ТТБЗ: Төсвийн зарлагын хэт тэлэлт нь төрийн эдийн засаг дахь оролцоог нэмэгдүүлнэ
Хамтарсан Засгийн газар үйл ажиллагааны мөрийн хөтөлбөрийнхөө араас 2024 оны төсөвт тодотгол хийх хуулийн төслүүдийг өргөн барьсан. Ээлжит бус чуулганаар Засгийн газрын үйл ажиллагааны мөрийн хөтөлбөр, 2024 оны төсвийн тодотголыг яаралтай горимоор хэлэлцэж буй.
Тэгвэл Хамтарсан Засгийн газрын өргөн барьсан 2024 оны төсөв орлого, зарлагаа хэт өсгөсөн, олон эрсдэл дагуулах төсөв болж байгааг зарим эдийн засагчид илэрхийлж байна. Тухайлбал, 2024 оны батлагдсан төсвөөс орлогоо 2.9 их наядаар, зарлагаа 3.1 их наядаар, урсгал зардлаа 1.2 их наядаар, хөрөнгийн зардлаа 1.7 их наяд төгрөгөөр тодотголд тусгажээ.
Энэ хүрээнд 2024, 2025, 2026 оны Төсвийн хүрээний мэдэгдлүүдэд өөрчлөлт оруулахын тулд Төсвийн тогтвортой байдлын суурь шаардлагуудад өөрчлөлт оруулах хуулийн төслийг хамт өргөн мэдүүлсэн юм. Тэгвэл Хамтарсан Засгийн газрын өргөн мэдүүлсэн 2024 оны төсвийн тодотгол болон хамт өргөн мэдүүлсэн төслүүд нь бодлогын хувьд хэт тэлэлтийг дэмжсэн, төсвийн тусгай шаардлагын хэрэгжилтийг сулруулсан өөрчлөлт болно гэж Төсвийн тогтвортой байдлын зөвлөлөөс сануулжээ.
Тус зөвлөлөөс:
Хөгжлийн төлөө гэх нэрийн дор Төсвийн тогтвортой байдлын тухай хууль болон батлагдсан Төсвийн хүрээний мэдэгдлийг өөрчлөх нь дараах сөрөг нөлөөллийг бий болгох эрсдэл дагуулж байна. Үүнд:
Макро эдийн засгийн бодлогын хувьд төсвийн зарлагын ДНБ-д эзлэх хувь хэмжээг өсгөж, төрийн эдийн засаг дахь оролцоог нэмэгдүүлэхээр байгаа нь хувийн хэвшлийг дэмжих, эдийн засгийн суурийг тэлэх боломжийг хязгаарлаж байна.
Мөн Төсвийн тухай хуулийн үндсэн зарчим буюу төсөв тогтвортой байх ёстой гэсэн зарчмыг хэрхэн биелүүлж байгаа нь тодорхойгүй байна.
Төсвийн гол үзүүлэлтүүд болох орлого, зарлага, алдагдлыг хэт өссөн байдлаар төлөвлөх боломж бүрдүүлсэн байна.
Улмаар төсвийн зарлагыг тэлэх нөхцөл бүрдүүлж, төсвийн зарлагын хэмжээ 2024 онд 3.1 их наяд, 2025 онд 3.6 их наяд, 2026 онд 4.9 наяд төгрөгөөр өсөж гурван жилийн хугацаанд нийт 11.6 их наяд төгрөгөөр өсөхөөр байна.
Дүгнэлт
Засгийн газрын бүтэц бүрэлдэхүүний өөрчлөлттэй холбоотойгоор тодорхой төсвийн тодотголыг хязгаарлагдмал хүрээнд хийж болох боловч өргөн барьсан төсөл нь төсвийн дунд хугацааны бодлогын баримт бичиг, төсвийн тогтвортой байдлын эрх зүйн орчин, төсвийн бодлогын томоохон өөрчлөлтийг агуулсан байна. Иймээс
а) Хөгжлийн бодлого төлөвлөлтийн тухай хуулийн дагуу өмнө баталсан хөгжлийн бодлогын баримт бичигтэй нийцүүлэх шаардлагатай,
б) Төсвийн тогтвортой байдлын гол үндэс болсон төсвийн тусгай шаардлагын агуулга, хэрэгжилтэд сөрөг нөлөө үзүүлж төсвийн тогтвортой байдлыг алдагдуулах магадлалтай,
в) Төсвийн тэлэлт, алдагдал нэмэгдэх боломжийг нээж төсвийн эрсдэлийг нэмэгдүүлэх сөрөг нөлөөтэй хэмээн үзэж байна.
