Таны сонголт маргаашийн хөгжлийг тодорхойлно
Монгол Улсын ардчилал өнгөрсөн 30 гаруй жилийн хугацаанд найман удаагийн ардчилсан сонгуулиар баталгаажиж, үр дүнд нь УИХ-ын 76 гишүүнийг сонгож ирсэн.
Энэ жилийн буюу 2024 оны сонгууль Монгол Улсын Үндсэн хуульд оруулсан нэмэлт, өөрчлөлтийн хүрээнд холимог байдлаар зохион байгуулагдана. Өөрөөр хэлбэл 78 гишүүнийг сонгогчдын саналаар, 48 гишүүнийг тухайн намын сонгуульд авсан саналын дагуу суудал хуваарилах байдлаар сонгох юм.
- Сонгууль 2024.06.28-ны өдрийн баасан гарагт болно.
- Сонгогчдын нэрийн жагсаалтад бүртгэгдсэн, 18 насанд хүрсэн Монгол Улсын иргэн сонгууль өгөх эрхтэй ба уг жагсаалтыг Улсын бүртгэлийн ерөнхий газар /УБЕГ/-ын цахим сайтад 2024.04.01-ний өдрөөс эхлэн сонгууль дуустал хүртэлх хугацаанд байршуулна.
Иймд өөрийгөө болон гэр бүлийн гишүүдээ сонгогчдын нэрийн жагсаалтад бүртгэгдсэн эсэхийг шалгаж, холбогдох мэдээлэл зөрүүтэй, алдаатай тохиолдолд УБЕГ-т эсвэл УБЕГ-аас хэсэг хороодод томилогдсон итгэмжлэгдсэн ажилтанд хандаж, өөрчлүүлэх боломжтой.
Сүүлийн жилүүдэд гарч буй олон кейс УИХ-ын гишүүнд зөвхөн мэдлэг боловсролтой байх шалгуур хангалтгүй гэдгийг нотлон харуулж байна. Иймд бид боловсролтой, хувь хүний хувьд төлөвшсөн, хариуцлагатай, ёс суртахуунтай хүмүүсийг сонгож, Монгол Улсын хөгжлийн бодлогыг тодорхойлуулах зайлшгүй шаардлагатай байна.
Сонгогч бид юуг анхаарах вэ?
- Юуны өмнө сонгогч та бүтэн 4 жилийн хугацаанд “ард түмний элч” болох Улсын их хурлын гишүүнийг сонгох гэж байгаагаа ухамсарлан тухайн нам, эвслийн мөрийн хөтөлбөртэй танилцаж, биелэгдэх боломжтой эсэхэд бодитой дүгнэлт өгөх, ухуулга сурталчилгааны үеэр өгч буй мэдээ мэдээлэлд хянамгай хандах зайлшгүй шаардлагатай.
- Тухайн нэр дэвшигч УИХ-ын гишүүнээр ажилласан бол ажлын тайлантай нь танилцаж, шаардлагатай гэж үзвэл https://www.parliament.mn/nn/51815/ цахим хуудаст хандан чуулганы хуралдаануудад оролцсон ирцтэй танилцахаас гадна https://iaac.mn/#-аас цахим хуудсаас хөрөнгө орлогын мэдүүлгийг үзэх боломжтой.
- Түүнчлэн сонгуулийн сурталчилгааны үед тухайн нам болон нэр дэвшигчтэй холбоотой мэдээллийг албан ёсны цахим хаягаас авах нь мэдээллийн эх сурвалжийн үнэн бодит байдлыг хангана.
- Эцэст нь нэр дэвшигчдэд сонгогчдын саналыг татах зорилгоор тухайн жилийн төсөвт тусгагдаагүй нийгмийн халамж, хамгааллын чиглэлээр аливаа төсөл, хөтөлбөр хэрэгжүүлэх талаар амлалт өгөх, зарлах, хишиг хувь, хувьцаа өгөх, ажилд зуучлах, ажилд оруулж өгнө гэж амлах, аялал зугаалгад хамруулах зэрэг үйлдэл гаргахыг хуулиар хориглодог тул ийнхүү хууль зөрчиж байгаа этгээд дараагийн удаа хууль зөрчихгүй, иргэдийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хангаж хамгаалах хууль санаачилна гэх баталгаа байх уу гэдгийг анхаарна уу.
Сонгуульд өрсөлдөж буй нам, эвсэл, нэр дэвшигчтэй холбоотой худал мэдээлэл тараах нь Зөрчлийн тухай хууль болон Эрүүгийн хуулиар хариуцлага хүлээх үндэслэл болох тул худал мэдээ мэдээллийг олон нийтэд сүлжээнд “share” хийхгүй байх нь зүйтэй.
Тодруулбал, Эрүүгийн хуулиар 450-5400 нэгж буюу 450,000-5,4000,000 төгрөгөөр торгох, эсхүл 240-720 цагийн нийтэд тустай хөдөлмөр эрхлэх, эсхүл 1 сараас 1 жилийн хугацаатайгаар зорчих эрхийг хязгаарлах шийтгэл ногдуулдаг.
Гадаад улсад ажиллаж амьдарч буй иргэдээс 2024 оны 06 дугаар сарын 20-23-ны өдрүүдэд санал авахаар товлосон тул иргэд 06 дугаар сарын 15-ны өдрөөс өмнө санал өгөх тухайгаа Дипломат төлөөлөгчийн газарт мэдэгдэж бүртгүүлэх үүрэгтэй болохыг анхаарна уу.
2020 оны УИХ-ын сонгуулийн хувьд 1992 оноос хойшхи ирц хамгийн бага буюу 73.6 хувьтай сонгууль болж өнгөрсөн ба үүнээс гадаад улсад бүртгүүлсэн нийт сонгогчдын 65%-75% нь саналаа өгсөн гэх тоон мэдээлэл гарсан байх тул ирц хүрэхгүй байх, санал тэнцэх тохиолдолд нэмэлт санал хураалт явуулах үр дагавар үүсч улмаар татвар төлөгчдийн мөнгө үргүй зарцуулагддаг болохыг онцгой анхаарах нь зүйтэй.
Хэдийгээр Монгол Улсын Үндсэн хуулиар “Сонгох эрх” нь таны үндсэн эрх боловч иргэн таны сонголт үр хүүхдүүдийн маань ирээдүйг, Монгол Улсын маргаашийн хөгжлийг тодорхойлно гэдгийг ухамсарлаж, иргэний эрхээ эдэлж, үүргээ биелүүлэн сонгуульд идэвхитэй оролцохыг уриалж байна.
Сэтгүүлч
Сэтгүүлч Ц.Соёлмаа soyolmaa@vip76.mn