Баруун бүсийн автозам хөгжил дагуулна
Азийн хөгжлийн банк нь Монгол Улстай үр бүтээлтэй хамтран ажиллаж маш их хөрөнгө оруулалт хийж байгаа, тус банкны хөрөнгө оруулалт нь гол төлөв манай орны дэд бүтцийг хөгжүүлэхэд чиглэсэн, хүн ардын амьдралд үлдэцтэй байдгаараа давуутайг УИХ-ын дарга уулзалтын эхэнд тэмдэглэлээ. Харин Суурин төлөөлөгч АХБ-наас одоо боловсруулж байгаа Монголд үзүүлэх туслалцааны хөтөлбөртөө дэд бүтцийн салбарын хөрөнгө оруулалтыг үйл ажиллагааны гол чиглэл болгохоор төлөвлөж буйгаа УИХ-ын даргад дуулгалаа.
Баруун бүсийн автозамын төслийг боловсруулах эхний шатны байдалтай газар дээр нь очиж танилцаад ирсэн тус банкны төслийн мэргэжилтэн Лакшман Атикорала, Стивен Каркман нар Баруун бүсийн автозамын төслийн нэг, хоёрдугаар шатны ажлын явц байдлын талаар УИХ-ын даргад танилцуулав.
Баруун бүсийн автозамын төслийн эхний шатны автозамыг АХБ 36.7 сая ам.долларын буцалтгүй тусламжийн хүрээнд хэрэгжүүлэхээр 2008 онд баталж, замын барилга угсралтын ажлыг 2009 онд эхлэхээр төлөвлөсөн байсан ч хугацаанаасаа хоцорч яваа аж. Учир нь уг замын нарийвчилсан зураг төслийг боловсруулах ажил манай Засгийн газрын санхүүжилтийн байдлаас болж найман сараар хоцорсон. Дараа нь хоёр багц болгож зарласан тендерийн дүнг АХБ өнгөрсөн оны есдүгээр сард хүлээн авч тендерийн үнэлгээг энэ оны дөрөвдүгээр сард ирүүлсэн юм байна. АХБ уг замын нэг дэх багцын тендерийн үнэлгээний тайланг хүлээн авч зарим тодруулга хийсний дүнд баталж хэрэгжүүлэхэд бэлэн болсон. Ингэснээр замын ажлыг энэ оны есдүгээр сар гэхэд эхлүүлэх боломжтой. Харин хоёр дахь багц тендерийн үнэлгээний дүнг хараахан ирүүлээгүй байгааг тэд хэллээ.
Түүнчлэн Баруун бүсийн автозамын хоёр дахь шатны төслийг энэ оны эцэс гэхэд батлуулах зорилттой ажиллаж байгаа аж. АХБ-ны 45 сая ам.долларын санхүүжилтээр хэрэгжих энэ төслийг бэлтгэх ажлыг өнгөрсөн долоо хоногоос эхэлж, төслийн мэргэжилтнүүд Баян-Өлгий, Ховд аймагт очиж замын хэсгийн нарийвчилсан зураг төсөлтэй газар дээр нь танилцаад иржээ. Энэ үеэр орон нутгийн удирдлагууд Ховдын нисэх онгоцны буудлаас аймгийн төв хүртэл 15 км зам тавих, хоёр гүүр барих хүсэлт гаргасныг тэд дурьдаад эдгээр хүсэлтийг төслийн бүрэлдэхүүн хэсэг болгоход болохгүй гэх зүйлгүй, гагцхүү санхүүжилтийн асуудал яригдана гэдгийг хэлж байлаа.
Мөн зам тавих чиглэлийн дагууд эмзэг, үзэсгэлэнт байгальтай хэд хэдэн газар нутаг байгаа тул мэргэжлийн зөвлөхүүдээр байгаль орчны нөөлллийн үнэлгээ хийлгэх бодолтой байгаа. Мөнхийн цэвдэгтэй газар нэлээд байгаа нь барилга угсралтын ажилд нөлөөлж болзошгүй юм. Иймээс нарийн мэргэжлийн зөвлөх урьж ажиллуулах хүсэлтийг Засгийн газраас тавибал тус банк анхаарч болох юм гэлээ. Ер нь багцын нэг дэх шатны төслийн явцыг түргэтгэх шаардлагатай байгааг АХБ-ны төлөөлөгчид дурьдаад энэ нь хоёр дахь шатны төсөлд зам нээх гарц юм гэдгийг онцолж байлаа.
УИХ-ын дарга төслийн ажлын явцыг түргэтгэх талаархи тэдний саналыг дэмжээд энэ асуудлаар холбогдох яам, агентлагуудад тодорхой чиглэл өгөхөө мэдэгдлээ. Мөн Ховд, Баян-Өлгийн замын хувьд Улаанбаатар хот, тэрчлэн Хятадын Урумчээс замын цемент материал татахад асар их зардал гардаг тул тендер зарласнаас хойш анх төлөвлөсөн төсөв мөнгө нь хүрэлцэхээ больж ажил зогсоход хүрдэг. Ийм нөхцөлд нэг бол АХБ төсөв мөнгөө төлөвлөсөн бодит зардалд нь ойртуулж аль болох түргэн нэмэх, эсвэл тавихаар тооцсон замаа танаж багасгаж ажлаа түргэвчлэх гэсэн хоёр арга байж болохыг тэрбээр хэлээд энэ талаар анхаарч үзэхийг тэднээс хүслээ.
АХБ-ны төлөөлөгчид Баруун бүсийн автозамын эдийн засгийн үр өгөөжид санаа зовж, энэ бүс нутаг нь ялангуяа уул уурхайн салбарыг хөгжүүлэхэд үр өгөөжтэй байхыг хүсч байгааг хэлэхэд УИХ-ын дарга “Бид энэ замын эдийн засгийн үр өгөөжийг сайнаар төсөөлж байгаа. Учир нь удахгүй энд их хөл хөдөлгөөн эхэлнэ. Энэ бол Алтайн хамгийн өндөр нурууг давсан, бас хоёр улсыг холбож байгаа, төвөөс хамгийн алслагдсан газар тавигдаж байгаа гээд олон алдартай зам болно” гэдгийг онцоллоо гэж УИХ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтэс мэдээлэв.