Монгол Улсын эдийн засгийн өсөлтийг хангахад төсвийн тогтвортой байдал амин чухал зүйл бөгөөд Засгийн газраас боловсруулж УИХ-д өргөн мэдүүлсэн Төсвийн тогтвортой байдлын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай энэхүү хуулийн төсөл нь олон улсын банк, санхүүгийн байгууллагуудын гаргасан төсвийн төлөвлөлтийг боловсруулах аргачлал болон дэлхийн бусад орны шинэчлэлтийн чиг хандлагаас өөр, суурь судалгаагүй боловсруулагдсан байна. Иймд
Төсвийн шинэчлэлтийг эрх зүйн орчинд шинээр бий болгохын өмнө эрх зүйн орчин болон макро эдийн эдийн засаг, төсвийн тогтвортой байдалд үүсэх эерэг, сөрөг үр дагаврын талаар тооцоо, судалгаа бүхий үндэслэлтэй суурь судалгааг хийх нь зүйтэй юм.
Зөвлөмж
-2010 онд батлагдсан Төсвийн тогтвортой байдлын тухай хуульд 17 удаа нэмэлт өөрчлөлт оруулсан бөгөөд тэднээс гурван удаад нь төсвийг эрсдэлээс хамгаалах гол хэрэгсэл болоx тусгай шаардлагуудыг хөндөж, төсвийг эрсдэлд оруулж болзошгүй байгаа тул Төсвийн тогтвортой байдлын тухай хуулийг хөндөхгүй байх;
-Урсгал тэнцэл ДНБ-ийн 2 хувиас доошгүй ашигтай байх гэсэн заалтыг төсвийн тусгай шаардлагад оруулахгүйгээр өмнө төсвийн тэнцвэржүүлсэн тэнцэл гэсэн хэвээр үлдээх;
-Урсгал зардлын дотоодын нийт бүтээгдэхүүнд эзлэх харьцаа 30 хувиас хэтрэхгүй байх гэсэн заалт нь суурь зарлага гэдэгтэй зөрчилдөж байгаа тул ач холбогдолгүй бөгөөд төсвийн тусгай шаардлагын үндсэн агуулгыг алдагдуулж байгаа тул нийт зарлага, цэвэр зээлийг ДНБ-д харьцуулсан харьцааг хэвээр хадгалах;
-Төсвийн нийт зарлага ба цэвэр зээлийн дүнд хөрөнгө оруулалтын зардлыг хасаж тооцож байгаа нь төсвийн нийт тэнцлийг дутуу тооцож, төсвийн тогтвортой байдалд учрах эрсдэлийг нэмэгдүүлж, төсвийн нийт зардал ДНБ-д харьцуулах хувь хэмжээ, Засгийн газрын өр ДНБ-д эзлэх хувь хэмжээ өсөх нөхцөлийг бий болгож байгааг анхаарах;
-Төсвийн тогтвортой байдлын зөвлөл, олон улсын банк санхүүгийн байгууллагууд болон судлаачдын сануулсаар ирсэн өрийг өнөөгийн үнэ цэнд шилжүүлдэг муу жишгийг өөрчлөхийг хэлэлцэн дэмжих;
-Дунд хугацааны төсвийн хүрээний мэдэгдлийн үзүүлэлтээс “Нэгдсэн төсвийн хөрөнгийн зардлын хэмжээ, түүний ДНБ-д эзлэх хувь” гэсэн үзүүлэлтийг хасаж, “нэгдсэн төсвийн суурь тэнцэл” гэх үзүүлэлтээр солих нь агуулгыг сулруулж байгааг анхаарах;
-Суурь зарлага, суурь тэнцэл гэх нэр томьёог хэрэглэх нь төсвийн тусгай шаардлагыг мөрдсөн мэт харагдуулах ч сөрөг үр дагавар ихтэй тул эдгээр нэр томьёог хэрэглэхгүй байх;
Хөгжлийн хөрөнгө оруулалт, хөгжлийн санхүүжилтийг төсвийн эрсдэлийг нэмэгдүүлэхгүй байдлаар шийдвэрлэх сайн жишгүүд буюу Норвеги, Чили, Энэтхэг болон Сингапур улсуудыг судлахын зэрэгцээ хөгжлийн санхүүжилтэд шинжлэх ухааны үндэслэлтэй хандан урт хугацаанд Монгол Улсыг тогтвортой хөгжүүлэхийг зорилт болгон сайтар судлан холбогдох хуульд өөрчлөлт оруулаx зэрэг болно гэж зөвлөсөн байна.
Эргэн сануулахад, өнгөрсөн хавар Төсвийн тогтвортой байдлын зөвлөлийн шинэ гишүүдийг томилсон бөгөөд даргаар нь эдийн засагч Н.Энхбаяр ажиллаж байгаа юм. Энэхүү зөвлөл нь дунд хугацааны төсвийн хүрээний мэдэгдэл болон төсвийн төслийг УИХ-аар хэлэлцэх үед шаардлагатай мэргэжлийн зөвлөмж, дүгнэлтийг гаргах чиг үүргийг хэрэгжүүлж ажилладаг билээ.