Гишүүд Тайшир, Дөргөний усан цахилгаан станцад анхаарал хандууллаа
2010.06.14

Гишүүд Тайшир, Дөргөний усан цахилгаан станцад анхаарал хандууллаа

УИХ-ын чуулганы баасан гаригийн үдээс хойших хуралдаанаар УИХ-ын гишүүн Д.Балдан-Очир, Ц.Дашдорtaishir_stantsж, Б.Чойжилсүрэн нараас Байгаль орчин, аялал жуулчлалын болон Эрдэс баялаг, эрчим хүчний сайд нарт хандаж тавьсан “Тайшир, Дөргөний усан цахилгаан станцын үйл ажиллагааны явц болон байгаль орчинд үзүүлж буй сөрөг нөлөөллийг бууруулах асуудлаар хэрэгжүүлж байгаа ажил, үр дүн, цаашид авах арга хэмжээний талаархи асуулга”-ын хариуг сонслоо.

Байгаль орчин, аялал жуулчлалын сайд Л.Гансүх энэ асуудлаар хийсэн танилцуулгадаа, Говь-Алтай аймгийн Тайшир сум болон Ховд аймгийн Дөргөн суманд баригдсан усан цахилгаан станцууд нь Төв Азийн гадагшаа урсгалгүй ай сав болох Их нууруудын хотгорын сав газарт байгуулагдсан манай улсын хувьд жилийн дөрвөн улиралд тасралтгүй ажиллахаар тооцож зураг төсөл хийгдсэн анхны усан цахилгаан станцууд юм. 11 мВт-ын суурилагдсан хүчин чадалтай Тайширын УЦС-ыг барих техник эдийн засгийн үндэслэлд Говь-Алтай, Завхан аймгийн төв болон ойролцоохь найман сумыг цахилгаанаар хангах, Дөргөний 12 мВт-ын суурилагдсан хүчин чадалтай УЦС-ыг Ховд, Увс, Баян-Өлгий аймгуудыг цахилгаанаар хангахаар тооцож, жилд 37-38 сая кВт/цаг цахилгаан эрчим хүч үйлдвэрлэхээр гадаадын байгууллагуудаар зураг төсөл, барилга угсралтын ажлыг бүрэн гүйцэтгүүлж ашиглалтад оруулаад байгаа.

Тайширын УЦС-ын барилга угсралтын ажил 2008 оны аравдугаар сар дуусч техникийн болон ажлын комисс акт гарган, жижиг агрегатыг байнгын ажиллагаанд оруулж хоёр жилийн хугацаанд Говь-Алтай аймгийн Тайшир, Жаргалан сумд, дулааны улиралд аймгийн төвийн тодорхой хэсгийг цахилгаан эрчим хүчээр хангаж байгаа. Харин уг станцын том гидро-агрегатуудыг туршиж ашиглалтад оруулах ажиллагааг 2010 оны есдүгээр сард тухайн үед хүрсэн усны түвшингээр хийж гүйцэтгэхээр төлөвлөж байгааг хэллээ. Эрдэс баялаг, эричм хүчний сайд Д.Зоригт хийсэн танилцуулгадаа, Тайширын УЦС-ын усан сангийн дүүргэлт 2007 оны наймдугаар сарын 22-нд эхэлж, өнгөрсөн онд 1685 метрт хүрсэн бол энэ оны дөрөвдүгээр сарын байдлаар 1683.6 метр байсан. Түүнээс хойш өнөөдрийг хүртэл тухайн бүс нутагт хаврын шар усны үер эхэлсэнтэй уялдаж усны түвшин 1684.2 мерт хүрээд байгаа. Станцын том агрегатуудыг ажиллуулж эхлүүлэх түвшин нь 1696 метрээс доошгүй байх ёстой юм. Төслийн техник эдийн засгийн үндэслэлд голын урсацыг олон жилийн дунджаар тооцож далан байгуулах зорилгоор голын урсгалыг шилжүүлэн урсгах туннелийг боож усан сангийн дүүргэлт эхэлснээс хойш дунджаар 2.5 жилд дүүрэх ёстой, дээд тал нь таван жил гэж тооцоолсон байдаг. Харамсалтай нь тухайн бүс нутагт олон жил дараалсан хуурайшилт, ган гачиг, голын эхэнд алт олборлох үйл ажиллагаа явуулсан зэргээс шалтгаалан голын олон жилийн дундаж урсац нь 2.3 дахин буюу 5.4 шоометр/секунд болж буурснаас усан сангийн дүүргэлт удааширч байгаа.

