Шудрага өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газрын дарга Д. Мандах:  Үгсэн хуйвалдсаныг мэдээлсэн иргэнийг мөнгөн шагналаар урамшуулна
2010.07.08

Шудрага өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газрын дарга Д. Мандах: Үгсэн хуйвалдсаныг мэдээлсэн иргэнийг мөнгөн шагналаар урамшуулна


-Өрсөлдөөний тухай шинэ хуулинд хариуцлага тооцох механизмыг нэлээн чангатгасан байгаа нь харагдсан. Энэ талаар?

Манай өмнөх хуулиар ямар ч зөрчил гаргасан 250,000 төгрөгөөр л торгодог механизм байсан бол одоогийн шинэ батлагдсан хуулиар зах зээлийг хаан боогдуулсан, хэрэглэгчийг хохироосон, үгсэн хуйвалдсан нь илрэх юм бол тухайн аж ахуй эрхлэгчийг өмнөх жилийн борлуулалтын орлогын 6 хувь хүртэл хэмжээтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр, давамгай байдалтай аж ахуйн нэгж ноёлох үйл ажиллагаа явуулвал өмнөх жилийн борлуулалтын орлогын дөрөв хүртэл хувьтай тэнцэх хэмжээний төгрөгөөр, аж ахуй эрхлэгч өрсөлдөөнийг хязгаарласан үйл ажиллагаа явуулах юм бол 10 сая хүртлэх төгрөгөөр торгох заалтууд орсон байгаа. Манай зарим компаниуд бүтээгдэхүүнийхээ үнийг үгсэн хуйвалдах буюу картел хийх замаар тогтоож байдаг нь нууц биш. Одоогийн энэ хуулиар ийм асуудалтай тэмцэх, таслан зогсоох, хариуцлага хүлээлгэх оновчтой механизмыг олон улсын жишигт хүрэхүйцээр бий болгож, бараа бүтээгдэхүүний үнийг үгсэн хуйвалдаж тогтоох явдалтай хүчтэй тэмцэх боломжтой болсон.

-Үгсэн хуйвалдсан нь тогтоогдох юм бол гэж та хэллээ. Ингэхэд үгсэн хуйвалдсаныг илрүүлэхэд их төвөгтэй шүү дээ?

Таны хэлж байгаа зөв. Нийгэмд шударга өрсөлдөөнийг төлөвшүmandahүлэх, үгсэн хуйвалдаж үнээ нэмж байгаа байдлыг таслан зогсоох юм бол тэр хэнд хэрэгтэй юм бэ. Таньд ч, надад, ч бид бүгдэд хэрэгтэй. Тиймээс энэ хуулинд хууль бус үйлдэл хийсэн, үгсэн хуйвалдсан, өрсөлдөөнийг хязгаарласан, бизнес эрхлэхэд нь саад болж байгаа тохиолдлыг үндэстэйгээр илчилж, мэдээлэл өгсөн иргэнийг мөнгөн шагналаар урамшуулах заалт орсон. Энэ бүх хууль бус байдлууд зөвхөн бидний хийх ёстой ажил биш, олон түмэн та бүхний минь тус нэмэр маш их хэрэгтэй шүү гэдгийг хэлмээр байна. Мөн өөрөө гэм буруутай үйлдэл хийснээ хүлээн зөвшөөрч тэрийгээ илчилж ирэх юм бол өршөөл үзүүлнэ гэх мэтийн заалтыг оруулж өгсөн нь их нэмэр болох байх гэж бодож байгаа.

-Амьдрал дээр харж байхад төрийн захиргааны байгууллагууд өөрсдөө хууль зөрчсөн, өрсөлдөөнийг хаан боосон шийдвэрүүд гаргаад байх шиг санагддаг юм?

Бүх юм алдаа оноогүй арван хуруу тэгш байна гэж хаа байхав. Манай байгууллага Өрсөлдөөнийг хязгаарласан хууль зөрчсөн шийдвэрүүдийг нэлээн их шийдвэрлэж байсан. Тухайлбал Сэлэнгэ аймагт нутгийн захиргааны байгууллага ганцхан даатгалын байгууллагад үйл ажиллагаа эрхлэх зөвшөөрөл өгсөн бол, Булганы Тэшиг сумын захиргаа бас мод огтлон боловсруулах эрхийг өөрийнхөө танил талыг харан шийдвэрлэсэн гэх мэт зөрчлүүд гарч л байсан. Ялангуяа хөдөө орон нутагт иймэрхүү хууль зөрчсөн тушаал шийдвэрүүд нэлээдгүй гардаг юм.

