Таван толгойн асуудлыг эцсийн хэлэлцүүлэгт бэлтгүүлэхээр болов
2010.07.03

Таван толгойн асуудлыг эцсийн хэлэлцүүлэгт бэлтгүүлэхээр болов

УИХ-ын чуулганы баасан гаригийн /2010.07.02./ нэгдсэн хуралдаан үдээс хойш 17 цаг өнгөрөөгөөд Таван толгойн ордыг ашиглах зарим асуудлын туchuulgan_05хай УИХ-ын тогтоолын төслийн анхны хэлэлцүүлгийг хийлээ.

Үүний өмнөхөн Эдийн засгийн байнгын хороо дахин хуралдаж, энэ талаарх АН-ын санал, дүгнэлтийг сонсож, дэмжсэн байв. Тухайлбал, тогтоолын төсөлд тусгаснаар ордын нүүрсний нөөц, уул-геологийн нөхцлийг харгалзан Таван толгойн ордод төрийн өмчит компани ашиглалтын үйл ажиллагаа явуулах, холбогдох хууль тогтоомжийн дагуу ‘’Эрдэнэс-Тавантолгой’’ төрийн өмчит охин компанийг байгуулж, ордын ашиглалтын тусгай зөвшөөрлийг хуваахгүйгээр шилжүүлэх, түүнтэй хөрөнгө оруулалтын гэрээ байгуулах, оператор аж ахуйн нэгжээр олборлолтын үйл ажиллагааг тодорхой хугацаанд гүйцэтгүүлэхийг Засгийн газарт даалгахаар тусгасныг гишүүд дэмжсэн байлаа.


Харин өнөөдрийн үдээс өмнөх Эдийн засгийн байнгын хорооны хуралдаанаар, Таван толгойн нүүрсний ордыг ашиглах тухай УИХ-ын тогтоолын төслийн анхны хэлэлцүүлгийг хийж, санал хураалт явуулан, чуулганы нэгдсэн хуралдаанд оруулахаар тогтоод байсан билээ. Түүнчлэн УИХ-аас байгуулагдсан Ажлын хэсгийн санал, дүгнэлтийн талаар гишүүдээс санал хурааж дэмжлэг авсан юм.


Ажлын хэсэг, стратегийн ач холбогдол бүхий Таван толгойн ордын ашиглалтын тусгай зөвшөөрөл эзэмшигч төрийн өмчит компанийн хувьцааны 50 хүртэлх хувийг Монгол Улсын иргэн, хуулийн этгээдэд эзэмшүүлэх, дотоод гадаадын хөрөнгийн биржээр арилжаалах арга хэмжээг холбогдох хууль тогтоомжийн дагуу үе шаттайгаар хэрэгжүүлэх,   үүнд Монгол Улсын нийт иргэдэд хувьцааны 10 хувийг үе шаттайгаар, адил тэнцүү хувь хэмжээгээр үнэ төлбөргүй эзэмшүүлэх, хувьцааны 10 хувийг үндэсний аж ахуйн нэгжүүдэд нэрлэсэн үнээр арилжаалах, 30 хүртэлх хувийг гадаад дотоодын хөрөнгийн биржээр худалдаж, шаардлагатай хөрөнгийг босгох хэмээн санал, дүгнэлтдээ тусгасан байна.

Эдийн засгийн байнгын хорооны эдгээр санал, дүгнэлтийг УИХ-ын гишүүн Д.Дамба-Очир нэгдсэн чуулганд танилцуулав.

Үүний дараа УИХ-ын гишүүн Д.Ганхуяг эхэлж асуулт асуулаа. Тэрээр, 2007 онд стратегийн ач холбогдол бүхий 15 орд Монгол Улсад байгаа гэсэн тоо гарсан. Бүгд л улсын төсвөөр хайгуулын ажил нь хийгдсэн. Тэгээд ийм ордод ашиглалтын лиценз олгохгүй гэсэн байдаг. Харин Таван толгойн хувьд үүний хаагуур нь явсан байх вэ. Өнөөдрийн бидний хэлэлцэж байгаа Таван толгойн нөөц нэлээд хэдэн тэрбумаар хэмжигдэнэ, түүн дотроо коксжих нүүрснийхтэй миний асуугаад байгаа нь холбоотой юу гэлээ.


