалгаагаар Монголд авлига өссөн дүнтэй буйг иш татав. “Авлигын индекс бол АТГ-ын индекс биш. Авлигатай тэмцэх улстөрчдийн хүсэл зориг байгаа эсэхийг хүртэл багтаасан өргөн хүрээтэй ойлголт” гэж Ч.Сангарагчаа ном айлдлаа.

“Хуулийн байгууллагууд З.Энхболд гишүүнд албан ёсны хариугаа өгсөн байх ёстой. Төрийн албан хаагчийг гүтгэж байгаа бол та хариуцлага хүлээ” хэ­мээн түүнийг давшлахад  З.Энхболд гишүүн “Энэ цаг­даад загнуулж суумааргүй бай­на” гэв. “Гүтгэсэн бол хариуцлага хүлээхэд бэлэн” гэж тэр бас дуугарах нь сонсогдсон.

 

Уур амьсгал халж эхэл­мэгц  Хууль зүйн байнгын хороог даргалдаг Б.Бат-Эрдэнэ гишүүн маргааныг тасалж, дараагийн хүнд үг хэлэх эрх өглөө.  МАХН-ын угшилтай хоёр гишүүн З.Энхболдыг буруутгах аяс­тай үг дуугарав.  Д.Одбаяр гишүүн  ”УИХ дээр ийм тийм дүрэм зөрчсөн гэж З.Энхболд гишүүн яриад яваад байдаг. Би харин  хуулийн байгууллагын дүгнэлт гарсан байдаг бол тэрийгээ хэл гэж асуух гэж байтал Ч.Сангарагчаа дарга хариулчихлаа“ гэнэ.    Б.Чойжилсүрэн гишүүн  “З.Энх­болд гишүүн асуудлыг улстөржүүлээд  баймгүй байна гэдэг горимын санал байна” гэв.  Гэсэн ч З.Энхболд гишүүн “гандан буурсангүй” санал хэлэх боломжоо ашиглан үг хэлэхдээ “АТГ-ын даргад арга хэмжээ авах санал оруулж байна” гэв.  Арга хэмжээ авах санал хол явахгүй бололтой.  Төсвийн гүйцэтгэл болон Засгийн газрын жилийн эцсийн санхүүгийн нэгдсэн тайланг УИХ-ын  чуулганаар хэлэлцэх болсноор асуудал намжсан юм.

Хууль зүйн байнгын хо­рооны энэ өдрийн хурал­дааны өөр нэг бухимдалтай гишүүн нь Дарханаас сон­гогдсон Ж.Сүхбаатар. Тэрбээр энэ өдөр сонгогчдодоо таа­­лаг­­­дахаар шийдсэн бо­лолтой. Дархан гэсэн нэ­рийг хэдэнтээ давтлаа.Тэр­б­ээр “Хавар Дарханд ажил­лахад  амбсам  үед авсан хэдхэн компьютертэй, маш тааруухан нөхцөлтэй байсан. Гэтэл зарим газрын шүүхийн барилгад  хэдэн зуун саяар нь хийгээд байдаг. Чингэлтэйн шүүхийн байранд  321 сая төгрөг зарцуулсан” хэмээн барьцлаа. Тэрбээр мөн Хад­галамж, зээлийн хоршоо (ХЗХ)-ны нөхөн төлбөртэй холбоотойгоор төсвийн гүй­цэтгэлд өөрчлөлт орсон бай­н­а.  Эргэн төлөлт ямар байгааг хэлж өгөөч. Шүүхийн шинэтгэл гээд Ерөнхийлөгч яриад байгаа.  Шүүхийн ерөнхий зөвлөл төсвийнхөө талаар хөөцөлдлөгөө байхгүй байна гэж зөвлөх шүүмжлэхийг хослуулав.