-Өрсөлдөөний хууль батлагдсанаар танайхыг үнэ зохицуулдаг байгууллага боллоо гэж хүмүүс ойлгоод байх шиг байна. Энэ талаар?

Бид зах зээлийн нийгэмд шилжээд 20 дахь жилийнхээ нүүрийг үзэж байна. Зах зээлийн эдийн засгийн үндсэн гол асуудал бол өрсөлдөөн байдаг юм байна гэдгийг хүмүүс надаар хэлүүлтгүй мэдэж байгаа байх. Тэгвэл энэ хууль батлагдсанаар нийгэмд бий болоод байсан олон асуудлуудыг шийдвэрлэх эрх зүйн орчин бүрдэж байгаа юм. Тухайлбал, дангаар ноёрхолыг хязгаарлах, зах зээлд бизнес эрхлэгчид тэгш боломж бий болгох, хэрэглэгч болон бизнес эрхлэгчдийг зах зээлийн хууль бус үйлдэл, эс үйлдлээс хамгаалах бодит боломж бий болсон гэж ойлгож болно. Манайх цөөхөн ажилчидтай ч улсын хэмжээнд нэлээд том үүрэг хүлээсэн байгууллага. Аливаа бараа бүтээгдэхүүний үнэ өсөхөөр л манайхыг ажлаа хийж чадахгүй байна гэж олон түмэн шүүмжилдэг. Тэгвэл манай байгууллага социализмын үеийн “Үнэ стандартын хороо” биш шүү гэдгийг албан ёсоор хэлчихье. Өөрөөр хэлбэл дэлхий дахины хөгжилтэй хөл нийлүүлэн алхалж байгаа энэ үед “Олон түмээн уучлаарай, одоо хэн он билээ” гэдгийг сануулах байна.

-Тэгвэл ямар үнэ үнийн зохицуулалтыг хийх юм бэ?

Монополь аж ахуй нэгжүүд болох тухайлбал, төмөр зам, цахилгаан, дулаан, цэвэр, бохир усны үнийг манай газраас хянаж хэрэглэгчдэд дарамт болохооргүй үнэ тарифыг мөрдүүлэх, үгсэн хуйвалдаж үнэ тогтоох, давамгай байдлаа ашиглан хэрэглэгчдэд хэт өндөр үнэ тулгах явдлыг таслан зогсоох зэргийг хуулиар зохицуулахаар болсон байгаа. Урд нь зүй ёсны монополь компаниудын үнийн өөрчлөлтийг хянаж, зөвшөөрөл олгдог байсан бөгөөд тухайлбал, Нийслэлийн УСУГ-аас ноос ноолуур, архи пиво, ус ундаа авто угаалгын газар зэрэг чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг аж ахуйн нэгжүүдийн цэвэр, бохир, усны үнийг 13 дахин нэмэгдүүлэх саналыг ирүүлж байснаас цэвэр усны үнийг нэмэгдүүлэх саналд зөвшөөрөл олголгүйгээр харин бохир ус татан зайлуулах үйлчилгээний үнийг зөвхөн 100 хувиар нэмэгдүүлэх зөвшөөрлийг олгож, хэрэглэгчдэд тус монополь компанис учруулж болох зүй бус үнийн дарамтаас хамгаалах арга хэмжээг авч байсан. Энэ бол хэрэглэгчдэд маш хэрэгтэй арга хэмжээ болж чадсан. Ийм арга хэмжээ авсных нь төлөө манайхныг “Үндэсний баатар” болгодоггүй юмаа гэхэд шүүмжлээд байх хэрэггүй л болов уу гэж боддог юм. Мөн өргөн хэрэглээний бараа бүтээгдэхүүний нийлүүлэлт, үнийг тогтворжуулахын тулд аж ахуйн нэгжүүдэд Засгийн газраас зээл тусламж олгох, эрэлт нийлүүлэлтийг тэнцвэржүүлэх бодлогын зохицуулалт хийх зэрэг асуудлууд орсон. Өөрөөр хэлбэл бараа бүтээгдэхүүний үнэ зах зээлийнхээ жамаар бус аж ахуй эрхлэгчдийн хууль бус үйлдлээс болж байгаа тохиолдолд хуульд заасан дээрх зохицуулалтыг хийх юм.

-Өөрөөр хэлбэл бараа бүтээгдэхүүний үнийг дур зоргоороо нэмдэг ченжүүдийг зохицуулдаг болно гэсэн үг үү?

