Нийгмийн халамжийн шинэтгэлийг Дэлхийн банк дэмжихээ илэрхийллээ
АНУ-ын Вашингтон хотноо энэ сарын 28-нд Дэлхийн Банкны гүйцэтгэх захирлуудын зөвлөл хуралдаж Монгол Улсын нийгмийн халамжийн системийг сайжруулах болон бусад салбарын шинэчлэлд тусламж болгон 12 сая ам.долларын зээлийг олгохоор шийдвэрлэжээ.
Энэхүү зээл нь Олон Салбарыг хамарсан Техник Туслалцааны төсөл (ОСТТ)-ийн хүрээнд Монголын Засгийн газраас хэрэгжүүлж байгаа төсөв, нийгмийн халамжийн болон санхүүгийн салбарын хууль эрх зүйн орчин мөн бодлого боловсруулах чадавхийг нэмэгдүүлэхэд дэмжлэг үзүүлэх зорилготой юм байна.
Бодлогын шинэтгэл нь төсвийн зохистой тогтолцоог нэвтрүүлэх, төсвийн үйл явцыг боловсронгуй болгох, төсвийн хөрөнгө оруулалтын төлөвлөлт ба удирдлагыг сайжруулах, нийгмийн эмзэг бүлэг, ядуу иргэд рүү чиглэсэн халамжийн тогтолцоог нэвтрүүлэх, цаашдаа өсөн нэмэгдэх эдийн засгийн үйл ажиллагаа, хөрөнгө оруулалт болон хөрөнгийн урсгалын эргэлтэд банкны салбарыг бэлтгэх зэрэг үйл ажиллагаануудыг хамрах ажээ.
ОСТТ-ны төсөл нь Дэлхийн Банкны буурай улс орнуудад зориулан үйл ажиллагаа явуулдаг Олон улсын хөгжлийн ассоциациаас санхүүжигдэж байгаа бөгөөд Монгол улсын санхүү төсвийн удирдлага болон нийгмийн хамгааллын асуудлыг хариуцсан яамдуудтай хамтран 2010 оны 7 дугаар сараас 2014 оны 12 дугаар сар хүртэл хэрэгжүүлэх юм байна.