Шударга байхдаа хүчтэй
Аливаа улсын ухралт, урагшлалт, ер нь бүх зүйлийн үндэс суурь сонгуультай холбоотой. Өөрөөр хэлбэл, сонгууль шударга явагдаж, ёс зүйтэй, мэдлэг чадвартангууд хууль тогтоогч болж, бодлого, шийдвэр гаргаж чадаж байна уу гэх асуултын хариулт! Монгол нь Ардчиллын төлөв байдлын индексийг тогтоодог “Economics intelligence unit” байгууллагын 4 ангиллаар Гажуудсан ардчилалтай буюу дээрээсээ 2 дахь ангилалд багтдаг. Тодорхойлолтоос харахад, Монголд хүний эрх, эрх чөлөө, шүүхийн бие даасан байдал, хэвлэлийн эрх чөлөө хангалтгүй, засаглал дахь хяналт тэнцэл алдагдсан буюу эрх баригчид нь ардчилсан сонгуулиар гардаг хэдий ч сонгуулийн бус үед амьдрал тийм ч ардчилсан биш гэсэн үг. Харин ОХУ, Беларусь зэрэг Сонгуулийн Авторитар улс болчихолгүй дэнжигнэж буй маань эрх баригчдын “олон намын оролцоотой чөлөөт, шударга сонгууль боллоо” хэмээн хуурч, тайлагнадагтай холбоотой.
Тэгвэл сонгууль маань шударга явагддаг эсэхийг шударгаар авч үзье. Нас барсан, эзгүй, эсвэл нэг хүнээр хэд дахин санал өгүүлэх, хий хаяг зохиож иргэний үнэмлэх тараах, мянгаар нь царцаа нүүлгэх гэх мэт иргэний бүртгэлийн маапаан, хар машиныг хакердсан гэх булхай, мөнгө тараан, дарамтлах замаар санал өгүүлэх, эсвэл архиар согтоон санал өгүүлэхгүй байх зэрэг нь эрх баригч нам, нэр дэвшигчтэй аль алинтай нь хамаатай ажиллагаанууд. Цагаан сараар мөнгө, бэлэг тараах, эмч, багш нарыг Утаа гүмбэн, Улаан-Үд явуулах, оюутны сургалтын төлбөрийг даах, гэр байшин олгох зэрэг нь сонгуулийн жил гармагц хорьдог ч өмнөх 3.5 жил зөвшөөрдөг хувь нэр дэвшигчийн тойргийн услалт. Нэгэнт услагдсан тойрогт шударга хүн шинээр ирээд ямар ч ургац хурааж чадахгүй. Бодлого, шийдлээрээ бус орлого багатай сонгогчдыг мөнгө, санхүүгээр дэмжиж, элдэв үйлчилгээнд хамруулах замаар сонгогчдыг татдаг эрх баригч намыг клиентелист нам гэдэг. Эрх баригч нам төрийн хүч, нөөцийг урвуугаар ашиглах (Abuse of state resources) нь хууль, хүчний байгууллагыг ашиглан улстөрийн өрсөлдөгчөө айлгах, устгах зорилгоор барьж хорихоос эхлээд нам, нэр дэвшигчийг бүртгэхгүй байх, сонгуульд чиглэсэн хууль тогтоомж гаргуулах гэх мэт 7 төрөлтэй. Жишээлбэл, 2020 онд Да.Ганболд, С.Баярцогт, Н.Номтойбаяр... нарыг сонгуулийн үеэр СЕХны зөвшөөрөлгүйгээр хорьсон үзэгдэл өмнө нь ч бас гарч байсан.
Ардчиллын ирээдүй аль, аль намын улс эх орноо гэсэн шинэ үеийнхний улс төрийн зориг, иргэний нийгмийн төлөөлөл, эрдэмтэн судлаачдаа түшиглэсэн ажил хэрэгч хамтын ажиллагаанаас хамаарна.
Санхүүгийн хүч, нөөцийг ашигладаг төрөл нь Political Budget Cycle буюу манайхаар “сонгуулийн төсөв”-өөр хэрэгждэг. Тодруулбал, сонгуулийн жил гишүүдийн тойрогтоо тавиулдаг мөнгө илт нэмэгдэхээс гадна сонгууль угтаж тэтгэврийн зээлийг тэглэх, малчдад ноолуурын мөнгө тараах, МСҮТ-ийн оюутнуудыг цалинтай болгох, цалин, тэтгэвэр, тэтгэмж нэмэх, ногдол ашиг тараах, сүүлдээ бүр бусдаас давуу эрх олгон малчдад бага хүүтэй зээл олгох зэргээр өргөжиж байна.
Эдгээр ажиллагаанууд бүхэлдээ сонгогчдын санал худалдан авалт (Vote buying) буюу сонгуулийн авлига гэсэн үг. Үүнээс сонгууль маань ч бас шударга явагддаггүй нь илэрхий бөгөөд энэ янзаар үргэлжилбэл Ардчилсан фасадтай Авторитар дэглэмтэй улс болоход ганц л алхам үлдэж. Авралын од сонгуулиа ядаж шударга явуулахад элдэв сангийн нэрээр тойрог услахыг зөвхөн сонгуулийн жилд бус 4 жилийн турш; ногдол ашиг, халамж тараах, зээл тэглэх, өгөх, цалин, тэтгэвэр, тэтгэмж нэмэхийг сонгуулийн жил гармагц (Гүрж 6 сарын өмнөөс хорьдог); улс төрийн намын удирдлагыг гэм буруутай нь шүүхээр тогтоогдсон эсвэл хэрэг үйлдэж байхад нь нотлох баримттай нь баривчилснаас бусад тохиолдолд сонгууль болохоос 6 сарын өмнөөс барьж хорихыг тус тус хориглох, сонгогчдын нэрийн жагсаалт, улсын бүртгэл, сонгуулийн санал авдаг төхөөрөмжийн үйл ажиллагаа зэргийг ил тод, хяналттай болгох гэх мэт олон шинэчлэл шаардлагатай. Ардчиллын ирээдүй аль, аль намын улс эх орноо гэсэн шинэ үеийнхний улс төрийн зориг, иргэний нийгмийн идэвхтэй ажиллагаа, эрдэмтэн судлаачдаа түшиглэсэн ажил хэрэгч хамтын ажиллагаанаас хамаарна.