Монголбанкны Хяналтын зөвлөлийн дарга, гишүүдийг томиллоо
2010.06.11

Монголбанкны Хяналтын зөвлөлийн дарга, гишүүдийг томиллоо

Өчигдөр хуралдсан УИХ-ын чуулганаар Монголбанкны Хяналтын зөвлөлийн дарга, гишүүдийг томиллоо. Хяналтын зөвлөлийн даргаар Ж.Ядамсүрэнг, гишүүдээр Ж.Үнэнбат, Х.Ганбаатар, Я.Эрхэмбаяр, Д.Моломжамц, Ч.Энхбаатар, Д.Нямааmongolbank_01 нарыг томиллоо.

Асуудлыг хэлэлцэх үеэр УИХ-ын гишүүн С.Бямбацогт өнөөдрийн Монголбанкнаас явуулж байгаа мөнгөний бодлогыг нэр дэвшигчид юу гэж үзэж байгааг лавласан. Мөн Монголбанкны бодлогын хүү, инфляцын цаашдын хандлагын талаар тодруулсан.

Энэ асуултад Эдийн засгийн байнгын хорооны дарга Ц.Баярсайхан хариулт өгсөн. Түүний тайлбарласнаар Хяналтын зөвлөлийн эрх үүргийг хуулиар тогтоосон аж. Хяналтын зөвлөл Монголбанкны дотоод хяналтын үйл ажиллагаанд хяналт тавих үүрэгтэй. Мөнгөний бодлогод аливаа хэлбэрээр оролцохгүй гэж Монголбанкны тухай хуульд заасан байдаг байна.

Төв банкнаас явуулж буй үйл ажиллагаа эдийн засаг дахь бодит секторын үйл ажиллагаанд хүндрэл учруулж байгаа. Цаашдаа Монголбанкны үйл ажиллагааг ажиглан шаардлагатай бол ажлын хэсэг байгуулах болно хэмээн Байнгын хорооны дарга хэлсэн юм.

УИХ-ын гишүүн З.Энхболд, “Хяналтын зөвлөлийн эрх гэх юм байхгүй юм. Аудитортой санал солилцоно, аудит хийх санал гаргана, тайлангаа их хуралд хүргүүлнэ гэж байна. Зүгээр л үзүүлэнгийн байгууллага байна. Том нэртэй эрх байхгүй байгууллагын гишүүдийг УИХ-аар томилох хэрэг байгаа юм уу. Энэ хүмүүсээс юу ч шаардах аргагүй, юм ч гарахгүй. Ийм цаг үрсэн зүйл хийх хэрэг байна уу. Хяналтын зөвлөл хяналт тавьсан шиг тавьж, хариуцлага хүлээсэн шиг хүлээх ёстой гэж би бодож байна” хэмээсэн.

Байнгын хорооны дарга Ц.Баярсайхан, “Өнөөгийн мөрдөж буй хууль тогтоомжийн хүрээнд ийм л байгаа. Энд ажиллах сонирхолтой хүн бараг байхгүй. Энд ажиллаач гэсэн хүсэлт тавьж байж энэ хүмүүсийг оруулж ирж байгаа. Хяналтын зөвлөлд илүү эрх өгвөл Монголбанкны хууль тогтоомжтой зөрчилдөх байдал гарч ирнэ. Цаашдаа ажиллах журмыг боловсронгуй болгох чиглэлээр ажиллах бололцоо гарах байх гэж бодож байна” гэлээ. 


0ЭКСПЕРТсэтгэгдэл
Сэтгэгдэл оруулахын тулд та хэрэглэгчийн эрхээр нэвтэрнэ үү.
Экспертүүдийн сэтгэгдэл
Одоогоор сэтгэгдэл нэмэгдээгүй байна.