Францын Элчин сайдыг хүлээн авч уулзав
2010.06.15

Францын Элчин сайдыг хүлээн авч уулзав

УИХ-ын дарга Д.Дэмбэрэл Бүгд Найрамдах Франц Улсаас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Жан-Поль Дюмоныг өнөөдөр хүлээн авч уулзаж, хоёр улсын харилцаа, тэр дундаа парламент хоорондын хамтын ажиллагааны талаар санал солилцов.
france
Өнө эртнээс уламжлалтай Монгол, Францын харилцаа, хамтын ажиллагаа сүүлийн жилүүдэд улам өргөжин хөгжиж байгаа, тэр дундаа хоёр орны парламент хоорондын харилцаа идэвхжиж, парламентын гишүүд, бүлгүүдийн харилцан айлчлал, уулзалтууд тогтмолжиж байгаа нь хоёр улсын харилцааг өргөжүүлэн гүнгийрүүлэх шинэ боломж нээж буйд баяртай байгаагаа УИХ-ын дарга уулзалтын үеэр тэмдэглэв.

Ашигт малтмал, тэр дундаа цөмийн энергийн салбарт асар их туршлагатай Франц улсын энэ чиглэлийн эрх зүйн зохицуулалтаас суралцах, орчин үеийн техник, технологийг нэвтрүүлэхийг монголчууд чухалчлан үздэг.

Энэ үндсэн дээр Монгол Улс ашигт малтмалын шинэ ордоо ашиглах, тэр дундаа ураны нөөц, цөмийн энергийг ашиглахтай холбогдсон эрх зүйн үндсийг боловсруулахад Францын парламентын зүгээс анхаарал тавьж дэмжлэг туслалцаа үзүүлсэнд талархал илэрхийлэв. Мөн хоёр улсын парламентын Тамгын газар хооронд хамтын ажиллагааны сайн хэлхээ холбоо тогтсонд сэтгэл өндөр буйгаа онцлов. Ноён Жан-Поль Дюмон манай улсад Элчин сайдаар томилогдож ажилласан жил гаруйн хугацаандаа ихээхэн ажилтай, бас ч үгүй боломжийн үр дүнтэй ажилласан гэдгээ дурьдаад хоёр талын харилцаа, хамтын ажиллагааг улам өргөжүүлэхэд өөрийн зүгээс бүхий л талын дэмжлэг туслалцаа үзүүлэхийн төлөө байгаагаа илэрхийлэв. Тэрбээр УИХ-ын даргыг Франц улсад айлчлахыг тус улсын парламентын удирдлагууд хүсэн хүлээж байгааг УИх-ын даргад дуулгаад “Магадгүй энэ нь намайг Элчин сайдаар ажиллах хугацааны дээд хэмжээний хамгийн том айлчлал болох учраас Францын тал ихээхэн анхаарал тавьж байгаа” гэдгээ хэллээ.

Мөн хоёр улс цөмийн эрчим хүчний салбарт сүүлийн үед идэвхтэй хамтран ажиллаж, тодорхой амжилт олж буйд сэтгэл ханамжтай байгаа, тухайлахад энэ оны гуравдугаар сард Парист цөмийн энергийн асуудлаар тус улсын Ерөнхийлөгчийн ивээл дор болсон олон улсын бага хуралд Монголын төлөөлөгчид оролцсон, УИХ-аас Цөмийн энергийн тухай хуулийг хэрэгжүүлэх чиглэлээр хоёр талын холбогдох байгууллагууд санаачлагатай ажиллаж байгааг онцлоод энэ салбарт хамтран ажиллах хоёр улсын Засгийн газар хоорондын гэрээний төслийг боловсруулаад байгаагаа УИХ-ын даргад дуулгав. Уулзалтын явцад хоёр тал УИХ-ын даргын Бүгд Найрамдах Франц Улсад хийх албан ёсны айлчлалын товыг энэ оны есдүгээр сард хэрэгжүүлэх боломжтой гэж үзлээ гэж УИХ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтэс мэдээлэв.
0ЭКСПЕРТсэтгэгдэл
Сэтгэгдэл оруулахын тулд та хэрэглэгчийн эрхээр нэвтэрнэ үү.
Экспертүүдийн сэтгэгдэл
Одоогоор сэтгэгдэл нэмэгдээгүй байна.