Харин өнгөрсөн оны өвөл Завхан голын эхээр өнгөрсөн гурван жилтэй харьцуулахад харьцангуй их цас орсон, мөн Хангайн нурууны өврөөс эх авсан голуудад шар усны үер багагүй буусан зэргээс усны түвшин нэмэгдэх нөхцөл бүрдэж байгааг дурьдлаа. Мөн сайдын тушаалаар Тайширын УЦС-ын усан сангийн горимыг тогтоох, Завхан гол, түүнээс тэжээгддэг Эрээн, Айраг, Хяргас нуурыг ширгэхээс урьдчилан сэргийлэх, байгаль орчны үнэлгээг газар дээр нь харьцуулалт хийх ажлын хэсэг байгуулж ажиллуулсан. Ажлын хэсэг энэ хугацаанд УЦС-ын бетон далангийн ус хаюурын цөөрмийн усыг 4 кВт-ын 40 л/секунд урсгах хүчин чадал бүхий насосоор хаях сувагт шахаж доод голын урсгалыг нэмэгдүүлсний зэрэгцээ гол хөлдөх хүртэлх хугацаанд Гуулингийн услалтын системийн усны урсацыг хянуулж, тодорхой хугацаагаар услалтын систем рүү өгч байхаар харуул томилж ажилллуулсан. Зөвхөн Говь-Алтай аймгийн Тайшир суманд эрчим хүч өгч байсныг нэмэгдүүүлж, Жаргалан сум болон аймгийн төвийн тодорхой чиглэлийг УЦС-аас цахилгаанаар хангаснаар жижиг агрегатаар өнгөрөх урсацын хэмжээг хоёр дахин нэмэгдүүлсэн.

Цаашид өнгөрсөн он, энэ жилийн ажиглалтын үр дүнг тусгаж бодит байдлыг илтгэсэн тайлан, дүгнэлтээ энэ оны аравдугаар сард гаргахаар төлөвлөж байгаа гэдгээ хэллээ. Асуулгын талаархи сайдуудын танилцуулгатай холбогдуулан гишүүн Н.Ганбямба, С.Бямбацогт, Б.Чойжилсүрэн, Г.Баярсайхан, Ө.Энхтүвшин, Б.Балдан-Очир, Ц.Дашдорж нарын асуултад Байгаль орчин, аялал жуулчлал, Эрдэс баялаг, эрчим хүчний сайд нар болон холбогдох яамдын ажлын хэсгийн гишүүд хариулт өгөв.

Тухайлахад гишүүн С.Бямбацогт Дөргөний УЦС-ын гаргаж байгаа нэг кВт эрчим хүчний үнэ яагаад харьцангуй өндөр буюу 32 төгрөг байгаа, мөн 50 төгрөгөөр авсан эрчим хүчний үнэ яагаад баруун бүсэд 200 төгрөгт хүрээд байгаагийн учрыг тодруулахад сайд Д.Зоригт: Дөргөний УЦС суурилагдсан хүчин чадлаараа ажиллаж байгаа. Үнийн хувьд ТЭЦ-4-ийн гаргаж буй үнээс бага байгааг бид боломжтой гэж үзэж байгаа. Харин гаднаас авч буй эрчим хүчний импортын үнэ огцом өссөн тал бий. Гэхдээ бид аль ч бүс нутагт адил тариф мөрдөж байгаа гэсэн хариулт өгөв. Дөргөний УЦС төслийн хүчин чадлаараа ачааллаа аваад ямар нэг хүндрэл саадгүй ажиллаж байгаа, өвлийн цагт, тэр байтугай аваарын үед хүртэл баруун бүсийн цахилгаан эрчим хүчний хэрэглээний зохих хувийг хангаж байгаа гэдгийг Эрчим хүчний газрын дарга Ц.Баярбаатар бас нэмж хэллээ.

