Төрийн аудитын товчооны ерөнхийлөгчийг хүлээн авч уулзав
Сүүлийн жилүүдэд хоёр орны харилцаа улам бүр өргөжин хөгжиж, манай орны бүтээн байгуулалт, тэр дундаа дэд бүтцийн салбарыг хөгжүүлэхэд Кувейтийн тал бодит дэмжлэг туслалцаа үзүүлж буйд сэтгэл өндөр байдгаа УИХ-ын дарга уулзалтын эхэнд онцлон тэмдэглэв. Мөн парламентын ордон барихад зориулан Кувейтийн сангаас 12 сая ам. долларын туслалцаа үзүүлэхээр болсонд талархал илэрхийллээ.
Тэрбээр, Кувейтийн Төрийн аудитын байгууллагын төлөөлөгчдийн энэ удаагийн айлчлал нь хоёр улсын аудитын байгууллагуудын харилцааг өргөжүүлж, ажлын арга барил, туршлагаа харилцан солилцоход чухал ач холбогдолтойг онцлоод “Монгол Улс зах зээлийн нийгмийн харилцаанд шилжээд удаагүй тул орчин үеийн нөхцөл аудитын үйл ажиллагааны туршлага багатай. Харин энэ талаар ихээхэн туршлагатай та бүхнээс суралцах таатай боломж олдож байгаад олзуурхаж байна” гэлээ.
Ноён Абдулизаз Ал-Адсани хууль тогтоох их ажлынхаа цагаас харамгүй хугаслан хүлээн авч уулзсанд нь УИХ-ын даргад талархал илэрхийлээд Кувейтийн эрхэмсэг дээд Эмир болон Парламентын тэргүүнийхээ мэндчилгээг уламжлав. Тэрбээр хэлэхдээ, бидний энэ удаагийн айлчлал нь хоёр орны найрсаг дотно харилцааны нэг хэсэг юм гээд цаашид Монголын аудитын байгууллагын мэргэжилтнүүдийг сургаж дадлагажуулахад дэмжлэг туслалцаа үзүүлэх, харилцан уулзалт, туршлага солилцох арга хэмжээг өргөжүүлэх боломжтойг хэллээ. Мөн Монголын үндэсний аудитын газрын тэргүүнийг Кувейт улсад айлчлахыг урьсан тухайгаа УИХ-ын даргад дуулгаад парламентын ордон барих ажлыг түргэвчлэхийг хүслээ.
УИХ-ын дарга уулзалтын төгсгөлд эрхэм дээд Эмир болон Парламентын тэргүүнд мэндчилгээ уламжлахыг хүсээд Кувейтийн парламентын тэргүүнийг тааламжтай цагт нь хүлээн авахад бэлэн байх болно гэлээ гэж УИХ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтэс мэдээлэв.