Засгийн газарт анхаарууллаа
2010.07.08

Засгийн газарт анхаарууллаа

Өнөөдөр болсон Үндсэн хуулийн цэцийн дунд суудлын хуралдаанаар  “Талбайг нөөцөд авах тухай” Засгийн газрын 2009 оны 4 дүгээр сарын 1-ний өдрийн 86 дугаар тогтоолын 2 дахь заалт Үндсэн хуулийн холбогдох заалтыг зөрчсөн эсэх тухай маргааныг хянан хэлэлцлээ.
tsets_01
Хуралдааны эхэнд, Засгийн газрыг төлөөлж өнөөдрийн хуралдаанд оролцох байсан итгэмжлэгдсэн нэг төлөөлөгчийн овог, нэрийг Засгийн газрын Ерөнхий сайдын захирамжинд буруу ташаа бичиж ирүүлсэн, Засгийн газрын итгэмжлэгдсэн төлөөлөгч нь хуралдаанд хоцорч ирсэн, хэлэлцэж байгаа асуудалтай холбоотой албан ёсны тайлбар гаргаагүй, салбарын асуудал хариуцсан Засгийн газрын гишүүн нь Үндсэн хуулийн цэцийн хуралдаанд оролцдоггүй зэргээр Үндсэн хуулийн цэцийг үл хүндэтгэх явдал гаргаж байгааг Үндсэн хуулийн цэцийн дарга Ж.Бямбадорж шүүмжлээд цаашид ийм зохисгүй хандлага гаргахгүй байхыг Засгийн газарт анхаарууллаа.

Үндсэн хуулийн цэц өнөөдрийн хуралдаанаараа хэлэлцсэн асуудлаар дараахь шийдвэрийг гаргав.

“Ашигт малтмалын тухай” хуульд ашигт малтмалын асуудлаар Засгийн газрын хэрэгжүүлэх бүрэн эрхийг тодорхойлохдоо, “улсын тусгай хамгаалалттайгаас бусад тусгай хэрэгцээний газарт ашигт малтмал эрэх, хайх, ашиглах асуудлыг шийдвэрлэх;” гэж тодорхой заасан атал Засгийн газрын “Талбайг нөөцөд авах тухай” 2009 оны 4 дүгээр сарын 1-ний өдрийн 86 дугаар тогтоолын 2-ын “а” заалтаар улсын тусгай хамгаалалттай газар нутагтай бүхэлдээ болон хэсэгчилсэн байдлаар давхцаж байгаа зарим талбайд сонгон шалгаруулалтын журмаар хайгуулын тусгай зөвшөөрөл олгох ажлыг зохион байгуулахаар тогтоож улмаар Улсын Их Хурлын бүрэн эрхэд хамаарах асуудлыг шийдвэрлэсэн нь Монгол Улсын Үндсэн хуулийн холбогдох заалтыг зөрчсөн  байна шийдвэрийг Үндсэн хуулийн цэц гаргалаа.

Улмаар Засгийн газрын дээрх тогтоолын 2-ын “а” заалтад заасан “Улсын төсвийн хөрөнгөөр геологийн 1:50000-ны масштабын зураглал, ерөнхий эрлийн ажил хийж дууссан талбай” гэсэн 2 дугаар хавсралтын “...3/ Тал нуур, 4/ Их хорго, 6/ Дөшхайрхан, 10/ Ембүү-Уул, 11/ Зост-Өндөр, 17/ Улаан даваа, 19/ Баян-Уул, 23/ Нөмрөгийн гол...” гэсэн заалтын үйлчлэлийг 2010 оны 7 дугаар сарын 7-ны өдрөөс эхлэн түдгэлзүүлэв.

Энэхүү дүгнэлтийг хүлээн авч, “Үндсэн хуулийн цэцэд маргаан хянан шийдвэрлэх ажиллагааны тухай” хуулийн 36 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасны дагуу 15 хоногийн дотор хэлэлцэж, хариу ирүүлэхийг Улсын Их Хуралд уламжлав гэж Үндсэн хуулийн цэцийн Хэвлэл мэдээллийн төлөөлөгч мэдээлэв.
0ЭКСПЕРТсэтгэгдэл
Сэтгэгдэл оруулахын тулд та хэрэглэгчийн эрхээр нэвтэрнэ үү.
Экспертүүдийн сэтгэгдэл
Одоогоор сэтгэгдэл нэмэгдээгүй байна.