Харин гишүүн Ц.Дашдорж Тайширын УЦС-ын усан сангийн дүүргэлт хоёр жилийн дотор хэвийн хэмжээнд хүрнэ гэж байсан ч бүтсэнгүй. Энэ нь хэдийд хангагдаж, хэр найдвартай ажиллах боломжтойг тодруулж өгнө үү гэхэд Ц.Баярбаатар дарга: Тайширын усан цахилгаан станцын усан сангийн дүүргэлтийн түвшин энэ оны есдүгээр сар гэхэд 1690-1693 метрт хүрнэ. Тэр үед бид Завхан аймгийн Тэлмэн сум хүртэлх 140 км шугамыг туршина. Энэ жилийн тухайд Говь-Алтай аймгийн төвийг эрчим хүчээр хангана, харин Завхан аймагт эрчим хүч өгч чадахгүй. Харин ирэх жилээс станц төслийн бүрэн хүчин чадлаараа ажиллах боломжтой гэсэн хариулт өгөв. Ингээд асуулгатай холбогдсон асуулт хариулт дуусч, асуулга тавьсан гишүүн Б.Балдан-Очир дэгийн дагуу саналаа хэллээ.

Тэрбээр байгаль орчны ийм их эрсдэлтэй нөхцөлд өмнө нь батлагдсан сэргээгдэх эрчим хүчний төслүүдийг УИХ, Засгийн газар, холбогдох яамд эргэн авч үзэж, эрсдэл багатай, байгальд халгүй өөр эх үүсвэрийг эрж хайх цаг болжээ. Түүнчлэн Тайширын УЦС-ын зураг төслийг болно бүтнэ, ирээдүйтэй гэж үзэж зөвшөөрөл өгсөн манай улсын холбогдох аж ахуйн нэгж, албан тушаалтнуудад хариуцлага тооцох ёстой. Энэ станцын усан сангийн далан нь зураг төсөл, тооцоо судалгааны алдаанаас болоод 1689 метрээс дээш ус хуримтлуулах ямарч боломжгүй, орж ирсэн ус нь өөр чигт хальж тэлж буйг орон нутгийн удирдлагууд ярьж байгааг дурьдаад Завхан голын усны нөөцийн арав гаруй хувийг Гуулингийн услалтын систем рүү ямар нэг далан хаалтгүйгээр нэвтрүүлж үргүй урсгаж буйд хараа хяналт тогтоохыг сайдаас хүслээ.

Дараа нь чуулганы үдээс өмнөх хуралдаанаар хэлэлцэж эхлээд байсан Ашигт малтмалын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн хэлэлцүүлгийг үргэлжлүүлж, төсөл санаачлагчаас асуулт асуухаар нэрээ ирүүлсэн гишүүдийн асуултад Сангийн сайд С.Баярцогт хариулт өгч, энэ асуудлаар Эдийн засгийн байнгын хорооны хуралдаанаас гаргасан санал, дүгнэлтийг сонслоо. Байнгын хорооны санал, дүгнэлттэй холбогдуулан гишүүн Д.Балдан-Очир, Х.Жекей нар асуулт асууж, гишүүн Н.Ганябямба саналаа хэлснээр чуулганы энэ өдрийн хуралдаан завсарлаж, уг хуулийн төслийг хэлэлцэх эсэх талаархи санал хураалтыг чуулганы ирэх долоо хоногийн хуралдаанаар хийхээр боллоо.

Ахлах референт Ш.Содномжамц
0ЭКСПЕРТсэтгэгдэл
Сэтгэгдэл оруулахын тулд та хэрэглэгчийн эрхээр нэвтэрнэ үү.
Экспертүүдийн сэтгэгдэл
Одоогоор сэтгэгдэл нэмэгдээгүй байна.