10 тэрбум төгрөгийг "салхинд туужээ"
2010.06.28

10 тэрбум төгрөгийг "салхинд туужээ"

Өнгөрсөн долоо хоногт УИХ-ын чуулганаар Газрын тосны бүтээгдэхүүнийг худалдан борлуулах тухай УИХ-ын тогтоолын төслийг хэлэлцэх эсэхийг шийдлээ. Энэхүү тогтоолын төслийг Засгийн газраас өргөн барьсан билээ.

Засгийн газар 2008 онд 28,6 мянган тонн газрын тосны бүтээгдэхүүнийг 44.36 тэрбум төгрөгөөр худалдан авч 9 компанийн хадгалах саванд гэрээний дагуу нөөцөлсөн байна. Бүтээгдэхүүнийг хадгалуулахад гарч байгаа зардал өндөр, бүтээгдэхүүний чанар муудаж байгаа, Монгол Улсыг хөгжүүлэх сангийн тухай хууль хүчингүй болсон зэргээс шалтгаалан худалдан борлуулахаар ийнхүү УИХ-д асуудлыг оруулж ирээд байгаа юм.

Олонхи гишүүд асуудалд шүүмжлэлтэй хандаж байлаа.

Тухайлбал УИХ-ын гишүүн З.Энхболд өндөр үнэтэй байхад нь аваад үнэгүй үед нь зарах бизнес хийх хэрэг байна уу, одоо хамгийн ёроол үнээр зарах гэж байна, судалгаа энэ тэр байгаагүй юм уу, бүтэлгүй юм болжээ. Энэ тоонууд нь нэг л авцалдахгүй байна гэлээ.

Мөн Д.Ганхуяг гишүүн, З.Энхболд гишүүнтэй адил төстэй зүйл хэлж, төр бол хамгийн муу менежер гэдэг нь харагдаж байна. Бага алдагдал хүлээх боломж байсан, 10 тэрбум төгрөг шүү дээ, Засгийн газар хариуцлагагүй байна гэсэн юм.

Энэ үеэр Я.Батсуурь гишүүн, ууршилтын зардлыг бензинд яагаад өөр өөр тогтоосон юм бэ? Зарим компаниудын агуулах нь цоорхой байсан юмуу хэмээн асуудлаа.

Тэрчлэн УИХ-ын гишүүн Г.Баярсайхан Энэ бол байх ёстой асуудал гэж харж байна гэдгээ хэлсэн бол УИХ-ын гишүүн П.Алтангэрэл, алдагдлыг дараа нь төлүүлж болно, эхлээд УИХ тогтоолоо гаргаад өгөх нь зөв юм гэлээ. Мөн Матад, Тамсагт үйл ажиллагаа явуулж байгаа Петрочайна-гийн ажил яагаад таг зогссон бэ, асуудал шийдэгдэхгүй байгаа бол шийдээч. Энэ бүхнээс орон нутаг, улс орон л хохирно гэв

Дараагаар нь гишүүд Эдийн засгийн байнгын хорооны дарга санал дүгнэлттэй холбогдуулан асуулт асууж, саналаа хэллээ. Тухайлбал , УИХ-ын гишүүн Ц.Цэнгэл хэн ч үүнд хяналт тавьдаггүй юм байна, эмх замбараагүй байдаг юм байна , улсын нөөцийн томоохон савнуудыг хадгалдаг улсууд ямархуу зүйлүүдийг гарын салаагаар урсгадаг болохыг мэдэх аргагүй гэж байлаа.

Мөн Д.Дамба-очир гишүүн Монгол улс цаашдаа нөөцөө өөрийн савандаа хадгалах хэрэгтэй гэдгийг ч санууллаа.

Ингээд асуудлыг хэлэлцэх эсэхээр  санал хураалт явуулахад гишүүдийн 86 хувийн саналаар хэлэлцэхийг дэмжлээ.

О.Батзаяа

0ЭКСПЕРТсэтгэгдэл
Сэтгэгдэл оруулахын тулд та хэрэглэгчийн эрхээр нэвтэрнэ үү.
Экспертүүдийн сэтгэгдэл
Одоогоор сэтгэгдэл нэмэгдээгүй байна.