Үүний хариуд Эдийн засгийн байнгын хорооны дарга Ц.Баярсайхан хариулахдаа, анх Таван толгойн 51 хувийг төрийн өмчид авч үлдээд, 49 хувийг нь цэнхэр тасалбараар зарсан. 90 оны сүүлчээр олон нийтийн өмчид 51 хувийг нь шилжүүлсэн байдаг. Тэгээд хөрөнгө оруулагч нь Монголын Энержи ресурсад өгч, дараа нь тэр компани төрийн мэдэлд буцааж өгсөн гэх зэргээр Таван толгойн түүхээс дурдаад, ер нь энэ талаарх ойлголтыг Засгийн газар ард түмэнд сайн өгсөн байх, одоогоор лиценз Эрдэнэс-Монголд байгаа хэмээн хэллээ. Д.Ганхуяг гишүүн, аливаа гэрээг УИХ-д оруулж ирж хэлэлцэх ёстой, Гэтэл Дайцүки-тэй холбоотой гэрээг хэлэлцүүлэх тал дээр байнгын хороо ажиллах ёстой гэж байв.


Д.Балдан-Очир гишүүн, асуудлыг дэмжиж байгаа ч Монголын нийт иргэдэд хувьцааны 10 хувийг өгнө гэсний хугацааг тодруулъя гэсэн юм. Тэрээр чухам хэдийд, хэзээ вэ гэдгийг асууж байв. Мөн ард түмэнд үнэ төлбөргүй тараах хувьцааны хөрөнгийн эх үүсвэрийг Засгийн газар хаанаас авахаар болсныг асуусан.

Үүнд Ц.Баярсайхан гишүүн хариулахдаа, ямар ч байсан ард иргэдэд хувьцааны 10 хувийг үнэгүй тараана. Хүн амын тоог 2010 оны тооллогын дүн, Засгийн газрын хүн амын шинэчилсэн бүртгэл зэргээс тодорхой гаргах биз гэсэн.

С.Бямбацогт гишүүн, дөнгөж сая Д.Зоригт гишүүн бид 2-ын гаргасан санал энд алга байна гэж байв. Тэрээр татвар төлсөн болон онцгой татвар төлдөг үндэсний аж ахуй эрхлэгчдэдээ ялгаатай хандаж, давуу эрх өгөх талаар бас хөндсөн.

Х.Наранхүү гишүүн, энэ компани ямар үнэтэй компани болоод тэдэн төгрөг гаргана гээд байгаа, дараа нь дампуурвал хувьцааны үнэ яах вэ, үнэгүй тараах ч яахав авах л байх, хүмүүс. Гэхдээ гаднын хөрөнгө оруулагчийн асуудал энд нэлээд хойгуур яригдаад байна уу даа. Монголчууд дангаараа байгуулсан компанид гаднынхан хөрөнгө оруулсан тохиолдол бий бил үү, ер нь төсөөлөгдөхгүй байна гэлээ. Дэлхийд байхгүй том ордыг бид янзлаад л, байгуулаад л, гаднынхан оочерлож, дугаарлаад л санаанд багтахгүй юм, сэтгэлийн хөөрлөөр яваад байна уу бид гэсэн. 

Дараа нь үг хэлсэн гишүүд Х.Наранхүү гишүүнтэй санал нэг болгоомжилж буйгаа хэлж байсан. 

Ингээд асуулт, хариулт дуусч, байнгын хорооны зарчмын зөрүүтэй саналын томъёоллуудаар санал хураахад гишүүд дэмжсэн.

Харин үүний дундуур гишүүн Д.Тэрбишдагва, горимын санал гаргаж байсан. Тэрээр, наадам, цагаан сар болохоор л шахаж байгаад Монгол Улсын эрх ашигтай холбоотой томоохон чухал асуудлуудыг цаг сунган хуралдах нэрийдлээр оруулж ирж, шийддэгийг юу гэх вэ. Маш чухал зүйлийг ингэж наадмын өмнө яаран сандран хийж, хэлэлцэх хэрэг байгаа юмуу гэсэн. Дутуу дулимаг, анхаарвал зохих зүйл ч байна, гишүүдийн болгоомжилж буй асуудалтай ч санал нэг байна, бодож үзэх л зүйл гэлээ

.

Харин Спикер, Хувьсгалт намын бүлэг завсарлага авъя гээд байна уу, ямар горимын санал гаргаад буй нь тодорхой бус байна гэж байв.