Өмнө нь энэ хууль зөвхөн хуулийн этгээдийн хүрээнд буюу аж ахуйн нэгжүүд, компаниудад үйлчилдэг байсан бол одоо аж ахуй эрхэлж л байгаа бол тэр хүн хувь хүн байна уу, аж ахуйн нэгж байна уу, компани байна уу нэг л хууль үйлчлэх болсон. Өөрөөр хэлбэл ченжүүд Өрсөлдөөний хуульд хамрагддаггүй байсан учраас хоорондоо нийлж үгсэн хуйвалдаад барааны хомсдол үүсгэдэг байсан. Үүнийг харсаар, мэдсээр байж хуулийн дагуу арга хэмжээ авч чаддаггүй байлаа. Гэхдээ нэг зүйлийг онцлоход төрөөс үнийг хатуу барихдаа биш  барааны зах зээл дэх эрэлт, нийлүүлэлтийг тэнцвэржүүлэх замаар үнэд нөлөөлөх нь үр дүнтэй, бодитой арга. Тиймээс өргөн хэрэглээний бараа, түүхий эдийн нийлүүлэлтийг нэмэгдүүлэх тал дээр анхаарч, гадаад зах зээлээс аль болох хараат бус болох арга замыг хайх шаардлагатай. Өөрөөр хэлбэл бараа бүтээгдэхүүн үйлдвэрлэдэг үйлдвэр, аж ахуйн нэгжүүдийг бодлогоор дэмжих юм бол хэрэглэгчдэд аливаа бараа бүтээгдэхүүн хямдхан болно. Үүнийг л хүмүүс сайн ойлгох хэрэгтэй.

-Танай шинэ хуулинд тендер, зар сурталчилгааны асуудлыг зохицуулахаар орсон байна лээ. Энэ яана гэсэн үг вэ?

Тендер буюу төрийн болон орон нутгийн хөрөнгийн өмчөөр бараа, ажил үйлчилгээ худалдан авах тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулж, тус хуулийн хэрэгжилтэнд хяналт тавих чиг үүргийг манайх хариуцахаар болсон. Тендертэй холбоотой өрсөлдөөний олон өргөдөл гомдлууд ирдэг байсан ч эрх зүйн хувьд хязгаарлагдмал байсан учраас шийдвэрлэх боломжгүй байсан юм. Энэ нь манайд ирснээр уг асуудлыг нэг мөр шийдвэрлэн тендерт зөвхөн шударга өрсөлдөөнийг бий болгож, төр хамгийн хямд өртөгтэй, чанартай, технологийн шинэ дэвшилтэт бүтээгдэхүүн, ажил үйлчилгээг сонгон авах нөхцөл бүрдэж байгаа юм. Мөн зар сурталчилгаанд хяналт тавих чиг үүргийг манай газар хэрэгжүүлэхээр болсон.

-Өнөөдөр үйлчилгээний байгууллагууд “Хэрэглэгч-Хаан” гэсэн мөртлөө үүнийгээ ерөөсөө хэрэгжүүлдэггүй байдал хаа сайгүй байдаг?

Бид хоёр л шаардлага тавьдаг. Өөрөөр хэлбэл та бүхэн зах зээлийнхээ дүрмээр шударга өрсөлдөөд яв, гэхдээ хэрэглэгчийн эрх ашгийг битгий хохироогоочоо  гэдэг. Үүнийг л хангасан үйл ажиллагаагаа явуулах юм бол заавал бид нар шалгаад  торгоод байх шаардлага байгүй шүү дээ. Ер нь зах зээлийн нийгмийн харилцааны нэг нь аж ахуйн нэгж. Улсын хэмжээнд хүнсний бүтээгдэхүүний ихэнх хувийг хувийн хэвшлийнхэн үүрч явдаг. Тэд баялагийг бүтээгчид. Хувийн компаниуд өөрсдийнхөө ашгийн төлөө, баяжихийн төлөө ажилладаг. Үүнийг нь буруутгах арга байхгүй. Гэхдээ хамгийн гол нь өөрийнх нь бараа бүтээгдэхүүнийг худалдан авч байгаа, өөрөөр нь үйлчлүүлж байгаа  хэрэглэгчийг хохироож болохгүй гэдгийг хатуу анхаарч л ажиллах хэрэгтэй.

-Өнөөдөр танай хяналт шалгалтын систем төгс ажиллаж байгаа юу, эсвэл...?

