ХӨГЖЛИЙН БЭРХШЭЭЛТЭЙ ИРГЭН БҮРИЙН ЭРЭЛТ ХЭРЭГЦЭЭНД НИЙЦСЭН НИЙГМИЙН ҮЙЛЧИЛГЭЭНИЙ ХҮРТЭЭМЖИЙГ НЭМЭГДҮҮЛНЭ
Манай улсад хөгжлийн бэрхшээлтэй 111 мянга гаруй иргэн байдгийн 84 хувь нь буюу 93 мянга гаруй нь хөдөлмөрийн насны иргэд байдаг. Үүнээс 16.3 хувь нь буюу 15 мянга гаруй иргэн хөдөлмөр эрхэлж байна.
Хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд тохиолддог бэрхшээл, хэрэгцээ шаардлагыг тухайн иргэн болон тэдний гэр бүл, ойр дотно хүмүүсийн өнцгөөс харж, ёстой юм байна гэж бодсоны үндсэн дээр Хөгжлийн бэрхшээлтэй хүний эрхийг хангах зөвлөлийн гишүүдтэй уулзан тэдний санал хүсэлтийг сонссон юм.
Уулзалтын үеэр тулгамдаж буй асуудал, гарц шийдлийн талаар ярилцахаас гадна, шинэ Засгийн газрын хэрэгжүүлэхээр төлөвлөсөн бодлого, ирэх 4 жилийн Мөрийн хөтөлбөрт туссан холбогдох заалтуудыг танилцууллаа.
Энэ удаа гурван намын хамтарсан мөрийн хөтөлбөрийг Засгийн газар хэрэгжүүлэх тул давхардал хийдэл, ойлголтын зөрүүг засаж, нэн чухал нь хэрэгжихүйц ажлыг тусгах ёстой. Мөрийн хөтөлбөрт хөгжлийн бэрхшээлтэй иргэд рүү хандсан дараах ажлуудыг хийхээр төлөвлөж байна.
Үүнд:
- Хөгжлийн бэрхшээлтэй хүүхэд, иргэн бүрийн эрэлт хэрэгцээнд нийцсэн нийгмийн үйлчилгээний төрөл, хүртээмжийг нэмэгдүүлнэ. Хөдөлмөрлөх, хөгжих эрхийг баталгаажуулж, хүн бүрийн нийгмийн оролцоог хангана. Хөгжлийн бэрхшээлтэй хүний эрхийн талаарх зөв ойлголт, хандлагыг нийгэмд төлөвшүүлэх цогц төлөвлөгөөг хэрэгжүүлж, нийгмийн харилцаанд оролцох тэгш эрхийг хангах эрх зүйн орчныг сайжруулна.
- Саадгүй байдал, хүртээмжийн тухай хуулийг батлуулж хөгжлийн бэрхшээлтэй хүний тэгш хүртээмжтэй дэд бүтцийн стандартыг бүх төрлийн орон сууц, худалдаа үйлчилгээний байгууллагуудад мөрдүүлнэ.
- Хөгжлийн бэрхшээлийн үйлдлийн чадамжийг тогтоох Олон улсын аргачлалыг үе шаттай нэвтрүүлж, салбар дундын нийгмийн үйлчилгээний төрөл хүртээмжийг нэмэгдүүлнэ.
- Хөгжлийн бэрхшээлтэй хүүхэд, иргэдийн асрамж, нийгмийн үйлчилгээг сайжруулж, төр хувийн хэвшлийн түншлэлийг дэмжих санхүүгийн тогтолцоог бүрдүүлнэ.
- Хөгжлийн бэрхшээлтэй хүний хөгжлийн төвийг төр, хувийн хэвшлийн түншлэлийн хүрээнд бүх аймаг, дүүрэгт байгуулна.
- Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн хөдөлмөр эрхлэлтийг дэмжих зорилтын хүрээнд Хөдөлмөрийн тухай хуулийн 144-ийн 2 дахь хэсэгт заасны дагуу өмчийн төрөл хэлбэрээс үл хамаарч 25 ба түүнээс дээш ажилтантай аж ахуйн нэгж байгууллага нийт ажлын байрныхаа 4 хувиас доошгүй орон тоонд хөгжлийн бэрхшээлтэй хүнийг ажиллуулах зорилтыг бүрэн хэрэгжүүлнэ.
Хөгжлийн бэрхшээлтэй иргэд нийгмийн харилцаанд бүрэн дүүрэн оролцож, ая тухтай амьдрах, хөгжих боломжийг нэмэгдүүлэхэд хууль эрх зүйн орчныг сайжруулах, тэдний талаар нийгэмд зөв ойлголт төрүүлэх сургалт сурталчилгаа явуулах, хөдөлмөрлөх эрхийг нь хангах, эрүүл мэндийн тусламж үйлчилгээ, ажлын байр, орон сууц гэх мэт тулгамдаж буй асуудлыг цогцоор нь шийдэж өгөхийг хүсэж байсан.
Цаашид тус зөвлөлийн гишүүд дундаас Сайдын орон тооны бус зөвлөхийг томилон хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн эрхийг хангахын төлөө хамтран ажиллахаар боллоо.