Ерөнхий аудиторын орлогч Б.Батбаяр ”Сайд нарын санхүүгийн тайланд аудит хийхэд  Хууль зүйн байнгын хорооны харьяалдаг байгууллагуудад Хил хамгаалах ерөнхий газар (ХХЕГ)-аас  бусад нь зөрчилгүй гарсан. ХХЕГ-ын  зардал хэтэрсэн нь тээвэр, шатахууны зардал хэтэрсэнтэй холбоотой” хэмээн тайлбарлав. Тус байгууллагаас төсвийн ерөнхийлөн захирагчдад “Менежмэнтийн захидал” илгээдэг агаад үүндээ цаашдаа залруулах ёстой асуудлаар зөвлөмж өгдөг аж.

 

Хууль зүй, дотоод хэргийн яамны  төрийн   нарийн   бичгийн дарга Г.Баяс­галан­гийн тайл­­бар­ласнаар “ХЗХ-ны эр­гэн төлөгдөх  учиртай 33 тэрбум төгрөгөөс  23.6 тэр­бум нь төлөгдөөгүй” аж. “Хөрөнгийн үнэлгээ өндөр тогтоогдсон, хураагдсан бараа бүтээгдэхүүн хуучирч, чанар нь муудсан  шалтгаанаар 17 тэрбум төгрөгийг нөхөн төлүүлэхэд хүндрэлтэй байгаа. Худалдан борлуулах боломжгүй  хөрөнгө долоон тэрбумийн  үнэлгээтэй байгаа” гэнэ. Шүүхийн ерөнхий зөв­лөлийн гүйцэтгэх нарийн бичгийн дарга Н.Ганбаярын тайлбарлаж буйгаар “Монголын шүүхэд 1320 хүн ажиллаж байгаагийн  421 нь шүүгч бусад нь захиргааны болон үйлчилгээний албан хаагч” аж.  “Өөрийн гэсэн орон байргүй шүүх Бор-Өндөр болон Дарханых”  гэв.

Ж.Сүхбаатар “Чингэлтэй дүүргийн шүүхийн байр навсайгаад уначихсан юм уу. Яагаад 321 сая төгрөг төсөвлөсөн юм?”

 

Н.Ганбаяр “Унасан, наадах чинь бодлоготой тавигдаж байгаа мөнгө. Дарханы шүүх байрлаж байгаа Оросын байр сайн байр гэж бид үзэж байгаа. Монголын өмчлөлд  шилжүүлж өгөөч гэж Оросын талд асуудал тавьсан” гэлээ. Шүүхийн ерөнхий зөвлөлийн гүйцэтгэх нарийн бичгийн даргын  мэдээлснээр  бол “Шүү­хийн төсөв улсын төс­вийн 0.43 хувийг эзэлдэг  аж. Мэдээж гадаадын  хөг­жилтэй орнуудад энэ тоо өндөр байдаг. “Бид Ерөн­хий­лөгчийн өргөн барьж байгаа шүүхийн тогтолцооны хуульд  шүүхийн төсөв улсын төсвийн 1.5 хувь болгохоор тусгуулж байгаа“ гэж нарийн бичгийн дарга тайлбарлав. Энэхүү 1.5 хувьд прокурорын төсөв ч багтаж байгаа гэнэ.  Улсын ерөнхий прокурорын орлогч Ч.Мөнхбат  “Шүүх эрх мэдлийн хоёр байгууллагад  төсвийн 1.5  хувийг өгвөл боломжийн” гэж үзэж буйгаа дуулгасан.  Засгийн газрын санхүүгийн тайланд  эцсийн дүнг УИХ-ын нэгдсэн чуулганаар тавина.

 

Б.ЯНЖМАА

0ЭКСПЕРТсэтгэгдэл
Сэтгэгдэл оруулахын тулд та хэрэглэгчийн эрхээр нэвтэрнэ үү.
Экспертүүдийн сэтгэгдэл
Одоогоор сэтгэгдэл нэмэгдээгүй байна.