-Улсын хэмжээнд маш олон аж ахуйн нэгж байна. Тэр болгонд хүрч ажиллаж чадахгүй байгаа. Ажил хийхгүй гэсэн хүнд шалтаг тоочоод байвал мундахгүй гарч ирэх байх. Гэхдээ манай байгууллагын хувьд байгаа боломж бололцоондоо тулгуурлаад иргэдийн гомдол, шударга өрсөлдөөнийг нийгэмд төлөвшүүлэхийн төлөө ажиллаж байна. Одоогийн байдлаар голчлон иргэдийн мэдээллийн дагуу хяналт шалгалтын үйл ажиллагаа явуулж байна.

-Ер нь судалгаа хийгээд ажиглаж байхад хэрэглэгчдийн эрх ашиг аль салбар дээр илүү их хохирч байна вэ?

-Манай улсын хувьд хүнсний аюулгүй байдал байнга л яригддаг. Хүний №1-ын хэрэглээ болох хүнсний хэрэглээ зөв, аюулгүй байх ёстой. Үүнийг дагаад хүн амын эрүүл мэнд амь нас, цаашлаад улс орны эдийн засгийн хараат бус байдал гээд олон зүйл яригддаг.Өнгөрсөн жил бид давсны асуудлаар хяналт шалгалт явуулсан. Одоо мах, бусад өргөн хэрэглээний хүнсний асуудлаар хяналт шалгалт явуулж байна. Махны чиглэлээр АНУ-ын Хөгжлийн агентлагтай хамтарсан судалгаа явуулж байгаа. Гэхдээ яаран арга хэмжээ авахаасаа өмнө зах зээлээ судлах ёстой. Байдал ямар байгаа вэ, эрэлт нийлүүлэлт нь хэр байна, үнэ нь зохиомол юм уу,  давамгай байдалтай аж ахуй нэгжүүд байна уу, ченжүүд давамгайлаад үнэ тогтоогоод байна уу гэдгийг  шинжлэх ухааны үндэслэлтэй тогтоох ёстой. Тэгэхгүйгээгээр ченжүүд ингэж үнэ тогтоогоод байна гэдэг ч юмуу,  сэтгэлийн хөдөлгөөнөөр асуудалд хандаж  болохгүй. Аливаа төрийн бодлого заавал судалгаа зөвлөгөөний үндсэн дээр гаргах ёстой. Ялангуяа эдийн засгийн зохицуулалтыг судалгааны үндсэн дээр анхаарч  арга хэмжээ авахгүй бол төвөгтэй нөхцөл байдал үүсдэг. Ер нь төрөөс оролцоно гэдэг нь горимоороо явж байгаа зах зээлд  хуруу дүрж байна гэсэн үг. Тиймээс хуруу дүрэхдээ маш болгоомжтой байх ёстой. Тэгэхгүй бол зарим зохицуулалт дараа нь сөргөөр нөлөөлөх магадлал өндөр байдаг.

Хэдхэн хоногийн дараа наадам болох гэж байна. Яг энэ үеэр нөгөө хориотой зар сурталчилгаа маш их гардаг. Энэ эрх үүргийг зохицуулдаг байгууллага танайх болсон. Энэ талаар юу хийх гэж байна?

Манай чиг үүрэг дээр тендер буюу төрийн болон орон нутгийн хөрөнгийн өмчөөр бараа, ажил үйлчилгээ худалдан авах, мөн хэрэглэгчдийг төөрөгдүүлсэн зар сурталчилгааны  тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулж, тус хуулийн хэрэгжилтэнд хяналт тавих чиг үүргийг манайх хариуцахаар болсон. Тендертэй холбоотой өрсөлдөөний олон өргөдөл гомдлууд ирдэг байсан ч эрх зүйн хувьд хязгаарлагдмал байсан учраас шийдвэрлэх боломжгүй байсан юм. Энэ нь манайд ирснээр уг асуудлыг нэг мөр шийдвэрлэн тендерт зөвхөн шударга өрсөлдөөнийг бий болгож, төр хамгийн хямд өртөгтэй, чанартай, технологийн шинэ дэвшилтэт бүтээгдэхүүн, ажил үйлчилгээг сонгон авах нөхцөл бүрдэж байгаа юм. Мөн зар сурталчилгаанд хяналт тавих чиг үүргийг манай газар хэрэгжүүлэхээр болсон.

-Ярилцсанд баярлалаа

 

0ЭКСПЕРТсэтгэгдэл
Сэтгэгдэл оруулахын тулд та хэрэглэгчийн эрхээр нэвтэрнэ үү.
Экспертүүдийн сэтгэгдэл
Одоогоор сэтгэгдэл нэмэгдээгүй байна.