Мөн энэ үеэр Ц.Нямдорж гишүүн ч асуудалд шүүмжлэлтэй хандаж, тэр 15 орд чинь нийт ард түмний дундын мэт болоод байна шүү, ийм зүйл дэлхийд ер нь байна уу? гэж асуусан. Мөн тэр ашиг, хувь энэ тэрээ тооцсон юм уу, 90 онд цэнхэр ягаан тасалбар яалаа, тэгээд ард олон 10 хувиа л авна гээд босоод ирвэл яах вэ гэж байв.

УИХ-ын дарга удахгүй танхимд Ерөнхий сайд ирэхийг дуулгаж байх үеэр Ц.Даваасүрэн гишүүн 1,5 сая төгрөгийн талаар лавласан.

Ингээд Ерөнхий сайд Ц.Батболд гишүүдэд дараах тайлбарыг хийсэн.

-2 намын бүлэг дээр асуудлыг танилцуулсан, АН-ын бүлэг дээр ажлын хэсэг гарч, хэд хэдэн зүйл дээр өөрчлөлт оруулсан. Засгийн газрын оруулсан зүйлүүд дээр мөн өөрчлөлт бас орсон. Гэхдээ Засгийн газрын тэргүүний хувьд илүү ач холбогдол өгч байгаа маань ямар ч байсан асуудлаа хөдөлгөе гэдэгт байгаа юм. Үнэндээ бол бэрхшээлүүд байсан, бодлогын хувьд явуулах тал дээр нь МАХН-ын бүлэг дээр дэмжсэн байгаа. Нийгмээс хүлээлт ч байсан учраас намын бүлгээс төмөр зам, орон сууцны хөтөлбөрийн асуудлыг явуулсан байхаа. Таван толгой бол үүний орлого тал нь юм. Тэгэхээр угаас мөнгөгүй зүйл бол явахгүй ээ гээд явуулах талаас нь гишүүд дэмжсэн байх. Амаргүй хэцүү зүйл байгаа, маш ойлгомжгүй зүйл ч бас бичигдсэн байгаа, судалж оруулж ирэх асуудал ч бас байгаа, тэр дундын өмч гээд байгаа дээр би бас бүрэн дүүрэн ойлголт байхгүй байгаа. Нийт дундын өмч гэдэг дээр Засгийн газар судлаад оруулаад ир гэвэл болохгүй зүйл байхгүй. Гадна талын бидний тавиад байгаа дамжин өнгөрөх асуудал угаас их цаг авна. Тэгэхээр мөн дахин судлаад оруулж ирэхэд болохгүй зүйл байхгүй гэдгийг хэлье. Зарчмын хувьд ЗГ-ын тэргүүний хувьд асуудлыг явуулъя, харин гаднын хөрөнгө оруулалттай холбоотой зүйлийг судлах боломж байгаа ч энд байгаа үндсэн зарчмаар асуудлыг шийдээд, энд байгаа гишүүд, намын бүлгүүд дэмжих нь зүйтэй байна гэлээ.


Мөн энэ үеэр Ц.Нямдорж гишүүн, тэр “нийтийн эзэмшлийн” гэдгээ татаач ээ, бид зөвхөн Монголдоо байгаа бишээ, Өвөрмонголын телевизээс эхлээд биднийг харж байгаа шүү дээ, дэлхийд байхгүй нийтийн эзэмшил гэдэг хачин юм яриад байх юм гэлээ.


Д.Одбаяр гишүүн бас саналаа хэлсэн. Үүний хариуд Спикер гишүүдэд хуралдааны дэгийн тухай уншиж сонсгож байсан.


Ингээд асуудлыг эцсийн хэлэлцүүлэгт бэлтгүүлэхээр холбогдох байнгын хороонд шилжүүлж, энд яригдсан зарим зүйлийн найруулга, үг хэллэгт анхаарахыг УИХ-ын дарга дахин сануулснаар чуулганы нэгдсэн хуралдаан 19 цаг 11 минутад өндөрлөв.


Референт Н.Тунгалаг 

0ЭКСПЕРТсэтгэгдэл
Сэтгэгдэл оруулахын тулд та хэрэглэгчийн эрхээр нэвтэрнэ үү.
Экспертүүдийн сэтгэгдэл
Одоогоор сэтгэгдэл нэмэгдээгүй байна.